"Улсын хэмжээний 34 төв хүчирхийллийн хохирогчдоор дүүрэн байна"

Гэр Бүл, Хүүхэд, Залуучуудын Хөгжлийн Газар(ГБХЗХГ)-аас хүүхэд хамгааллын асуудлаар мэдээлэл хийлээ.
Улсын хэмжээнд ажиллаж буй түр хамгаалах 34 төв гэр бүлийн хүчирхийллийн хохирогчоор дүүрсэн байгаа бөгөөд хүчирхийллийн хохирогчдод хамгаалал, сэтгэлзүй болон хөгжлийн үйлчилгээ үзүүлдэг гэв.
Түүнчлэн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх нөлөөллийн ажлуудыг холбогдох салбарын байгууллагуудтай олон хэлбэрээр хамтран зохион байгуулдаг хэдий ч үр дүн нь олон нийтэд хүрэхэд бага байгаа аж.
Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгад сум, хороо болгон гэр бүл, хүүхэд хариуцсан нийгмийн ажилтантай байхаар тусгагдсан бөгөөд энэ намрын чуулганаар орохоор болжээ.
21 аймаг есөн дүүрэгт гэр бүл хариуцсан хэлтсүүд ажиллаж байгаа боловч мэргэжлийн нийгмийн үйлчилгээ үзүүлдэг боловсон хүчин дутагдалтай байгаа учир уг өөрчлөлтийг оруулахаар болсон байна. Хуулийн шинэчилсэн найруулга 2024 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлбэл хороо, сум бүрд хүүхэд хамгааллын үйл ажиллагааны чанар хүртээмж сайжирна гэж харж байгаа гэв.
Түүчнлэн Гэр бүлийн тухай хуулийн шинэчилсэн найруулга хууль зүйн яаман дээр санал аваад явж байгаа бөгөөд эцэг эхийг хариуцлагажуулах, гэр бүлийн олон хэлбэрийг хуулийн зохицуулалтаар гаргаж өгөх заалтуудыг оруулах саналыг нээлттэй авч байгаа аж.
Б.ХАШ-ИЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.