Өнөөдөр “Дэлхийн нойрны өдөр”

Жил бүрийн гуравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн баасан гарагт Дэлхийн нойрны өдөр тохиодог. Өнөө жилийнх өнөөдөр тохиож байна.
Эл өдрийг анх 2008 оны гуравдугаар дугаар сарын 14-нд “Бөх унтаж, цовоо амьдар” уриатайгаар тэмдэглэж эхлүүлжээ. Ингэхдээ Дэлхийн нойрны өдрийг тохиолдуулан нойрны эмгэгтэй холбоотой асуудалд нийгмийн анхаарлыг хандуулахыг зорьжээ. Түүнчлэн энэ эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчлэх замаар тус эмгэгийн нийгмийн эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг бууруулахыг зорьдог аж. Энэ өдөр эрүүл, бүтэн нойр авахыг уриалсан нийгмийн зар сурталчилгаануудыг идэвхтэй явуулж, нойр нь хувь хүн, нийгмийн амьдралд ямар нөлөө үзүүлдэг талаар бага хурлууд зохион байгуулдаг байна.
Сонирхуулахад, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мэдээлснээр насанд хүрсэн хүн өдөрт 6-8 цаг унтах ёстой байдаг аж. Нойр дутмаг байх нь хүний бие дэх хөгшрөлтийн механизмыг хурдасгадаг. Түүнчлэн архаг нойрны дутагдалтай байх нь хүний тархины үйл ажиллагаанд хортой нөлөө үзүүлдэг байна. Нэг л өдөр нойргүй явснаар тархинд сэтгэцийн өөрчлөлтөд хүргэх химийн процесс явагдаж эхэлдэг байна. Хоёр өдөр нойргүй явснаар дааварт өөрчлөлт орж, хүний тархин дахь мэдрэлийн холбоосууд гэмтдэг бол гурав болон түүнээс дээш өдөр нойргүй явснаар тархины эсүүд гэмтэж, дотор эрхтнүүд тэр дундаа зүрхэнд өгөх ачаалал нэмэгддэг байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.