Ярилцлага

Эрдэмтэн, доктор Б.Оюунгэрэл: Газар нутгийг дархлан хамгаалах нь байгаль хамгааллын хамгийн дээд хэлбэр

Өнөөдөр буюу 5 сарын 22 бол жил бүр дэлхий даяар тэмдэглэдэг "Олон улсын биологийн олон янз байдлын өдөр" билээ. НҮБ-ын Ерөнхий Ассамблей анх 1993 онд энэ өдрийг тэмдэглэх шийдвэрийг гаргаж байжээ. Энэ жил эл өдрийг "Орон нутгаас дэлхийд нөлөөлөх нь" уриатайгаар тэмдэглэж байна. Дэлхийн байгаль орчин, экосистемийн доройтол, биологийн олон янз байдлын хомсдолыг зогсооход орон нутгийн иргэд, бүлгэмүүдийн бодит оролцоо, жижиг гэлтгүй хийж буй алхам бүр нь дэлхий дахины том зорилтод асар том хувь нэмэр, нөлөө үзүүлдэг гэдгийг онцолж буй хэрэг юм. Иймд бид энэ удаагийн зочноороо Газар зүйн шинжлэх ухааны доктор, эрдэмтэн Б.Оюунгэрэлтэй ярилцлаа.

Танд Дэлхийн БОЯБ-ын өдрийн мэнд хүргэе. Энэ тэмдэглэлт өдөр бидэнтэй ярилцах цаг гаргасан Танд баярлалаа. Та манай уншигчдад өөрийг танилцуулна уу? 

-Баярлалаа. Намайг Оюунгэрэл гэдэг. Би 1985 онд Оросын Холбооны Улсын Эрхүүгийн их сургуулийг газар зүйч мэргэжлээр төгссөн. Түүнээс хойш Шинжлэх ухааны академийн Газар зүйн хүрээлэнгийн Физик газар зүйн салбарт он удаан жил ажилласан. Одоо тэтгэвэрт гарсан боловч олон улсын болон үндэсний байгууллагуудын хүсэлтээр өөрийн эзэмшсэн мэргэжлийн хүрээнд зөвлөх үйлчилгээ үзүүлдэг.

-Таныг голчлон ямар чиглэлд зөвлөх үйлчилгээ үзүүлж байна вэ? 

-Газар нутгийн дархлааг хамгаална гэдэг бол байгаль хамгааллын хамгийн дээд хэлбэр гэж дэлхий нийтээрээ үздэг. Миний хувьд тусгай хамгаалалттай газар нутгийн чиглэлээр ажиллах эхлэл олон жилийн түүхт Монгол-Оросын хамтарсан биологийн экспедицтэй холбоотой. Тухайн үед тэр экспедицэд орж ажиллах нь залуу эрдэмтэн судлаачдын хувьд их чухал, хүн болгон тэнд орж ажиллахыг хичээдэг байв.

Хойно төгссөн маань давуу тал болж, Монголдоо буцаж ирээд удаагүй байхдаа би тэр үеийн ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн салбар хүрээлэнгийн эрдэмтэн, олон улсын “Хүн ба шим мандал” хөтөлбөрийн Оросын талын зохицуулагч В.М.Неронов гэдэг том докторын багт орж ажилласан юм. Манай экспидиц тэр жилийн зун Монгол Улсын 13 дархан цаазат газраар тойрон ажилласан. Түүнээс хойш би тусгай хамгаалалттай газар нутагт дурлаж, улс орныхоо энэ чухал салбарт хүчин зүтгэх болсон доо.

-Тэр үеийн Монгол Улсын тусгай хамгаалалтай газар нутгийн талаар эргэн дурсвал?

-Тэр үед Монгол Улс гол төлөв байгалийн үзэсгэлэнт байдлыг харгалзан сонгож хамгаалалтад авсан 13 дархан цаазат газар, 32 байгалийн нөөц газартай байв. Одоо бол манай улс 121 тусгай хамгаалалттай газартай шүү дээ. 1987–1988 оны үеэс бид олон жилийн судалгааны үндсэн дээр энэ хоёр ангилал шаардлага хангахгүй байна, өргөн уудам нутагтай Монгол Улсын хувьд тусгай хамгаалалттай газар гэдэг бол олон улсын ангилалд нийцсэн, илүү нарийвчилсан ангилалтай байх ёстой юм байна дүгнэлт гаргасан. Оросын эрдэмтэн багш нарын арга зүйг судалж, илүү гүнзгий орж ажиллах болсон.

