УЛС ТӨР

Нэг намынхан хоорондоо өрсөлдөх ЁСЗҮЙ, ХҮН ЧАНАР шалгасан хувилбар

“ГЭНЭТ ЭРГЭСЭН ШИЙДВЭР”

У.Хүрэлсүхийн нэр хүнд олон нийтийн дунд сайн байгаа тул 25 хүн түүнийг дагуулан “үсэргэж”, тойрогт 50 нэр дэвшигчээ илгээвэл арай ахиу суудал авна гэж эрх баригч намынхан тооцоцгоосон. Ердөө 14 хоногийн өмнөхөн тэдний тархи ингэж ажиллаж байв. Гэхдээ өчигдөр өглөө гэнэт хувирч, “аймаг нэг том тойрог”-оор сонгуульдах шийдэлд хүрцгээлээ.

МАН-ын дарга У.Хүрэлсүх намынхаа бүлгийн хуралдаан дээр энэ хувилбарыг дэмжихийг шууд тулгасан гэх. Ганцхан Б.Баттөмөр гишүүн үг хэлээд, бусад нь дуугүй өнгөрчээ. Үргэлжлүүлээд, МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж, 100 хувь дэмжсэнээр бүлгээр баталгаажууллаа. Тэд 14 хоногийн өмнө 50+26 хувилбарыг хэлбэрийг хэлэлцэх үеэр Удирдах зөвлөл дээр санал хураалт явуулаагүй.

Улмаар бүлэг дээр шинэ гишүүдийн эсэргүүцэлтэй тулгарч, УИХ руу задгай саналаар орохоор болсон юм. Задгай саналаар орсон тохиолдолд танхимын  шинэ гишүүдийг нэг бүрчлэн барихад намаас ихээхэн хүч шаардагдана. Тиймээс ч идэвхийлэн хэлэлцэхгүй байсаар, хувилбараа өөрчиллөө.

Эрх барьж буй нам Сонгуулийн хуулиараа тоглоод, өөрсдөө дараа нь уйлдаг бичигдээгүй дүрэмтэй. Тэд алдаж, оносон эсэхийг 2020 оны УИХ-ын сонгуулийн дүн харуулна. Ямартай ч Үндсэн хуулийн зөрчилд  хүргэж мэдэх, сохор азанд итгэсэн хувилбараас татгалзаж, илүү бариуштай хэлбэрийг МАН сонголоо гэж харж болохуйц нөхцөл байдал үүсэв.

НЭГДЭЖ ЧАДАХ УУ, ЭСВЭЛ БУЛАЙГАА ЧИРЭХ ҮҮ

Аймаг нэг том тойрог буюу томсгосон можаритор хувилбараар сонгуульдсан тохиолдолд улсын хэмжээнд 26-27 тойрог  үүсгэхээр эрх баригч намынхан ярьж байна. Энэ нь зөвхөн урьдчилсан яриа. Одоо Сонгуулийн тухай хуулиндаа тэд яг ямар хувилбараар сонгуульдахаа л тусгаж өгнө. Сонгуулийн тухай хууль энэ сарын 25-наас өмнө батлагдсан байх учиртай. Харин тойргийг хэрхэн хуваах, нэг тойрогт хэдэн мандат олгох асуудлыг 2020.02.01-ний өдрийн дотор журмын тухай хуулинд зохицуулалт оруулж шийднэ. Өөрөөр хэлбэл, эхлээд сонгуулийн зарчмаа тохироод, дараа нь хана туургаа хэрхэн засах асуудал дээр зөвшилцөнө гэсэн үг.

Тодорхой зүйл нь тойргууд дээр нэг намаас 2-3 нэр дэвшигч өрсөлдөнө. Хэн нь их санал авахаас шалтгаалж, парламентад тухлах эрхээ өвөртлөх юм.Нэг ёсондоо намынхан нөхөр түүний өрсөлдөгч болон саналын тоо булаах “шударга бус” хувилбар билээ. Ийм хэлбэрээр сонгууль явагдахад тэд нэгдэж, багаараа цөм нэртэй орох нь бий. Тухайлбал, Баянхонгор аймагт АН-аас 2008 онд нэр дэвшигчид “Тулгын гурван чулуу” нэртэй байв.

Хэдий эвсэж, нэгдмэл харагдах нь чухал ч тэд өөрсдийн давуу байдлаа ашиглахыг илүүд үздэг.  Ах дүүс нь олон байдаг сумдаа илүү хүч хаях, нэгнийхээ булхайг далд хэлбэрээр дэлгэх, сөрөг намын нэр дэвшигчтэй үсгэх зэргээр янз бүрийн тактик хэрэглэнэ. Гол нь бусдаасаа илүү санал авах ёстой. Хүн чанар, зарчмын хувьд нэг төрлийн сорилт болдог.

Ийм сорилтын өмнө өнөөгийн  хувь хүмүүс зогсож таарах нь. Ер нь л маш сонирхолтой сонгууль болох хүлээлт үүсэв. Зарчмын хувьд сонгогчдын тоо олон, хамрах талбай их учраас харьцангуй сайн шигшигдэж, парламентад суугчид тодрох сайн талтай билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Ж. Мядагбадам

Утга зохиолын ажилтан, сэтгүүлч мэргэжилтэй. Eguur.mn сайтын үүсгэн байгуулагч, Ерөнхий эрхлэгч.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Жирийн иргэн
Жирийн иргэн

Нэг томсгосон тойрогт 1 намаас 2-4 хүн нэр дэвшихэд харин ч сайн талтай. Хүчээ нэгтгэж, нэгэн зүгт харж, нэг амаар ярьж чадвал үр дүн гарна. Ганцаарчилсан тоглолт хийж, нэг нь нөгөөгөө татаж унагах, хөлөө гэдсэндээ хийлцэх юм бол МАН ч бай, АН ч бай унана шүү.

Холбоотой мэдээ

Back to top button