ЧУУЛГАН: 2020 оны сонгуулиар хуруун дээр бэхээр тэмдэглэхгүй, Энэтхэгт үйлдвэрлэхээ зогсоосон
УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг үргэлжилж байна. Гишүүд санал хэлж байна.
УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат: Сонгууль бүрийн өмнө хуулиа өөрчилж байгаа нь Их хурал төлөвшөөгүйн илрэл. Томсгосон мажоритар гэдэг нь жижгээс бараг ялгаагүй. Парламентын төлөвшилд өөрчлөлт орохгүй. 50+26 гэж хачин юм оруулж ирсэн. Гэтэл өөрчлөөд 2008 оны Сонгуулийн хуулийг дахиж ярьж байна. Ийм маргаантай тогтолцоог дахин сонгож байгаа нь буруу гэж үзэж байна. АН холимог тогтолцоон дээр байр суурь хэвээрээ байгаа.
УИХ-ын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн: Сонгуулийн хууль Үндсэн хуульдаа захирагдана. Үндсэн хуульд холимог тогтолцоог оруулсан. 50+26 Үндсэн хуультай зөрчилдөнө гэж үзэж өөрчилсөн. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг улс төрийн намуудад хэвлэж өгнө гэж 2008 оны хууль дээр байсан. Бүх иргэн бүгд гарын хурууны хээтэй болсон. Гарын хурууны хээ огт давхцахгүй. Нэг иргэн хоёр, гурван санал өгөх ойлголт огт байхгүй. Тиймээс хар бэх хэрэглэх, тэмдэг тавих ямар ч шаардлага байхгүй гэж үзсэн. Тиймээс 2020 оны сонгуулиар хар бэхэн тэмдэглэгээ хийхгүй. Энэтхэг Улсад ч үйлвэрлэхээ зогсоосон байна.
Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Б.Баасандорж: 2018 оны зургадугаар сарын 21-нд Бүртгэлийн багц хуулийг баталсан. Энэ багц хуулиар иргэдийн нууцлалтай мэдээллийг тодорхой зааж өгсөн. Энэ утгаараа намуудад нэрсийн жагсаалт, гэрийн хаягийг өгөх боломжгүй. 2012 оноос эхлээд Монгол Улс иргэний давхцахгүй өгөгдөл буюу гарын хурууны хээгээр сонгууль өгдөг болсон. Заавал иргэний үнэмлэхээ шалгуулахгүй гарын хээгээрээ тухайн иргэний мэдээлэл гарч ирээд саналаа өгдөг болсон.
УИХ-ын дарга Г.Занданшатар: Нэрсийн жагсаалт заавал авах гээд яагаад зүтгээд байдаг юм. Хаяг гэр бүлийн талаарх мэдээлэл хувь хүний нууц шүү дээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.