Энэ чиглэлд ШУА-ийн Газар зүйн хүрээлэнгийн Физик газар зүйн салбарт доктор Д.Даш, доктор Д.Энхтайван болон миний бие голлон ажиллаж сонин хэвлэлд судалгааны үр дүнд суурилсан, асуудал дэвшүүлсэн өгүүлэл нийтлүүлж байв.

Хувийн зургийн сангаас ашиглав

-Нийгмийн байгуулал өөрчлөгдсөнтэй холбоотой тусгай хамгаалалттай газрын талаар баримтлах бодлогод өөрчлөлт гарсан уу? 

-1990 оноос хойш, манай эрдэмтдийн олон жилийн судалгааны үр дүнд суурилан тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн эхний үзэл баримтлал, дүрэм, ангиллыг боловсруулах ажил эхэлсэн. Улмаар Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгийг дөрвөн үндсэн ангилалтай болгосон. Ингээд 1992 онд Хан Хэнтийн дархан цаазат газрыг Монгол орны тайгын экосистемийг бүхэлд нь хамарсан томоохон тусгай хамгаалалттай газар болгон байгуулж байлаа. Энэ газрыг байгуулахад би өөрийн биеэр оролцож, 45 хоног мориор явж тус дархан газрын хилийн заагийг тогтоож байв.

-Улс эх орныхоо газар нутгийн тусгайлан хамгаалахад таны эзэмшсэн мэргэжил чухал үүрэг гүйцэтгэжээ? 

-Газар нутгийг тусгай хамгаалалтад авахад тодорхой шалгуур шаардлагатай. Тэр шалгуурыг бид олон улсын ангилалд нийцүүлэн боловсруулсан юм. Тэгэж боловсруулах гол үндэс нь газар зүй юм. Газар зүй гэдэг бол байгалийн хам бүрдлүүдийн уялдаа холбоог судалдаг шинжлэх ухаан. Тиймээс газар зүйч хүн газрын тогтоц, геоморфологи, хотгор гүдгэрийн хэлбэр, уур амьсгал, ус зүй, биологийн олон янз байдлын ерөнхий зүй тогтол, индикаторыг ойлгодог байх ёстой. Энэ утгаараа тусгай хамгаалалттай газар нутгийн судалгаанд газар зүйч мэргэжил маш сайн тохирдог. Энэ утгаараа бид Газар зүйн хүрээлэн дээр тусгай хамгаалалттай газар нутгийн судалгааг хөгжүүлж, энэ чиглэлээр олон жил ажилласан.

Хувийн зургийн сангаас ашиглав

-Та тусгай хамгаалалттай газар нутгийн ангилал, онцлогийн талаар та бидэнд илүү тодорхой мэдээллүүдийг хэлж өгөөч?

-Тусгай хамгаалалттай газар гэдэг ангилал бүрээрээ өөр. Жишээлбэл дархан цаазат газар бол байгалийн мужлалын төлөөллийг хамгаалах том ангилал юм. Байгалийн мужлал гэдэг нь тухайн газрын хотгор гүдгэр, биологийн олон янз байдал, ландшафтын хэв шинж, ижил төстэй байдлыг байгалийн хилээр ангилан тогтоосон нэгжүүд юм. Ийм муж бүрд тодорхой газар нутгийг хамгаалалтад авснаар тухайн мужийн экосистем иж бүрнээрээ хамгаалагдана гэж үздэг. Байгалийн цогцолборт газар нь байгалийн үзэсгэлэнт байдал, аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой газрыг хамардаг. Байгалийн нөөц газар нь ховордож байгаа, нөхөн сэргээх шаардлагатай байгалийн бүрдлийг хамгаалах, сэргээх зорилготой. Дурсгалт газар нь байгаль, түүх, соёлын үнэ цэнийг хадгалж хамгаалах зориулалттай. Эдгээр ангиллыг тогтоосны дараа хуучин байсан 13 дархан цаазат газрыг холбогдох ангилалд нь оруулж, шинээр хамгаалалтад авах газруудыг мөн энэ ангиллын дагуу төлөвлөж эхэлсэн.

