Европын холбоо БНХАУ-ын цахилгаан машинуудад өндөр гаалийн татвар оноох боллоо

Европын Комисс БНХАУ-д үйлдвэрлэсэн цахилгаан тээврийн хэрэгслүүдэд (EV) өндөр татвар ногдуулахыг эцэслэн баталсан байна. Ийнхүү тус комисс нэг жилийн өмнө эхэлсэн мөрдөн шалгалтыг албан ёсоор хаалаа. Энэхүү татвар өчигдрөөс /2024.10.30/ хэрэгжиж эхлэн, дараагийн таван жилийн турш хүчинтэй байх юм.
Үүний зэрэгцээ Брюссель Бээжингийн эрх баригчидтай хэлэлцээгээ үргэлжлүүлж, Германы санаачилсан татварын оронд доод үнэ тогтоох тохиролцоонд хүрэхийг зорьж байна. Гэвч энэ шийдэл маш нарийн төвөгтэй учир практикт хэрэгжүүлэхэд хэцүү байх болно.
Европын Комиссын худалдааны асуудал эрхэлсэн дэд ерөнхийлөгч Валдис Домбровскис “Шударга зах зээлийн зарчмыг сахиж, Европын аж үйлдвэрийн салбарыг хамгаалах үүднээс бид нарийн шалгалтын дараа эдгээр тохируулсан арга хэмжээг хэрэгжүүлж байна” гэсэн юм.
Энэ сарын эхээр санал хураалт явуулахад гишүүн орнууд тус арга хэмжээг дэмжих эсвэл эсэргүүцэх хангалттай санал өгөөгүй. Ийм учир тус гаалийн татварыг батална гэж шинжээчид таамаглаж байсан юм. Европын Комисс худалдааны эрхээ ашиглан санал хураалтын хуваагдмал байдлыг даван гарч ийнхүү татварыг баталлаа. Тэрхүү татвар нь Европын холбоо руу машин оруулахад төлдөг арван хувийн тариф дээр нэмэгдэнэ. Эдгээр татварууд нь брэндээс хамааран дараах байдлаар ялгаатай байна.
- Tesla: 7.8%
- BYD: 17%
- Geely: 18.8%
- SAIC: 35.3%
- Мөрдөн байцаах ажиллагаанд хамтран ажилласан боловч тусад нь үнэлэгдээгүй компаниуд: 20.7%
- Хамтран ажиллаагүй компаниуд: 35.3%
БНХАУ-ын засгийн газар дотоодын цахилгаан машины компаниуддаа дэмжлэг өгдөг нь Европын зах зээлд сөргөөр нөлөөлж байна гэж Европын Комисс үзэж байгаа. Ийм учир нэмэлт татвар тогтоох шаардлагатай гэж Европын Комисс дүгнэсэн. Засгийн дэмжлэгийн үр дүнд Хятадын цахилгаан машины борлуулалт Европт маш хурдтай нэмэгдсэн. 2020 онд Европын зах зээлийн 1.9% хувийг эзэлдэг байсан бол 2024 оны хоёрдугаар улиралд 14.1% болж өссөн байна.
Брюссель үүний эсрэг эрчимтэй арга хэмжээ авахгүй бол Европын автомашин үйлдвэрлэгчид зах зээлийн алдагдлыг даван туулах боломжгүй болж, үйлдвэрүүд хаагдаж, мянга мянган ажилчид ажлын байраа алдах эрсдэлтэй гэж үзсэн юм.
Эх сурвалж: Euro News
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.