Д.Эрдэнэбат: УИХ-ын 26 мандат дээр зөвхөн нэг хүнийг сонгох нь маш харгис тулгалт

АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнбат өнөөдөр /2019.12.10/ цаг үеийн асуудлаар байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ. Тэрбээр, Соёлын өвүүд болсон барилгуудыг хүч түрэн нураах, Нийгмийн даатгалын шимтгэл нэмэгдэх, Ирээдүй өв сангийн асуудал зэрэг шийдвэрүүд дээр Ерөнхийлөгчийн тавьсан хоригийг хүлээж авах нь зүйтэй гэдгээ мэдэгдэв.
Энэ тухай хэлэхдээ, “Ойрын үед улс төрийн хүрээнд хэд хэдэн асуудалд АН байр сууриа илэрхийлж байгаа. Ерөнхийлөгч үндсэн дөрвөн зүйл дээр хориг тавьсан. Эхний хоёр нь 2020-2024 онд хэрэгжих хөрөнгө оруулалтай холбоотой асуудлаар дамжин хэрэгжиж байгаа хөрөнгө оруулалтай холбоотой асуудлаар хориг тавьсан билээ. Мөн НДШ-ийн хувийг нэмэгдүүлэх болон ирээдүйн өв сантай холбоотой асуудлуудад хориг тавьсан. Өчигдөр МАН Ерөнхийлөгчийн НДШ-д тавьсан хоригийг хүлээж авна, бусдыг нь хүлээж авахгүй гэсэн байр суурийг илэрхийллээ. АН 2020 оны төсвийг хэлэлцэх үеэр өөрсдийн байр сууриа илэрхийлсэн. Ерөнхийлөгчийн хоригтой холбоотой зүйл заалт нь улсын эдийн засагт хор хохирол учруулахуйц болсон байна гэх дүгнэлтийг гаргасан. Тиймээс Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах нь зүйтэй.
Ялангуяа төсвийн хөрөнгө оруулалт дээр онцгойлон анхаарах хэд хэдэн зүйл бий. Түүх соёлын дурсгалтай холбоотой барилга байгууламжийг нураах болон дахин төлөвлөх асуудал бидний анхаарлыг татаж ирсэн. Байгалийн түүхийн музейг нураасан явдал нь түүх соёлоо хүндэлдэг иргэдийн сэтгэлийг эмзэглүүлсэн явдал боллоо. Уламжлал барилгуудыг дахин шинээр барих байсан ч хуучин хэв шинжийг хадгалах ёстой гэж өмнө нь бид байр сууриа илэрхийлсэн, одоо ч санал хэвээр бий. Нийт 539 тэрбум төгрөгөөс 2020 онд 91,7 тэрбум төгрөгийн л санхүүжилт гаргахаар тусгасан. Мөн Драмын театр, Төв номын сан, Дуурийн театр гэсэн барилга байгууламжуудыг яах гээд байгаа нь мэдэгдэхгүй 2, 3-хан төгрөг төсөвлөсөн нь ойлгомжгүй байдлыг үүсгэж байна. Үүнээс гадна цоо шинэ музейнуудыг байгуулна гэж маш их хэмжээний мөнгө төсөвлөсөн нь ойлгомжгүй юм.
Иргэдийн цалин нэмж чадахгүй хэрнээ татварын дарамт үүсгэж болохгүй. Түүнчлэн УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд Сонгуулийн тухай хуулийг хэлэлцсэн. УИХ-ын 26 мандат дээр зөвхөн нэг хүнийг сонгох маш харгис тулгалтыг оруулж ирж байна. Энэ бол ардчилсан сонголтыг маш буруугаар хэрэглэх хаалгыг нээж байна. Сонгуулийн тухай хуулийн процедурын асуудлыг Ажлын хэсгийн түвшинд зайлшгүй ярих хэрэгтэй” гэлээ.











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.