Ерөнхий сайдын амласан хөгжлийн бэрхшээлтэй иргэний нэг квот
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ уржигдар /2023.09.04/ Ховд аймагт ажиллах үеэрээ Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвөөр орсон.
Энэ үеэрээ тэрбээр, "МАН УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлэх жагсаалтын эхний тавд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг багтаана" хэмээн мэдэгдсэн юм. Мөн улс төрийн бусад намуудад ч энэ агуулгыг уриалсан.
Намууд ахмад гишүүдээ, дарга нараа, нөлөөтэй эрхмүүдээ жагсаалтад оруулж гаргаж ирсэн нь манайдаа бараг жишиг болоод тогтчихсон. Жагсаалтаа одоо намууд, ялангуяа АН, МАН маш сайн дүрүүдээс бүрдүүлэхгүй л бол олон нийт шуудхан эсэргүүцлээ илэрхийлж, гудамд гарахаар байгаа.
Улс төрийн намууд жагсаалтаар сонгогдох эрэмбэдээ ЗӨВ ХҮМҮҮС оруулах тал дээр олон нийтэд хүлээлт үүсчихсэн ч гэж хэлж болно.
Ийм үед Ерөнхий сайдын энэ амлалт шинэ соргог сонсогдох нь ойлгомжтой.
Ирэх 2024 оны УИХ-ын сонгуулиар парламентын 126 гишүүний 78-ыг нь тойрогт нэр дэвшүүлж, үлдсэн 48 гишүүнийг нь улс төрийн намын жагсаалтаас тодруулах юм. Харин МАН болон АН-ын жагсаалтын эхний 15-20-д бичигдсэн хүмүүс УИХ-ын гишүүн болох боломжтой гэж үзэж буй.
Намын жагсаалтад багтсан эхний таван хүн ногоон гэрлээр УИХ-ын гишүүний зөөлөн суудалд тухална. Жагсаалтын эхний тавд хэнийг багтаах вэ гэдэг нь намын дарга нарын шийдэх асуудал. Тиймээс Ерөнхий сайд жагсаалтын тавын нэгийгээ хөгжлийн бэрхшээлтэй иргэнд өгөхөө ийн хамгийн түрүүнд амлав. Тэр хүн нь хэн байх вэ гэдэг нь цаг хугацааны асуудал болж байна.
У.УЯН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
төрөл мэргэжлийн хүмүүсийн төлөөлөл байх уу: эмч багш цэрэг цагдаа инженер малчин барилгачин г.м.