Тусгай хамгаалалттай газар нутгийн дүрэм, дараа нь тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр боловсруулагдсан. Энэ бүх ажилд миний бие гар бие оролцсон. Газар нутгийг дархлан хамгаална гэдэг бол дэлхийн хэмжээнд байгаль хамгааллын хамгийн дээд хэлбэр гэж үздэг. Энэ утгаараа бид Монгол орны газар нутгийн тодорхой хэсгийн биологийн олон янз байдал, экосистем, байгалийн үнэ цэнийг хамгаалалтад авч өнөөдрийг хүртэл хамгаалагдаж үлдсэн. “Алт” хөтөлбөр эхлэхээс өмнө бид хамгаалалтад авах шаардлагатай маш олон үнэ цэнтэй газрыг сонгон улсын хамгаалалтад авч чадсан юм. Монгол Улс гаднаас түрж орж ирсэн байгалийн мужуудын үндсэн зааг дээр оршдог. Иймээс эмзэг, мөн биологийн шинэ зүйл бий болох боломжтой онцгой нөхцөлтэй.

Тиймээс Монгол Улсын хилийн дагуух томоохон газрууд тусгайлан хамгаалагдсан байдаг. Тухайлбал, Увс нуурын дархан цаазат газар, Говийн Их дархан цаазат газрыг Монгол-Оросын болон олон улсын эрдэмтдийн томоохон судалгаанд үндэслэн дэлхийн хэмжээний ач холбогдолтой газар гэж тодорхойлсон. 

Мөн Алтай Таван Богд, Хөвсгөл, Хан Хэнтий, Монгол Дагуур, Дорнод Монгол, Говийн Бага дархан цаазат газрын А, Б хэсэг, Булган гол, Чигэртэй зэрэг олон газрыг Монголын үндэсний эрдэмтдийн боловсруулсан үндэслэлийг харгалзан хамгаалалтад авсан юм.

Өөр нэг жишээ бол Монгол орны төв хэсгээр 700 орчим км үргэлжилсэн байгалийн том муж болох Хангайн нуруу байна. Хангайн нуруу бол хойд талаасаа Сибирийн тайга, өмнө талаасаа Төв Азийн цөлийн нөлөөг зааглаж, хязгаарлаж байдаг гол нуруу юм. Иймээс Хангайн нурууг хамгаалах нь Монгол орны экосистемийн тэнцвэрт байдлыг хангахад онцгой ач холбогдолтой. Бид Хангайн нурууны төв, баруун, зүүн хэсэг, мөн хойд, өмнөд хэсгийг ерөнхийд нь зохицолтойгоор хамгаалалтад авч чадсан. Ийнхүү газар нутгийн цөм хэсгүүд улсын тусгай хамгаалалтад орсон нь маш чухал үр дүн юм. Мэдээж цаашид хамгаалалтад авах шаардлагатай газрууд бий.

-Газар нутгийг тусгай хамгаалалтанд авахад ямар бэрхшээл тохиолддог вэ?

-Нэг талаас дэлхийн уур амьсгалын өөрчлөлт, олон хүчин зүйл нөлөөлж байна. Нөгөө талаас 1990-2000 онд газар нутгийг хамгаалалтад авч байх үед саад тотгор харьцангуй бага байсан бол одоо аж ахуйн хэвшлийн нөлөөнөөс болж тэр байдал ихээхэн өөрчлөгдсөн. Үүнтэй холбоотойгоор одоо тусгай хамгаалалттай газар нутгийн хуульд өөрчлөлт орох асуудал ид яригдаж байна. Хүмүүс байгалийн баялгийг ашиглах ашиг сонирхолтой болсон. Ашигт малтмалын хайгуулын лиценз ч их хэмжээгээр олгогдож байна. Энэ бүхэн сөрөг нөлөөнөөс урьтаж бид Монгол орныхоо үнэ цэнтэй газруудыг тусгай хамгаалалтад авч чадсан. Тийм ч учраас тэдгээр газар хойч үедээ хадгалагдан үлдсэн гэж би боддог.

