В.Путин: Украины эсрэг довтолгоо бүтэлгүйтэж байгаа

Украины Ерөнхийлөгч Володимир Зеленський өнгөрсөн долоо хоногийн сүүлээр “Сөрөг довтолгоо, хамгаалалтын ажиллагаа явагдаж байна” гэж хэлж Барууны орнуудын удаан хугацааны турш хүлээгээд байсан эсрэг довтолгоо эхэлсэн гэдгийг зарласан. Ингэж мэдэгдэл хийснээс нэг өдрийн дараа Украины армийн 68-р бригадын цэргүүд Донецк мужид оршдог Благодатне тосгоныг чөлөөлсөн хэмээн тус улсын зэвсэгт хүчний хэвлэлийн төлөөлөгчдийн нэг Валерий Шершен хэлсэн.
Мөн фронттой ойролцоо байрладаг Лобков, Левадне,Велика Новосилка, Сторожев, Макаривкатосгонуудыг чөлөөлж хамгийн сүүлд Нескучне тосгоныг Украины цэргүүд буцааж авсан гэдгийг мягмар (2023.06.13) гарагт “Reuters” агентлагийн сэтгүүлчид биеэр очиж баталгаажуулсан юм. Украины Батлан хамгаалахын дэд сайд Анна Маляр цэргүүд Бахмут хот руу 200-500 метр, Запорожье руу 300-500 метр урагшилсан хэмээсэн.
Зеленьский Украины зүүн фронтод явагдаж буй эсрэг довтолгоо маш амжилттай явагдаж байгаа гэсэн бол Владимир Путин үүнийг үгүйсгээд байгаа юм. Одоогийн байдлаар ОХУ Украины зэвсэгт хүчин долоон тосгон чөлөөлсөн гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Путин Кремльд хуралдаж байхдаа “Тусгайлан бэлтгэсэн нөөц цэргүүдийг ашиглан явуулж буй томоохон эсрэг довтолгоо явагдаж байгаа. Тэд 160 гаруй танк алдсан, харин бид 54 танк алдсан. Гэхдээ зарим танкнуудыг засварлаж болно” гэжээ.
Мөн Путин эсрэг довтолгоонд Украины тал 10 дахин их хохирол амссан бөгөөд “Тэдний алдагдал гамшиг гэж хэлж болох хэмжээнд хүрэхэд ойртож байна” хэмээсэн юм. Хоёр тал дайны явцын талаар зөрсөн мэдээлэл хийж ирснээрээ дадаж эсрэг довтолгооны талаар ч мөн адил эсрэг тэсрэг зүйл ярьж байна. Эсрэг довтолгоо Киевээс мэдээлж байгаа шиг шулуун, ялгуусан биш гэж дүгнэх нь бодит байдалтай илүү дөхнө.
Эх сурвалж: BBC, Politico, The Guardian
Б.БУЯНДОРЖ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гарчиг, агуулга хоёр чинь зөрөөд байна.нийтлэх гэж байгаа зүйлээ уншдаггүй юмуу эсвэл ойлгодоггүй юмуу
Зөнөг хүүр үхээсэй