Иргэдийг өдрийн 56 мянган төгрөгөөр цалинжуулж, шүлхийн вакцинд дайчилж байна
Шүлхий өвчинтэй тэмцэх вакцинжуулалтын аян эхлээд дөрөв хонож буй. Шүлхий нь богино хугацаанд өргөн хүрээг хамран тархаж, тэмээ, үхэр, сарлаг, хонь, ямаа, гахай, буга, зээр зэрэг салаа туурайтныг өвчлүүлдэг вирусын гаралтай гоц халдварт өвчин юм. Тус өвчин халдварлахдаа өвчтэй болон өвчлөөд эдгэрсэн мал, амьтан, тэдгээрийн нус, шүлс, шээс, баас, сүү, үрийн шингэнээр гадагшилсан вирусээр бохирлогдсон уяа, зогсоол, хашаа саравч, өтөг, бууц, ус, тэжээл, бэлчээр,зэргээр дамжин халдварладаг байна. Мөн чийглэг, бүрхэг, хүйтэн цаг агаартай үед шүлхийн вирус нь агаар дуслын замаар хол зайд халдварлах боломжтой аж. Одоогийн байдлаар дөрвөн аймагт шүлхийн эсрэг вакцинжуулалтын ажил эхлээд байна. Тодруулбал:
ЗАВХАН АЙМАГ: Бүх суманд дархлаажуулалтыг эхлүүлсэн. 24 сумын 116 багийн 12866 өрхийн 245200 толгой үхэр, 144 толгой гахайг шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулахаар 60 ажлын хэсэг ажиллаж байна.
АРХАНГАЙ АЙМАГ: 19 суманд 70 ажлын хэсэг 326 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Мөн АОК-оос шүлхийн дархлаажуулалтын ажлыг удирдан чиглүүлэх, хяналт тавих үүрэг бүхий 9 ажлын хэсгийг байгуулжээ.
ДАРХАН-УУЛ АЙМАГ: Дархлаажуулалтын аяны хүрээнд 15 ажлын хэсэгт 82 хүн ажиллаж байна. Үүнд малын эмч 15, Хөдөлмөр халамж үйлчилгээний газраас туслах ажилтан 52 хүнийг өдрийн 56.000 төгрөгөөр цалинжуулан ажиллаж байна. Нийт 50900 үхэр, 3864 гахай урьдчилан сэргийлэх дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.
СЭЛЭНГЭ АЙМАГ: Аймгийн Онцгой комиссын өргөтгөсөн шуурхай хуралдааныг зарлан хуралдуулж шүлхий өвчнөөс урьдчилан сэргийлэх дархлаажуулалтын явц, нөхцөл байдлын мэдээлэлтэй танилцан цаашид салбар хоорондын уялдаа холбоог сайтар ханган дархлаажуулалтыг богино хугацаанд үр дүнтэй хийж гүйцэтгэх үүрэг чиглэл өгч хамтран ажиллана.
Д.МӨНХБАТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.