Хувийн зургийн сангаас ашиглав

-Монгол Улс газар нутгийнхаа 30 хувийг тусгай хамгаалалтанд авна гэсэн урт хугацааны зорилт бий шүү дээ? 

-Монгол Улс одоогоор нийт газар нутгийнхаа 21 орчим хувийг улсын хамгаалалтад аваад байна. Цаашид 30 хувьд хүргэхийн тулд 9 орчим хувийг нэмж хамгаалалтад авах шаардлагатай. Эдгээр газрыг нутгийн иргэдийн оролцоотойгоор, суурь түвшинд нь хамгаалж, өргөжүүлэх бүрэн боломжтой. Монгол Улс газар нутгийнхаа 30 хүртэл хувийг хамгаалалтад авч байж экосистемийн тэнцвэрт байдлыг хадгалж чадна. Бид анх газар нутгийг хамгаалалтад авах тухай ярьж байх үед дэлхий нийт ч газар нутгийнхаа 30 хувийг хамгаалах үзэл баримтлалыг ярьж эхэлж байсан юм. Намайг 1985 онд хойно сургууль төгсөж ирээд 1987 он хүртэл тусгай хамгаалалттай газруудаар ажиллаж байх үед Байгаль орчныг хамгаалах холбооны дарга байсан, дараа нь манай Газар зүйн хүрээлэнгийн захирлаар ажилласан С.Жигж гуай гадаадад болсон олон улсын хуралд оролцож ирээд анх дэлхий даяар газар нутгийнхаа 30 хүртэл хувийг хамгаалах хандлага эхэлж байна гэж ярьж байсан.

Тэр үеэс л бид 30 хувийн тухай ярьдаг болсон. Мөн энэ 30 хувь юунаас үүдэлтэй вэ гэдгийг ч судалж байсан. Тухайн үед Н.Т.Нечеава гэж цөлийн судалгааны нэртэй эрдэмтэн том талбайг хашиж хамгаалан, түүнийхээ үр дүнг нийтэлсэн юм. Түүний судалгааны ажлын хоёр чухал дүгнэлт байсан.

Нэгдүгээрт, газар нутгийн тодорхой хэсгийг буюу ойролцоогоор 30 хувийг хамгаалж, үлдсэн хэсгийг зохистой ашиглавал газар нутгийг хамгаалахад чухал ач холбогдолтой.

Хоёрдугаарт,ашиглалтыг бүрэн хорьж хамгаалвал зарим тохиолдолд сөрөг нөлөөтэй байж болно. Тухайлбал, бэлчээрийг гадны нөлөөнөөс бүрэн хаавал сүүлдээ бэлчээрийн ургамал нөхөн сэргэх, ургах байдалд сөрөг нөлөөтэй. Тиймээс тодорхой хэмжээнд мал бэлчээрлэх нь зүйтэй гэсэн санаа дэвшүүлсэн байсан.

Энэ судалгааны үр дүнг бид тухайн үед их уншиж судлан, их чухал гэж үзэж байсан. “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр” 1998 онд батлагдсан. Энэ хөтөлбөрт зайлшгүй хамгаалалтад авах шаардлагатай газруудын нэрсийг оруулсан юм. Анхны тэр жагсаалтын үндэс суурь нь манай улсын их соён гэгээрүүлэгч О.Намнандорж багшийн маань судалгааны бүтээлүүд байв. О.Намнандорж тэргүүтэй манай салбарын ахмад судлаач эрдэмтдийн судалгааны ажлуудад Монгол Улсын хамгаалалтад зайлшгүй авах шаардлагатай байгалийн үзэсгэлэнт газар, ховор амьтан, рашаан, түүх соёлын ач холбогдолтой газруудын нэрсийг гаргасан байдаг.

-Яагаад заавал 30 хувь гэж?

-Тухайн үеийн залуу судлаачид бид ямар газар хаана байдгийг тэр бүр бүрэн мэдэхгүй байсан тул энэ жагсаалт маш үнэ цэнтэй, газар нутгийг хамгаалах анхны том суурь болсонюм шүү. Тэрхүү “Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтэд 2002 онд үнэлгээ хийсэн.

