Нийгэм мэдээ

"Шинэ хархорум" хотын концепцыг хоёр хоногийн дараа шалгаруулна

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суурьшлын зохистой тогтолцоог бүрдүүлэх, хот, хөдөөгийн тэнцвэрт хөгжлийг хангах, түүх, соёл, аялал жуулчлалыг дэмжих зорилгоор Орхоны хөндийд "Шинэ Хархорум" хот байгуулах тухай 07 дугаар тогтоолыг Монгол Улсын Их Хурлаас 2023 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр баталсан.

Энэ хүрээнд “Шинэ Хархорум” төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтыг зарлаж, 8 улсын 36 багийн шилдэг бүтээлүүдийг олон нийтэд танилцуулж байна. Уг үзэсгэлэнд  Монгол Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан оролцлоо.

Тэрбээр Монгол Улсын Их Хурлаас "Шинэ Хархорум” хотыг байгуулах, их бүтээн байгуулалтын ажлыг бодит ажил хэрэг болгоход бүх талын дэмжлэг үзүүлэн ажиллах бөгөөд Улсын Их Хурлын даргын захирамжаар “Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтыг дэмжих ажлын хэсгийг байгуулсан талаар онцлов.
“Шинэ Хархорум” хотод олон улсын чанартай нисэх онгоцны буудал, Чойроос Мандалговь, Арвайхээр, Хархорум хотыг холбосон автозамын сүлжээ, Мөрөнгөөс Цэцэрлэг, Хархорум хотыг холбосон аялал жуулчлалын автозамын бүтээн байгуулалт хийгдэнэ. 

Мөн Улаанбаатар хотоос Хархорум хотыг холбосон төмөр зам тавигдахаар төлөвлөгдөж байна. Үр дүнд нь бүс нутгийн хөгжил, ялангуяа Говийн бүс, Хангайн бүс, Баруун бүс нутгийн иргэд, аж ахуй нэгжүүдийн үйл ажиллагаанд эрс өөрчлөлт, амьдралын чанарт томоохон ахиц дэвшил авч ирэх бөгөөд Монгол Улсын урт хугацааны хөгжлийн хөтөлбөр “Алсын хараа 2050” бүрэн хэрэгжихэд онцгой үүрэгтэйг УИХ-ын дарга Д.Амарбаясгалан тодотгов.

“Шинэ Хархорум” төлөвлөгөөний үзэл баримтлал /концепц/ боловсруулах олон улсын нээлттэй сонгон шалгаруулалтад шилдэг 5 багийн бүтээлийг наймдугаар сарын 1-ний өдөр эцэслэн шалгаруулна гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Хуучин
Шинэ Шилдэг
Inline Feedbacks
View all comments
ганаа
ганаа
7 сар 31, 2024 11:55

эхлээд дэд бүтэц,зам,дулаан,цахилгааны асуудлаа зөв шийдэх хэрэгтэй байх даа

Холбоотой мэдээ

Back to top button