Эдийн засгийн мэдээ

Гадаад худалдааны нийт бараа эргэлт эхний XI сард $25.1 тэрбум давлаа

Монгол Улсын оны эхнээс 11 дүгээр сар дуусталх хугацаанд 25.1 тэрбум ам.долларын гадаад худалдаа хийсэн нь өмнөх оны мөн үеэс 13.4 хувиар өссөнийг Гаалийн ерөнхий газар мэдээллээ.

Экспорт, импорт аль аль талдаа өссөн ч гадаад худалдааны тэнцэл өмнөх оны мөн үеэс 1.4 орчим тэрбум ам.доллароор бага буюу дөрвөн тэрбум ам.доллар байна.

Экспортын гол нэрийн бүтээгдэхүүнээс чулуун нүүрс, төмрийн хүдэр өмнөх оны мөн үеэс 20-30 орчим хувиар өсжээ. Энэ онд Монгол Улс 78 сая тонн нүүрс экспортлох зорилттой байгаа бөгөөд одоогоор 74 сая тонн буюу 94 хувийн гүйцэтгэлтэй байна.

Харин малын мах, дайвар бүтээгдэхүүний экспорт 6.9 хувиар нэмэгдсэн бол ямааны угаасан ноолуурын экспорт өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар буурчээ.

Импортын дийлэнх хэсгийг нефтийн бүтээгдэхүүн, суудлын автомашины импорт бүрдүүлсэн хэвээр байна. Тайлант хугацаанд 115 мянга 633 суудлын автомашиныг нэг тэрбум гаруй ам.доллароор импортолсон нь өмнөх оны мөн үеэс 70 гаруй хувиар өссөн үзүүлэлт болсон байна. Харин

  • улаанбуудайн гурилын импорт 6.6 дахин,
  • улаанбуудай 1.8 дахин,
  • ургамлын тос 28.5 хувиар,
  • элсэн чихрийн импорт 33 хувиар өсжээ.

2024 оны эцэст гадаад худалдааны нийт бараа эргэлт 27.9 тэрбум ам.доллар хүрч, худалдааны тэнцэл 5.4 тэрбум ам.долларын ашигтай гарах төсөөллийг Сангийн яам танилцуулсан юм.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button