Дэлхийн тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөжүүлэх асуудалтай холбон хийсэн тэр үнэлгээний хүрээнд Монгол Улсын хамгаалалтад авсан болон цаашид авах ёстой газруудыг үнэлж судалж үзээд, Монгол Улсын газар нутгийн 30 орчим хувийг хамгаалалтад авах шаардлагатай гэсэн дүгнэлт гарсан.

Тэр дүгнэлтэд би огтхон ч эргэлзэж байгаагүй. Үүний баталгаа нь өнөөдөр дэлхий нийтээр улс орнууд газар нутгийнхаа 30 хувийг хамгаалахаар “30х30” зорилт тавин ажиллаж буй явдал юм. Миний бодлоор Монгол Улс энэ чиглэлд дэлхийгээс түрүүлж сэтгэж эхэлсэн. Бид дэлхийд түүчээлэн газар нутгийнхаа 30 хувийг хамгаалах зорилт тавьж, эдүгээ 21 орчим хувийг хамгаалалтад авсан байна. Дэлхий нийт саяхнаас л 30 хувийг тунхаглаж байхад бид энэ зорилтыг аль эрт ярьж, бодлого болгож, хэрэгжүүлээд явж буй нь бахархалтай. Манай улсад байгаль хамгааллын байнгын санхүүжилтийн томоохон хөтөлбөрүүд хэрэгжиж байна. Монгол Улс тусгай хамгаалалттай газар нутгийнхаа хэмжээг 35 хувь хүртлэх хэмжээнд хүргэх зорилт тавьж, аль хэдийнээ 21 хувийг хамгаалалтад авсан байдал нь олон улсын ийм том хөтөлбөрүүдэд хамрагдах нэг чухал үндэс, хөшүүрэг болсон гэж би үздэг.

-Өнөөдөр буюу 5 сарын 22-ны өдөр “Олон улсын биологийн олон янз байдлын өдөр” тохиож байна. Жил бүр дэлхий даяар тэмдэглэдэг энэ өдрийг энэ жил “Орон нутгаас дэлхийд нөлөөлөх нь” уриатайгаар тэмдэглэж байна. Тиймээс тусгай хамгаалалтай газрын амин чухал үзүүлэлт болсон биологийн олон янз байдлын талаар хөндөхөас аргагүй? 

-Монгол Улс биологийн олон янз байдлаар баялаг. Тиймээс манай эрдэмтэд ховор амьтан, ургамлын Улаан ном боловсруулж, хамгаалах шаардлагатай амьтан, ургамлын жагсаалтыг анх гаргаж байв. Дархан цаазат газрыг байгалийн мужлалын төлөөллийг хамгаалах зарчмаар байгуулдаг ч тухайн газар нутгийн ландшафт, биологийн олон янз байдал хоорондоо нарийн уялдаатай байдаг. Жишээлбэл, Говийн Их дархан цаазат газрын А хэсэг бол Төв Азийн цөлийн хамгийн хойд хэсгийн онцгой газар бөгөөд тэнд орших хавтгай, мазаалай зэрэг нэн ховор амьтдыг хамгаалах зорилготой. Говийн Их дархан цаазат газрын Б хэсэгт тахь нутагшуулсан. Ийнхүү газар нутгийг тусгайлан хамгаалснаар Монгол Улс аргаль хонь, янгир ямаа, цоохор ирвэс, хавтгай тэмээ, мазаалай баавгай зэрэг дэлхийд ховордсон амьтдыг хамгаалалтад авч чадсан юм. Энэ талаар манай биологичид нарийн судалгаа, үнэлгээ хийж ирсэн, хийсээр ч байна. 

Хан Хэнтий бол тайгын том экосистемийн түвшинд хамгаалагдсан газар.

