Монгол Улсад төрийн айлчлал хийх Хань Жөн гэж хэн бэ
Маргааш /2024.09.06/ Монгол Улсын Засгийн газрын урилгаар БНХАУ-ын дэд дарга Хань Жөн хоёр өдрийн турш манай улсад айлчлахаар төлөвлөөд байна.
Тэрбээр, 2023 оны гуравдугаар сарын 10-ны өдрөөс Хятадын дэд даргаар ажиллаж эхэлсэн. Өдгөө 70 настай түүнийг ажлаа хүлээн авсных нь дараа тус улсын дотоодын хэвлэлүүдэд “Хань Жөн нь улс төрийн замнал нь эртнээс эхэлсэн, туршлагатай нэгэн” хэмээн онцолж байжээ.
Хань Жөн 1954 оны 4-р сард Жэжян мужийн Цыши гэх газар төрж, 1975 оны 12-р сард ажлын гараагаа эхэлж, 1979 оны 5-р сард Хятадын комунист намд элсчээ. Зүүн Хятадын Их Сургуулийн Олон улс судлалын дээд сургуулийн магистрант, Олон улсын харилцаа, дэлхийн эдийн засгийн чиглэлээр мэргэжил эзэмшсэн ахлах эдийн засагч мэргэжилтэй.
2003 онд Шанхай хотын даргаар 48 насандаа сонгогдож байсан нь 50 жилийн хугацаанд анх удаа хамгийн залуу хотын дарга болсон түүхтэй аж. Хотын даргаар ажиллаж байх хугацаандаа иргэдэд нээлттэй, ил тод, бүс нутгийн хөгжлийг дэмжиж ажиллаж байсан гэх иргэдийн эерэг хандлага нь түүний улс төрийн карьерт ч багагүй нөлөө үзүүлсэн байна.
Хятадын коммунист намд элссэн 1979 оноос түүний улс төрийн карьер эхэлж, түүнээс хойш тасралтгүй улс төрийн нөлөө бүхий албан тушаалд ажилласаар БНХАУ-ын дэд даргын үүрэгт ажлыг хүлээн авсан аж.
Ажлын замналаас нь сөхвөл,
- 1975-1980 оны хооронд Хятадын Коммунист Залуучуудын лигийн нарийн бичгийн даргын орлогчоор
- 1980-1982 оны хооронд Шанхайн химийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн компанийн захиргаанд
- 1988-1990 оны хооронд Хятадын Коммунист Намын (ХКН) нарийн бичгийн дарга
- 1990 оны 6 -р сард Хань Жөн албан есоор Хятадын Коммунист Залуучуудын лигийн Шанхайн хороонд орж, өдөр тутмын ажлыг хариуцсан нарийн бичгийн даргын орлогч
- 1991 онд нарийн бичгийн дарга
- 1992 оны 11-р сард Луван дүүргийн Засаг дарга, ХКН-ын нарийн бичгийн даргын орлогч
- 1995 оны 7-р сард Шанхай хотын Ардын Засгийн газрын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогчоор томилогдож энэ үеэрээ мөн Хотын эдийн засгийн бүх хэргийн ажлын хорооны ХКН-ын нарийн бичгийн даргын орлогч,
- 2002 онд болсон 16-р намын Их Хурлаар Хятадын Коммунист Намын Төв Хороонд элссэн
- 2003-2012 он хүртэл Шанхай хотын дарга
- 2012-2017 онд Хятадын Коммунист Намын улс төрийн товчооны Байнгын хорооны гишүүнээр
- 2017-2021 онд Хятадын комунист намын Төв хорооны гишүүнээр ажиллаж байх үедээ тэр Хятадын улс төрийн нөлөө бүхий хүмүүсийн нэг болж эхэлсэн байна.
- 2008-2023 онд БНХАУ-ын тэргүүн дэд даргаар
- 2018-2021 оны хооронд Ардын төлөөлөгчдийн их хурлын тэргүүлэгчдийн нэгдүгээр орлогч даргаар
- 2023 оны 3-р сараас БНХАУ-ын дэд даргаар
БНХАУ-ын дэд даргаар томилогдсоныхоо дараа хэд хэдэн дипломат үйл ажиллагаанд оролцсон бөгөөд 2023 оны тавдугаар сард III Чарльз болон Камилла нарын титэм өргөх ёслолд БНХАУ-ын ерөнхийлөгч Ши Жиньпиний тусгай төлөөлөгчөөр хүрэлцэн очиж байв.
Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 78-р чуулганы ерөнхий мэтгэлцээнд оролцож, үг хэлсэн бөгөөд энэ оны 5-р сард ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путиныг БНХАУ-ын Харбин хотод айлчлах үеэр мөн уулзаж Хятад-Оросын хамтарсан экспог нээсэн аж.
Хань Жөн нь БНХАУ-ын дэд даргаар томилогдсоноосоо хойш Монгол Улсад анхны айлчлалаа хийх гэж байна.
Ц.ТАМИР
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.