1xBet-ээр спонсорлуулдаг спортынхон

Энэ удаагийн нийтлэлээрээ хэлбэр дүрсээ хувиргасан мөрийтэй тоглоомын нэгээхэн хэсэг болох "бооцоо" тавих байдлаар оролцдог Bet-ээр санхүүжиж, далд утгаараа сурталчилгаа хийдэг спортынхыг нэрлэж байна.
Мөрийтэй тоглоом гэх үгийг сонсох төдийд хөзөр холих, мөрий хаялцах дүр зураг төсөөлөгддөг. Гэвч техник технологийн шинэ эрин зуунд мөрийтэй тоглоом “Хялбаржиж”, гар утаснаасаа шуудхан мөрий тавьдаг болтлоо амархан болсон. Дугуй ширээнээс шилжиж, дүрээ хувиргасаар өнөөгийн нийгэмд "Койн, бэт, цахим покер" болж бидний дунд чимээгүй тахал болон ууссаар хэдэн жилийг үдлээ.
УДШ-ийн 2010.05.19-ний өдрийн 15 дугаар тогтоолоор “...Мөрийтэй тоглоом гэдэгт ашиг хонжоо олох зорилгоор үр дүнг урьдчилан төсөөлөх боломжгүй аз туршиж тоглодог бүхий л тоглоом хамаарна...” хэмээн тайлбарласан байдаг.
Гэтэл аз туршиж тоглох онлайн бетэнд донтож, амиа хорлох, өөрийн гэсэн бүх өмч, хөрөнгөө өгч явуулсаар өнөөдөрт хүрэв.
-MESA-
Монголын электрон спортын холбоо 2003 онд анх байгуулагдсан. Анхандаа MESA-ийн зүгээс төр, засгийн дэмжлэгт болон олон улсын спорт холбоодын тэмцээнд эх орноо төлөөлөх тал дээр анхаардаг байв. Анхны зорилгууддаа хүрсний дараа бүс нутгийнхаа тэмцээн уралдааныг зохион байгуулах тал дээр анхаарч эхэлсэн.
Эхлээд тэд CS:GO-ийн MESA лигийн эхний улирлыг Улаанбаатар хотод 2019 онд зохион байгуулж, 12 баг өрсөлдөж байжээ. Удалгүй MESA Nomadic Masters болон MESA Pro Series-ийг танилцуулж, 2023 онд Парисын Мэйжорын эрх олгох Ази, Номхон далайн бүс нутгийн RMR тэмцээнийг зохион байгуулж, хоёр эрхийг олгож байлаа.
2022 оны хавар MESA-ийн зүгээс олон улсын букмейкерийн 1xBet-тэй гэрээ байгуулав. Ивээн тэтгэгч, дэмжигч байгууллага нь ч MESA-ийн боломжийг тэлж, томоохон тэмцээн зохион байгуулах цаашлаад дэлхийн хамгийн том тэмцээн зохион байгуулагч ESL-тай холбогдох гүүр нь болжээ.
1xBet-ийн зүгээс Монголын цахим спортын байгууллагууд болох The MongolZ болон IHC Esports-ийг дэмжиж, ивээн тэтгэгч нь болсон байна.

-IHC-
Дээр дурдсан MESA-гийн хөгжил өдгөө манай улсын и-спортынхонтой салшгүй холбоо, хамааралтай.
Үүний нэг жишээ нь: "IHC esports" баг PUBGM тоглоомын 2020 оны ДАШТ-д "Zeus esports" нэрээр оролцож, испортын төрлөөр дэлхийн аваргын анхны хүрэл цомыг авч байлаа. Харин 2021 онд дэлхийн аваргад орж чадалгүй хасагдсан. Гэхдээ тухайн улиралд багийн эзэмшил болон нэрээ "IHC esports" болгон өөрчилсөн байдаг. Үүний дараа хоёрхон жилийн дараа тэд PUBGM тэмцээний дэлхийн аваргын цом өргөж байв.
Бахархам амжилтаар дүүрэн хэдий ч, тэдний ерөнхий спонсор нь 1XBet. Тамирчдын өмсгөл дээрх лого болон багийн танилцуулгаас харж болно.
Нэмэлтээр дурдахад, IHC багт MLBB, CS2, PUBGM, VALORANT гэсэн багууд харьяалагддаг.

-The MongolZ-
-Азийн анхны гэх тодотголыг эзэмшдэг CS2-ын "The MongolZ" багийнхан мөн адил 1xBet-ээр спонсорлуулдаг. Тэд HLTV-гийн зургаадугаарт, Valve-ийн чансааны дөрөвдүгээрт бичигдэж яваа тамирчид.
The MongolZ org-д Dota, Valorant, CS2, MLBB тоглоомын баг тамирчид хамрагддаг.

-Холбоодын Нэгдсэн УАШТ /Unified National Championships/-
2021 оноос эхлэж спорт болон урлагийн бүх холбоодын дунд УАШТ зохион байгууллагддаг болсон. 2023, 2024 оны холбоодын УАШТ-ийг 1XBet ивээн тэтгэжээ.
15 спорт холбоо 10 хоногийн дотор улсын аваргуудаа тодруулдаг. Тус тэмцээнд бадминтон, байт харваа, бильяард, буудлага, бүжгийн спорт, виртуал дугуй, жүдо, кэндо, мөсөнд авиралт, орчин үеийн таван төрөлт, тэргэнцэртэй сэлэм, хүндийн өргөлтийн төрөл зэрэг холбоодын гишүүд оролцдог.

Хэрэгтэй салбартаа хэрэгтэй байх боломжтойг Монголын и-спортын хөгжлөөс харж болно. Гэвчиг и-спортын баг, тамирчид олон нийтийг Bet-энд мөрий тавьж, үзэхийг санал болгож байгаа нь учир дутагдалтай. Урлаг соёлынхон, юүтүбэр, инфлүүнсэр, спортын баг тамирчид хүртэл хаа сайгүй 1xBet, Melbet-ийг сурталчилж байгаа нь харамсалтай.
Гурван жилийн өмнө Баянзүрх дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт гэр бүлийн хоёр хүн өөрсдийгөө ариун цэврийн өрөөнд боомилж, нас барсан харамсалтай хэрэг гарч байв. Уг хэргийн шалтгаан нь бетэнд найдаж, их хэмжээний өрөнд орсноос болсон.
Хар тамхинаас илүү мөрий хүнийг донтуулдаг. Их хэмжээгээр мөрий тавьж, хялбар аргаар мөнгө олох гэсэн хүмүүс хадгаламж, бэлэн мөнгө, эд хөрөнгө, тээврийн хэрэгсэл, орон байраа барьцаалан улайрдаг. Цаашлаад сэтгэл санаагаар унаж, өөр ямар нэгэн гэмт хэрэг сэдэж, амиа хорлох сонголт хийдэг.
Ийм хар балагтай онлайн мөрийг хаа хаанаа ухамсартайгаар ойлгож, дэмжихгүй, сурталчлахгүй, мөрий тавихгүй байх нь бидний ирээдүйд нэн чухал аж.
Б.НОМТ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.