НИЙГЭМ

Э.Цэрэндолгор Н.Мөнгөншагайг гүтгэснийг шүүхээс тогтоожээ

“Монгол модель” агентлагийн загвар өмсөгч, “Mongolian next top model” шоуны шилдэг оролцогч Ч.Чамин-Эрдэнэ 2018 оны аравдугаар сарын 25-нд амиа алдсан хэрэг гарсан билээ. Эл хэрэгт Н.Номтойбаяр, Н.Цэлмүүн нарын дүү Н.Мөнгөншагайг буруутай гэх хардлага нийгэмд нэлээд хүчтэй яригдсан. Түүнтэй холбоотой мэдээллийг “Цэнхэр үст Цэрэн” гэгддэг иргэн Э.Цэрэндолгор өөрийн цахим хуудаснаа өнгөрсөн оны гуравдугаар сард нийтэлсэн байдаг.

Н.Мөнгөншагай Ч.Чамин-Эрдэнийн нас барсан хэрэгт холбогдолгүйгээ удаа дараа мэдэгдэн, нэр төрөө сэргээлгэхээр Э.Цэрэндолгорыг шүүхэд өгсөн юм.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2019.11.20/ болж, Н.Мөнгөншагайг буруугүй болохыг нь тогтоожээ.

Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлтэй, Э.Цэрэндолгорт холбогдох “Нэр төр сэргээлгэх, мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаахыг хариуцагчид даалгах” тухай иргэний хэргийг хянан хэлэлцэх шүүх хуралдаан 11.30 цагаас товлогдсон. Улмаар шүүхээс Иргэний хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2, 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2- т зааснаар Н.Мөнгөншагайгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэжээ.

Шүүхийн шийдвэрийн дагуу Н.Мөнгөншагай нь Ч.Чамин-Эрдэнийн хэрэгт холбогдолгүй гэж үзэж болох бөгөөд иргэн Э.Цэрэндолгор нь Иргэний хуулийн 21.2-т зааснаар “Иргэний нэр, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээ тараасан этгээд түүнийхээ үнэн зөвийг нотолж чадахгүй бол эрх нь зөрчигдсөн этгээдийн шаардлагаар уг мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл, эсхүл өөр хэлбэр, хэрэгслээр няцаах”, 497.1-т зааснаар “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах”, 511.-2т зааснаар “Эдийн бус гэм хорыг арилгах хэмжээг мэдээ тараасан арга хэрэгсэл, тарсан хүрээ, хохирогчийн сэтгэл санаанд учирсан үр дагавар зэргийг харгалзан нэхэмжлэгчийн шаардлагын хүрээнд мөнгөөр тооцож тогтоох бөгөөд мэдээ тараасан уг хэлбэр болон бусад аргаар няцаалт хийх” үүрэг хүлээж байна. 

Шүүх хуралдааны талаар Н.Мөнгөншагай, түүний эгч Н.Цэлмүүн, Э.Цэрэндолгор нар цахим хуудсандаа ингэж бичжээ.

Н.ГАН

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button