Эрчим хүчний үнийг нэмэгдүүлсэн сүүлийн нэг сард инфляц 1.7 хувиар өслөө
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 11 дүгээр сард улсын хэмжээнд өмнөх оны мөн үеэс 8.1 хувь, өмнөх оны эцсээс 7.7 хувь, өмнөх сараас 1.7 хувиар өссөн үзүүлэлттэй байгаа юм байна.
Гэтэл энэ үзүүлэлт нь Төв банкны зорилтот түвшнээс 0.1 нэгж хувиар давсан үзүүлэлт. Үүнд,
- бензин, түлшнээс бусад импортын барааны үнэ 2.5 нэгж хувиар (31.6%),
- мах, хатуу түлшнээс бусад дотоодын барааны үнэ 4.5 нэгж хувиар (55.4%) тус тус нөлөөлжээ.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 11 дүгээр сард өмнөх оны мөн үеэс 8.1 хувиар өсөхөд
- хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 7.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 8.0 хувь),
- хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 8.4 хувь,
- орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 22.1 хувь,
- гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ дүнгээрээ 7.0 хувь,
- зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 9.3 хувь,
- боловсролын үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 18.6 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.
Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2024 оны 11 дүгээр сард өмнөх сараас 1.7 хувиар өсөхөд сүүлийн 26 сарын хугацаан дахь хамгийн өндөр өсөлт болж байна. 11 дүгээр сард цахилгаан эрчим хүчний үнийг айл өрх, аж ахуйн нэгжүүдэд ялгаатай байдлаар нэмсэн. Монголбанкны тооцооллоор эрчим хүчний үнийг 30 хувиар нэмэхэд инфляц 0.7 хувиар нэмэгдэх төсөөлөлттэй байгаагаа илэрхийлж байсан юм.
Сарын инфляц 1.7 хувьтай гарахад орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний үнэ дүнгээрээ 13.9 хувь өссөн нь голлон нөлөөлжээ.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.