Ярилцлага

Ц.Идэрмөнх: Олон улсын “SWIFT” системд холбох үйлчилгээг Монголдоо анх удаа нэвтрүүллээ

Орон, орны 11 мянган банк, санхүүгийн байгууллагын гүйлгээ дамждаг олон улсын төлбөр тооцооны “SWIFT” систем гэж бий. Манай томоохон арилжааны банк тэргүүтэй санхүүгийн салбарын байгууллагууд тус системтэй холбогдох үйлчилгээг гадаадын орнуудаас авч, ашигладаг байв.

Харин одооноос дотоодын компанийнхаа санал болгож буй үйлчилгээг  ашиглан,  “SWIFT” системд холбогдох боломж нээгджээ. Энэ талаар “Мобинет” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын орлогч Ц.Идэрмөнхтэй ярилцлаа.


“SWIFT” СИСТЕМД ХОЛБОГДОХОД МЭДЭЭЛЛИЙН ӨНДӨР НУУЦЛАЛ БҮХИЙ ҮЙЛЧИЛГЭЭ ХЭРЭГТЭЙ

-“SWIFT” системд холбох үйлчилгээг Монголд анх удаа “Мобинет” ХХК нэвтрүүлж байгаа юм байна. Тус үйлчилгээний онцлог юу вэ?

-Зарим уншигч маань олон улсын төлбөр тооцооны “SWIFT” системийн талаар ойлголт, мэдээлэлтэй байгаа байх. Энэ бол дэлхийн 200 гаруй орны 11 мянга гаруй банк санхүүгийн байгууллага, 1000 гаруй корпорацуудын холбогдсон хамгийн том сүлжээтэй систем юм.

Харин “SWIFT” системд холбогдохын тулд тухайн сүлжээнд холбогдох найдвартай үйлчилгээг авах шаардлагатай болдог. Энгийн сүлжээ технологиор, интернэтээр дамжуулж холбогдох боломжгүй байдаг онцлогтой. Улс хооронд хийгдэж буй маш өндөр дүнтэй гүйлгээний асуудал учраас мэдээллийн аюулгүй байдлаас эхлээд олон чиглэлд найдвартай, хариуцлагатай үйлчилгээг авах шаардлагатай.

Манай групп компанийн хувьд хоёр хөрш оронтойгоо шилэн кабелиар холбогдсон байдаг. Энэ шилэн кабелийн дэд бүтэцдээ тулгуурлаж,  “SWIFT” системд мэдээллийн өндөр нууцлалтай холбох зөвшөөрлийг албан ёсоор аваад байгаа юм.

Ингэснээр энэ салбарын ямар ч байгууллага манай үйлчилгээг авч, “SWIFT” системтэй холбогдох боломжтой болж буй. Монголд анх удаа, албан ёсны эрхтэйгээр нэвтрүүлээд байна.

-Одоогийн байдлаар Монголын арилжааны банкууд болон бусад байгууллагууд "SWIFT" системтэй яаж холбогдож байгаа нь анхаарал татлаа?

-Банкууд маань гадаадын үйлчилгээ үзүүлэгчээр дамжуулан энэ үйлчилгээг авдаг байсан. Гадаадаас үйлчилгээ авах нь газар зүй, цагийн зөрүү зэргээс шалтгаалаад инженер техникийн тусламж үйлчилгээ авахад асуудалтай. Харин одоо дотоодын компанийнхаа албан ёсны зөвшөөрөлтэй холболтын үйлчилгээг ашиглах боломж нээгдэж байгаа юм.

-Та сая хэллээ, мэдээллийн аюулгүй байдал чухал асуудлуудын нэг болдог гэж. Танай холболтын үйлчилгээ энэ тал дээр ямар давуу талтай вэ. Ямар стандартыг баримталж, энэ үйлчилгээг нэвтрүүлж байгаа юм бол?

-“Мобинет” ХХК-ийн хувьд ISO:27001:2005 гэсэн мэдээллийн аюулгүй байдлын стандартыг хангаж ажилладаг. Энэ чиглэлд өндөр стандартыг хангаж ажилладаг гэж ойлгож болно.

Нөгөө талаар, цаг, минут тутамд олон тэрбум ам.долларын гүйлгээ дамжин хийгддэг дэлхийн томоохон “SWIFT” систем стандартын шаардлага хангасан мэдээлэл, технологийн байгууллагад албан ёсны зөвшөөрөл өгдөг. Үүнийг итгэлийн чухал үзүүлэлт гэж харах боломжтой.

