Төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна

2025 оны 03-р сарын 08-ны 20 цагаас 2025 оны 03-р сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. Шөнөдөө баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө Алтайн уулархаг нутаг болон Арц Богдын өвөр хоолойгоор, өдөртөө говийн бүс нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр -22…-27 градус, Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Хараа, Ерөө, Халх голын хөндийгөөр -15…-20 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -9...-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 0…-5 градус, бусад нутгаар -4…-9 градус, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -11…-16 градус, Монгол-Алтайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -3…-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар +6…+11 градус, бусад нутгаар +1...+6 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -9...-11 градус, бусад хэсгээр -5...-7 градус хүйтэн, өдөртөө +3…+5 градус дулаан байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө -9...-11 градус хүйтэн, өдөртөө +4…+6 градус дулаан байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө цас орно. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр. Шөнөдөө -11...-13 градус хүйтэн, өдөртөө +1...+3 градус дулаан байна.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.