Ё.Баатарбилэгийг яллавал шууд баривчилж, дараа нь УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлэх үү
Хөгжлийн банкны гэх хэргийн шүүх хурал эрүүгийн хариуцлагаар өчигдөр үргэлжиллээ.
Энэ үеэр гэм буруутай гэж үзсэн 32 хүн, дөрвөн хуулийн этгээдэд төлөвлөсөн ялын саналаа прокурор уншиж танилцуулсан. УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгт нийтийн албанд томилогдох эрхийг таван жилээр хасах, зургаан жил хорих ял төлөвлөжээ.
Өнөөдөр шүүх хурал үргэлжилнэ. Үүгээр прокурорын саналыг шүүх бүрэлдэхүүн хэлэлцэж, тэр дагуу ял оноох эсэхийг шийдвэрлэх юм.
Эргэн сануулахад, Ё.Баатарбилэгийг Эрүүгийн хуулийн 22.4.2 болон 22.10.2 гэсэн зүйл ангиудаар ялласан.
22.4.2 нийтийн албан тушаалтан хахууль авах: Нийтийн албанд ажиллах эрхийг таван жилээс найман жил хүртэл хугацаагаар хасаж 5-12 жил хүртэл хугацаагаар хорих.
22.10.2 үндэслэлгүйгээр хөрөнгөжих: үндэслэлгүйгээр нэмэгдсэн хөрөнгө, орлогыг хурааж нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж 2-8 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 2-8 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Түүнийг авлига авсан, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх үндэслэлээр шалгасан ба найзын харилцаатай “НВЦ” ХХК-ийн захирал Ц.Баатарбилэгийг Хөгжлийн банкнаас зээл авахад зээл авахад нь дэмжлэг үзүүлсэн гэж буруутгагдсан юм.
Сар гаруй үргэлжилсэн Хөгжлийн банкны гэх хэргийн гэм буруугийн шүүх хурлаар 80 шүүгдэгчээс 48-ыг нь гэм буруугүй, 32-ыг нь гэм буруутай хэмээн шийдвэрлэсэн юм. Гэм буруутайд тооцсон 32 шүүгдэгчид нэг л улстөрч багтсан нь УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг юм.
Тэгвэл, УИХ-ын гишүүний бүрэн эрх нь хэрхэх вэ гэдэг асуудал тулгарч байна.
Нэгдүгээрт, Ё.Баатарбилэг давж заалтах шатны шүүхэд хандвал түүнийг цагдан хорихгүй.
Хоёрдугаарт, хэрэв шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрвөл хуралдааны дараа түүнийг шууд баривчлах хуультай.
Харин УИХ-ын тухай хуулийн:
9.1.1.гэмт үйлдлийнх нь явцад, эсхүл гэмт хэргийн газарт нотлох баримттай нь баривчилж, улмаар бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх тухай саналыг Улсын ерөнхий прокурор Улсын Их Хуралд оруулсан;
9.1.2.гишүүнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн бөгөөд Улсын ерөнхий прокурор түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх тухай саналыг Улсын Их Хуралд оруулсан тохиолдолдолд гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлнэ гэж заажээ.
9.1.1 дагуу бол нотлох баримтын дагуу баривчлагдсан бол УЕП-оос санал оруулах нь. 9.1.2 дагуу бол эрүүгийн хэрэг үүссэн нөхцөлд УЕП мөн санал оруулах боломжтой болох юм байна.
Хэдийгээр шүүхийн шийдвэрийн дараа Ё.Баатарбилэгийг баривчлах ч, энэ нь дээр дурдсан "Гэмт үйлдлийн явцад юм уу хэргийн газарт" биш уг хуулийн зохицуулалт үйлчлэх эсэх нь анхаарал татна. Түүнд эрүүгийн хэрэг үүсээд удсан ч УЕП-оос санал оруулаагүй байгаа.
Иймд Ё.Баатарбилэгийн бүрэн эрхийн асуудал юу юугүй хөндөгдөж эхлэхээргүй харагдаж байна.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.