Германд хар тамхины хэргээр саатуулагдсан Б.Баттүшиг шүүх хурлыг хаалттай явуулахыг хүсжээ

ХБНГУ-ын Дрезден хотод дипломат албаны автомашинаар 70 килограмм хар тамхи тээвэрлэж яваад саатуулагдсан Б.Баттүшиг, С.Эрдэнэбаяр нарт холбогдох шүүх хурал өнөөдөр /2019.12.30/ үргэлжилж байна. Германы мэдээ, мэдээллийн сайт Tag24-ийн мэдээлж буйгаар, Истанбул хотын дэд консулын алба хашдаг Б.Баттүшиг нь шүүх хурлыг хаалттай хэлбэрээр явуулах хүсэлт гаргажээ. Тэрбээр үүний өмнө өөрийгөө Монгол Улсын тагнуулын ажилтан, үүнд холбогдох нууц даалгавар биелүүлж байгаад баригдсан гэдэг мэдүүлгийг өгөөд буй.
Б.Баттүшигийн өмгөөлөгчийн зүгээс, хэрэв шүүх хурлыг хаалттай явуулж, тэр дундаа хэвлэл, мэдээллийг оруулахгүй байвал үйлчүүлэгч нь хэргийн талаарх бодит үнэнийг нээлттэй, чөлөөтэй ярих болно гэдэг тайлбарыг хийжээ.

Хэргийг эргэн сануулбал, энэ оны тавдугаар сарын 03-ны өдөр Б.Баттүшиг болон С.Эрдэнэбаяр нар ХБНГУ-ын Дрезден хотод дипломат албаны Мерседес Бенц маркийн автомашинаар 70 кг хар тамхи тээвэрлэж яваад баригдсан юм. Тус бүр нь 500 граммаар боосон 140 багц хар тамхины ханш гурван сая евро болж байсан юм. Тэдэнд прокурорын зүгээс тус бүр 9 жилийн хорих ял төлөвлөөд буй.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
9 хөн жил байхдаа яахавдээ