Нийслэл

Нийслэлийн 2020 оны төсвийг баталлаа

Нийслэлийн Иргэдийн Хурлын төлөөлөгчдийн ээлжит XXIX хуралдаан өнөөдөр үргэлжлүүлэн хуралдаж байна.  Хуралдаанаар “Нийслэлийн 2019 оны төсвийн хүлээгдэж буй гүйцэтгэл, нийслэлийн ИТХ-ын 2019 оны 26/23 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай, “нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай”, “Авто зам ашигласны төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн тогтоох тухай”, “Нийслэлийн 2019 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, 2020 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай”, “Нийслэлийн өмчөөс 2020 онд хувьчлах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт батлах тухай” зэрэг асуудлуудыг хэлэлцэж байна.

Дөнгөж сая Нийслэлийн 2020 оны төсвийг баталж, төсвийн 82 хувийг татвараас, 17 хувийг татварын бус орлогоос бүрдүүлэхээр заалаа. Тодруулбал, 2020 онд Зам ашигласны төлбөрийг тав дахин нэмэгдүүлж, 73.5 тэрбум төгрөг нийслэлийн төсөвт төвлөрүүлнэ.

2019 онд нийслэлийн төсөвт 1 их наяд 31,9 тэрбум  төгрөгийн орлого төвлөрөхөөр батлагдсанаас хүлээгдэж буй гүйцэтгэлээр нийт 986 тэрбум төгрөгийн орлого төвлөрч төсвийн орлогын төлөвлөгөө 45 тэрбум төгрөгөөр тасрах урьдчилсан төлөвлөгөө байна. Төсвийн орлого бүрдүүлэлтийг хот дүүргээр нь задалж урьдчилсан гүйцэтгэлийн тайланг мэдээлэв.

Нийслэлийн 2020 оны төсвийн төсөлд, 2020 оны хичээлийн жилд төрийн өмчийн  289 цэцэрлэгт 98.1 мянган хүүхэд, төрийн бус өмчийн 430 цэцэрлэгт 30.0 мянган хүүхэд суралцахаар тооцон, нийт 205.9 тэрбум төгрөгийн санхүүжилт батлагдсан. Энэ нь 2019 оны дундаж хүүхдийн тооноос 7.3 мянган хүүхэд буюу 6.1 хувийн санхүүжилтээс 51.2 тэрбум төгрөг буюу  33.1 хувиар тус тус нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Улс, нийслэл, гадаадын зээл, тусламжаар 2020 онд 44 цэцэрлэг, зургаан бага сургууль цэцэрлэгийн цогцолбор шинээр ашиглалтад орж, хүчин чадал 11.4 мянган хүүхдээр нэмэгдэхээр сургалтын үйл ажиллагааны зардлыг төсөвт тооцон тусгажээ. Мөн нийгмийн салбарт 2020 онд нийслэлийн төсвийн хөрөнгөөр 36 тэрбум 219.7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс боловсролын салбарт  23 тэрбум 45.0 сая төгрөгийн, эрүүл мэндийн салбарт 6 тэрбум 95.7 сая төгрөгийн, соёл урлаг, спортын салбарт 7 тэрбум 79 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус хэрэгжүүлэхээр төлөвлөсөн байна.

Т.САНТ

Таг

Холбоотой мэдээ

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button
Close