Нийгэм мэдээ

ОБЕГ: Айлын өвөлжөөг санаатайгаар шатааснаас болж гал түймэр гарсан

Өнөөдөр /2025-03-10/ Онцгой байдлын газраас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Ойрын өдрүүдэд Монгол орны нийт нутаг дэвсгэрээр салхи шуургатай өдрүүд үргэлжилж байна. Үүнтэй холбоотойгоор зүүн гурван аймаг, Архангай аймгийг хамарсан хэд хэдэн дуудлага мэдээлэл ОБЕГ-т бүртгэгдлээ.

ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр: Энэ сарын 09-ний өдөр Дорнод, Хэнтий, Сүхбаатар, Архангай аймагт нийт 11 удаагийн ой хээрийн түймрийн дуудлага мэдээлэл бүртгэгдлээ. Харин он гарснаар 14 удаагийн ой хээрийн түймэр бүртгэгдээд буй.

Одоогийн байдлаар Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан, Асгат сумдын түймрийг унтраахаар манай албаныхан ажиллаж байна. Түймэр гарсан нутгуудад салхи ихтэй байгаа нь түймрийг богино хугацаанд түгэх, их талбайг хамрахад нөлөөлж, унтраахад хүндрэл үүсгэж байна. Харин бусад түймрийг унтрааж ажилласан.

Зүүн аймгуудад хуурайшилт эрт эхлэх нөхцөл байдлыг үндэслэж албан даалгавар хүргүүлж онцгой байдлын байгууллагууд бэлэн байдлаа хангаж ажиллаж байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг хийж байгаа ч түймэр гарах асуудал тасрахгүй байна.

Иргэд галын аюулгүй байдлыг анхаарах зайлшгүй шаардлагатай байна. Өчигдрийн түймрүүд гарсан шалтгааныг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд ажиллаж байна. Урьдчилсан мэдээллээр, Дорнод аймгийн гурван удаагийн түймэр хогийн цэг дээрээс гарсан мэдээлэл байна. Мөн хоёр удаагийн түймэр айлын яндангийн цогоос, нэг түймэр айлын өвөлжөө бууцыг санаатайгаар шатааснаас гал түймэр гарсан мэдээлэл ирж байна.

УОК-ын Нарийн бичгийн дарга, хурандаа Т.Баярхүү: Түймрийн хэмжээг эцэслэн тогтоогдоогүй. Урьдчилсан байдлаар 16 гэр, 21 хашаа, хоёр автомашин шатсан гэх мэдээлэл байна. мөн тодорхой тооны мал өртсөн гэх мэдээлэл байна. Одоогоор баг бүрэлдэхүүн ажиллаж буй хоёр байршилд гарсан түймрийг унтраасны дараагаар хохирлын хэмжээг бүрэн мэдээлэх боломжтой.

З.УЧРАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button