Эквадор улсын ерөнхийлөгчийн сонгууль ням гарагт болно

Эквадор бол дэлхийн хамгийн том гадил жимс экспортлогч орон юм. Учир нь гадил жимсний хайрцаг нь Эквадорын боомтуудаас эхлээд Европ, цаашлаад хар тамхины картелуудын дунд кокаин тээвэрлэх нэгэн хэлбэр болдог аж.
Мексик, Колумбын картелууд Эквадор дахь орон нутгийн гэмт бүлэглэлүүд рүү шургаад зогсохгүй хар тамхины ашигтай маршрутын төлөө өрсөлдөж байна. Нэгэн цагт Өмнөд Америкийн хамгийн тайван улсуудын нэг байсан Эквадор улс ковидод дарлуулж, авилгад идэгдсэнээр картелуудын гарт орсон гэдэг.
Энэ оны эхний зургаан сарын байдлаар тус улсад хүчирхийллийн улмаас 3568 хүн нас барсан гэж Үндэсний цагдаагийн газраас мэдээллээ. Энэ нь өнгөрсөн жилийнхээс 70 гаруй хувиар өссөн үзүүлэлт болж байгаа юм.
Ням гарагт Эквадор улсын ерөнхийлөгчийн сонгууль болох аж. Өмнөх долоо хоногт нэр дэвшигчдийн нэг Фернандо Вильявисенсио алагдсаны дараа хэн ялах нь олны анхаарлыг татаж буй.
Картелууд хар тамхи, мансууруулах бодисыг Эквадороос гаргахын тулд тус улсын хамгийн том боомт байрладаг Гуаякил хотыг сонгодог. Энэ нь байршлын хувьд давуу талтай тул тус улсын гэмт хэргийн голомт болжээ.
Энэ сонгууль Эквадорын ирээдүйд өөрчлөлт авчрах болов уу гэх хүлээлт, түгшүүр олны дунд бий болсон аж.
Эх сурвалж: BBC
Б.ХУЛАН








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.