Осол гаргаж төрсөн охиноо гэмтээсэн иргэний зорчих эрхийг хязгаарлажээ

Шүүгдэгч нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчиж эсрэг урсгалд хөдөлгөөнд оролцож байсан тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөн зам тээврийн осол гаргаж улмаар өөрийн жолоодож байсан тээврийн хэрэгсэл дотор зорчиж явсан 4 настай төрсөн охиныхоо эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 2 -т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар тогтоон зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэжээ.
Давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосон байна.
Хяналтын шатны шүүхэд прокурор “...Улсын дээд шүүхээс эрүүгийн хариуцлагын зорилго, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах үндэслэл, журамд нийцүүлэн хязгаарлалт тогтоох нутаг дэвсгэрийн цар хүрээ, хязгаарыг оновчтой тодорхойлж, шүүгдэгчийг оршин суух сум, дүүргийн нутаг дэвсгэрээс гарч явахыг хориглож байхаар хууль хэрэглээний жишиг тогтоосон.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчид зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахдаа түүний хувийн байдалд үндэслэл бүхий дүгнэлт хийхгүйгээр Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байхаар хэт өргөн цар хүрээг хамруулан шүүгдэгчийн зорчих бүсийг тогтоосныг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна...” хэмээн эсэргүүцэл гаргасан байна.
Уг эсэргүүцлийн дагуу эрүүгийн хэргийг хянан хэлэлцээд хяналтын шатны шүүхээс “... Зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс оногдуулахдаа,
- гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр, хэр хэмжээ
- хувийн болон эрүүл мэндийн байдал, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал
- Монгол Улсын Үндсэн хуульд заасан хүний суурь эрх, иргэний журамт үүрэг, гэр бүлийн амин чухал хэрэгцээ шаардлагыг тус тус харгалзан хүний чөлөөтэй зорчих эрхийг хязгаарлах нутаг дэвсгэрийн хүрээ, хязгаарлалт тогтоох хугацаа, түүнчлэн хэргийн нөхцөл байдлаас хамаарч тодорхой газар очих, тодорхой хүнтэй уулзахыг хориглох талаар үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна хэмээн үзсэн.
Түүнчлэн ялтны гадагш зорчихгүй байх хязгаарлалтын бүсийг хэт өргөнөөр буюу засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хамгийн том нэгж болох аймаг, нийслэл, эсхүл сум, дүүргийн нутаг дэвсгэрээр хялбарчилж тогтоох, эсхүл үндэслэл заахгүйгээр хязгаарлалын бүсийг хэт хумьж ялтны оршин суугаа баг, хорооны нутаг дэвсгэр, эсхүл оршин суух тодорхой хаяг буюу гэрээсээ гарч явахыг хориглох, эсхүл хязгаарлалт тогтоох нутаг дэвсгэрийн хүрээг шийдвэрлэхгүй орхигдуулах зэрэг алдаа зөрчил нь ял оногдуулах үндэслэл, журамд нийцэхгүй бөгөөд уг ялын хэрэгжилтэд сөрөг нөлөө үзүүлж болзошгүйг анхаарвал зохино....” хэмээн дүгнэжээ.
Улмаар шүүгдэгчийн хувьд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэний улмаас төрсөн охиноос гадна өөрөө хүндээр гэмтэж эмнэлгийн тусламж үйлчилгээ авах зайлшгүй шаардлага үүссэн, ... дүүрэгт оршин суудаг, ... дүүрэгт буюу ... ажилтай зэрэг нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал, хувийн болон ар гэрийн нөхцөл байдлыг нь харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар оногдуулсан 1 жил зорчих эрхийг хязгаарлах ялын хязгаарлалтын бүсийг Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, энэ талаар Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын ерөнхий прокурорын эсэргүүцлийг хангаж шийдвэрлэжээ.
Б.ХАШ-ИЛД















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.