Мөн ташрамд дурдахад, сүүлийн үед байгууллагууд дотоод үйл ажиллагаагаа олон улсын Cloud үйлчилгээнд суурилан явуулдаг болсон. Ихэвчлэн энгийн интернэт орчинд санал болгодог нээлттэй холболтоор үйлчилгээ авч ашиглаад байдаг. Энэ нь бас л эрсдэл дагуулж байдгийг манай компаниуд одоохондоо ойлгохгүй байгаа юм. МобиНет нь интернет холболтын чанарын доголдлоос үл хамаарсан, зөвхөн тухайн Cloud үйлчилгээнд, зөвхөн танай дотоод сүлжээнээс шууд холбогдох боломжийг бүрдүүлсэн Direct Cloud Connection үйлчилгээг бас үзүүлж байна

-Албан ёсны зөвшөөрөл авах хэлцэл хэзээнээс эхэлж хийгдсэн бэ?

-Сүүлийн жил орчмын хугацаанд энэ чиглэлд уулзалт, хэлцлүүдийг хийсээр оны өмнөхөн гэрээгээ байгуулж зөвшөөрлөө авсан. Одоо уг үйлчилгээг хэрэглэгчдэдээ санал болгоход бүрэн бэлэн болсон байгаа.

2021 ОНД МАНАЙ ИНЖЕНЕР, МЭРГЭЖИЛТНҮҮД ОЛОН УЛСАД ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨГДСӨН 80 МЭРГЭЖЛИЙН СЕРТИФИКАТ АВСАН

-Тус үйлчилгээг нэвтрүүлэхэд бэлтгэх хүрээнд технологийн хувьд зузаатгал хийсэн үү. Эсвэл өөрсдийн суурь хангамжид суурилсан уу?

-Технологийн хувьд, одоо байгаа олон улсын стандартын шаардлага хангасан нөөцдөө суурилсан. Олон улсын хэмжээний үйлчилгээ үзүүлэх нь найдвартай дата төв, нөөц харилцан холболтууд, өндөр түвшний дэд бүтцэд ашиглагдах сүлжээний тоног төхөөрөмжүүд гээд нэг удаа хөрөнгө оруулаад, богинохон хугацаанд хийх ажил биш юм. Эдгээр технологийн сайжруулалтууд урт хугацааны, нарийн төлөвлөлтийн үр дүнд бий болдог.

-Бидний ярилцлагад дурдагдсанчлан, одоогоор манай зарим компаниуд гадаадын орноос энэ үйлчилгээг авч ашиглаж байгаа. Үүнээс “Мобинет”-ийн үйлчилгээ ямар давуу талтай вэ. Өртөг буурах уу?

-Монголдоо үйл ажиллагаа явуулж буй компаниас уг үйлчилгээг авах нь олон талаар ашигтай. Монгол инженерүүдтэй харилцаж, монгол компаниас үйлчилгээ авна гэдэг цөөнгүй давуу талтай. Мөн үйлчилгээний өртөг, зардал багасаж буй.

Нэмж ярихад, мэдээлэл, харилцаа холбооны өндөр технологийг нэвтрүүлэхэд инженерүүдийн мэдлэг боловсрол, ур чадвар чухал үүрэгтэй. 2021 онд манай инженер, мэргэжилтнүүд олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн 80 мэргэжлийн сертификат авсан.

-Үүнийг онцлох мэдээлэл гэж харлаа. Өөр онцлох сэдвүүд бий юу?

-Ирэх тавдугаар сард бид “Microsoft” компанийн “Azure Stack Hub” үйлчилгээг Монголд анх удаа нэвтрүүлэх гэж байна. Өмнө нь манай улсын ААН-үүд ийм төрлийн томоохон Cloud үйлчилгээг авахын тулд өндөр төлбөр төлөх, дата-аа гадаадад байршуулах зэрэг шаардлагатай тулгардаг байсан.

Харин одоо манай групп компанийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, Монголд ганц байх олон улсын Tier 3 стандартын дата төвдөө тулгуурлан, энэ үйлчилгээг албан ёсны эрхтэйгээр ашиглах боломжтой болж буй нь онцлог.

Бидний хувьд мэдээлэл, харилцаа холбооны салбар дахь бүх төрлийн үйлчилгээг Монголынхоо компаниас, албан ёсны эрхтэйгээр авах боломжийг бий болгохын төлөө зорьж, ажиллаж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

М. Тэнгис

Олон улсын харилцааны мэргэжилтэй, сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Нийгэм, улс төрийн сэдвээс гадна дүрслэх урлагийн шүүмж, ярилцлага бэлтгэдэг. Eguur.mn сайтын Ерөнхий редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button