"Гарааны болон жижиг дунд бизнесийг 100 хувь татвараас чөлөөлөх ёстой"

Бизнесийн орчны асуудлаар "Монголын Эдийн Засгийн Форум" НҮТББ, МҮХАҮТ, АМЧАМ, Улаанбаатар хотын худалдааны танхим, Монголын Хүнсчдийн холбоо, Монголын Бизнесийн Зөвлөлийн төлөөлөл мэдээлэл хийлээ.
Монголын бизнесийн зөвлөлийн захирал Н.Сувд,
“Монголын бизнесийн зөвлөл нь 150 гаруй байгууллагыг төлөөлдөг. Татварын багц хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар болсонтой холбоотойгоор саналаа хүргүүлсэн. Хаврын чуулганаар хэлэлцэнэ. Энэ хуульд бизнес эрхлэгч, татвар төлөгчдийн саналыг тусгах байх гэж найдаж байна. Монголын татварын орчноос болж өнөөдөр томоохон хөрөнгө оруулагчид гарч явсан, бас татварын маргаантай байна. Татварын орчин муу байгаа нь цаашид ч томоохон хөрөнгө оруулагчдыг хөрөнгө оруулалт оруулахад саад болно”.
Монголын Хүнсчдийн холбооны тэргүүн Б.Гантулга,
Монголын Хүнсчдийн холбооны тэргүүн Гантулга: Гучин жилийн хугацаанд манай улс нэг л том уул уурхайн төслийг эхлүүллээ. Татварын орчны зохицуулалтыг үндсээр нь өөрчлөх шаардлагатай байна. Импортын албан татвар 5 хувь байдаг. АНУ-ын ерөнхийлөгч ажлаа аваад шууд хэрэгжүүлсэн ажил нь өнөөдөр импортын татварыг хөдөлгөөнд оруулсан. Өнөөдөр бид 30 жил дотоодынхоо үйлдвэрлэлийг 5-хан хувиар хамгаалж ирлээ. Дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч улсын хөрш улс мөртлөө 5 хувийн л импортын татвартай. Татварын багц хуулийн шинэчлэлд ярьж байгаа асуудал нь иргэдийн хэрэглээг тэлсэн татвар буюу НӨАТ-ын хуульд л өөрчлөлт оруулж байгаа нь дотооддоо оруулж ирж байгаа ам.доллар тэр эрчээрээ буцаад гарна гэсэн үг. Дэд бүтцийн асуудал дотоодын үйлдвэрүүдэд маш их тулгамддаг. Тэгэхээр эдгээрийг шийдвэрлэх асуудал ч байна.
Дархан, Эрдэнэт зэрэг томоохон хотуудад хүнсний үйлдвэр бариад татвараас нь чөлөөлчихвөл тухайн орон нутагт ажлын байр бий болох, Улаанбаатар хотын цахилгаан станцууд дээр ачаалал болоод байгаа хүнсний үйлдвэрүүдэд ч гэсэн татварын хөнгөлөлт үзүүлбэл нүүх боломж бий. Энэ асуудлыг татвараар л шийдвэрлэх боломжтой. Өнөөдөр аж ахуй нэгж, дотоодын бизнесийн эрхлэгчдэд хуулиасаа давсан торгууль тавьчихдаг. Эргээд нэг агентлагийн даргын үзэмжээр шийдвэрлэгдэж байгаа дээр зөвшөөрлийн асуудал байна. Хоорондын уялдаагүй журмуудыг цэгцлэхгүй бол бизнесийн орчныг хүндрүүлдэг асуудал бий.
"Ард санхүүгийн нэгдэл"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг:
Өнөөдөр хэд хэдэн газраас журмуудаа цуцласан байна. Хонгилоор чирээд байдаг асуудлаа өнөөдөр цэгцэлж эхэлж байна. Найман нэрийн дэлгүүр зөвшөөрлөө авах гэж найман сар хүлээсэн явдал бий. Зөвшөөрөл нэрийн дор гэрээ, батламж, магадлан итгэмжлэх гэх мэт олон журмыг мөрдөж бичиг цаас бүрдүүлэх гэж олон 100 гаруй төрийн албан хаагчийн үүд сахидаг, гарын үсэг зуруулдаг байх жишээтэй. Үүнийг халах гэж бид өнөөдөр энд асуудал яриад сууж байна. Татвар авахдаа хуулиа дагамаар байна. Мөрөөрөө гэмгүй бизнес хийж байгаа хүмүүсийг гэмт хэрэгтэн, ялтан болтол нь зөрчлийн хуулиар дууддаг, дансыг нь хаачихдаг. Дансаа хаалгасан хүн яаж цалингаа тавих вэ. Шударга бус байдлыг цэгцлэх ёстой. Татварын байцаагч нар дунд шатандаа нугалаа үүсгэхээ болих хэрэгтэй. Давосын чуулга уулзалт дээр очоод монгол хөрөнгө оруулж болно гээд сурталчлаад байдаг гэтэл дотоодод нь татварын орчин нь ийм байхаар яах вэ. Бизнесүүд өнөөдөр улс төрийн хувьд тогтвортой байгаач, нээлттэй, ил тод байгаач. Манайд өнөөдөр зөвшөөрөл өгөөд, хуулинд бичигдээгүй татвар авчихаж байна. Шимтгэлээс татвар авч байна.
МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Л.Төр-Од,
Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим нь хамтарсан Засгийн газраас хэрэгжүүлж буй бизнест ээлтэй Монгол хөтөлбөрийг дэмжиж байна. Ялангуяа, бизнес эрхлэхэд саад тотгор учруулж буй энэ бүх чөдөр, тушааг халахад зориулсан хөтөлбөр гэж ойлгож байгаа. Иймд нэн даруйд хоёр чиглэлээр хамтран ажиллаж эхэлж байна. Нэгт, бид татварын орчныг нэн даруй цогцоор нь шинэтгэх ёстой. Ажлын байр бий болгох боломжийг нь бүрдүүлж ХАОАТ, НДШ-ийг нь хамгийн багаар тогтоох. Бусад улс орны жишээнээс харахад эхний 5 жил нь чөлөөлж байна. Энэ мэтчилэн илүү бодитойгоор шинэчилмээр байна.
Нийгмийн даатгалын шимтгэлийн асуудал хурцаар тавигдаж байна. Аж ахуйн нэгж байгууллагууд татварын байцаагч мэт чиг үүргийг гүйцэтгэж, 25 хувийн нийгмийн даатгал шимтгэл төлж байгаа. Үндсэн хуулиар зөрчигдөж буй энэ эрх үүргийг ухамсарлаж шинэчлэл хийх ёстой.
Цогцоор нь шинэтгэл хийж бизнест учруулж буй жижиг дунд бизнес, гарааны бизнес, тэр дундаа залуус, эмэгтэйчүүдийн эрхэлж буй бизнесийг татвараас 100 хувь чөлөөлж тодорхой хугацаанд өсөж дэвжих бойжих боломжийг нь олгох ёстой" гэлээ.
Т.БАТСҮРЭН
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
ЖДҮ ,хувиараа бизнес эрхлэгч хоёр чинь адилхан л орлого олж байгаа шдээ яагаад ялгаад байна бүгд адилхан хялбарчилсан 1хувийн татвартай болмоор байна