1992 онд Хан Хэнтийн нурууны тайгыг томоохон хэмжээгээр хамгаалалтад авсан боловч баруун хойд хэсгийн жодоотой 500 орчим мянган га талбай тухайн үед орхигдсон байсан. Дараа нь түүнийг өргөтгөн хамгаалалтад авч чадсан. Ингэснээр тайгын экосистем доторх халиун буга, хүрэн баавгай, ойн бусад амьтад иж бүрнээрээ хамгаалагдах боломж бүрдсэн. Монгол орны зүүн талд цагаан зээрийн популяцын ихэнх хувь нутагладаг гэж судлаачид үздэг. Дорнод Монголын тал хээрийн дархан цаазат газар болон олон орон нутгийн хамгаалалттай газар нь цагаан зээрийн нүүдлийн экосистемийг хамгаалахад чухал үүрэгтэй. Тосон Хулстай, Яхь нуур зэрэг газрууд цагаан зээрийн шилжилт хөдөлгөөнийг хангах холбоос нутаг болж байна. 

Говийн Бага дархан цаазат газрын А хэсэг нь хулангийн тархац нутагтай уялдан Говь гурван сайхан зэрэг газартай холбогддог. Ийм байдлаар нүүдлийн зэрлэг амьтад, тайгын амьтад, ховор ургамлууд, биологийн олон янз байдал иж бүрнээрээ хамгаалагдаж байна. 

Монгол Алтайд олон улсын дансанд бүртгэгдсэн ховор ургамлууд байдаг. Мөнххайрхан, Увс нуур, Монгол Алтай, Чигэртэй, Хөх Сэрхийн нурууг хамгаалалтанд авсан нь тэдгээр ургамал хамгаалагдаж буй хэрэг юм.

-Та экологийн холбоос нутгийн тухай жаахан тодруулж ярьж өгөөч? 

-Зэрлэг амьтдын нүүдэл, шилжилт хөдөлгөөнийг хангахын тулд экологийн холбоос нутаг тогтоох шаардлагатай. Жишээлбэл, Говь гурван сайхан, Говийн Бага дархан цаазат газар зэрэг томоохон хамгаалалттай газрууд бий боловч тэдгээрийн хооронд шилжилт хөдөлгөөнийг хангах холбоос нутаг хэрэгтэй. Энэ холбоос нутгийн нэг чухал үүргийг орон нутгийн тусгай хамгаалалттай газрууд гүйцэтгэж байна. Бид холбоос нутаг дээр үлдсэн газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажлыг хийж ирсэн.

Эдгээр газрыг сонгох нэг том судалгаа нь 2008 онд The Nature Conservancy буюу TNC байгууллагатай хамтран хийсэн Монгол орны экологийн бүс нутгийн үнэлгээ юм.

TNC Монголд хөтөлбөрийн газраа нээснээс хойш би энэ байгууллагын олон ажилд оролцож ирсэн. Монгол орны экологийн бүс нутгийн үнэлгээгээр бид нэгдүгээрт, хамгаалалтад авсан газруудаа үнэлсэн. Хоёрдугаарт, хамгаалах шаардлагатай газруудыг тогтоосон. Энэ үнэлгээнд зөвхөн нэг салбарын судлаачид бус амьтан, ургамал, шавьж, усны амьтан, уулын туурайтан, аргаль хонь, цоохор ирвэс зэрэг зүйлийн түвшинд судалгаа хийдэг олон эрдэмтэн оролцсон. Үнэлгээний үр дүнд хамгаалалтад авсан газрууд болон цаашид авах шаардлагатай газруудын багц тогтоогдсон юм. Энэ багц дотор экологийн холбоос нутаг, биологийн олон янз байдлын хувьд онцгой ач холбогдолтой газруудыг орон нутгийн тусгай хамгаалалтад авах ажил эрчимтэй хийгдсэн. Энэ ажлын гол суурь нь биологийн олон янз байдал байсан. Зэрлэг амьтдын нүүдэл, төллөдөг, үрждэг, бөөгнөрдөг газруудыг хамгаалалтад авах зорилт тавьсан. 

Бид нийт 216 газар сонгож, хэдэн онд, ямар ангиллаар хамгаалалтад авах жагсаалтыг гарган үе шаттай хэрэгжүүлж байна. Сүүлийн судалгаагаар Монгол Алтайн нуруу, Их нууруудын хөндий зэрэг дөрвөн том бүсийн судалгааны ажлуудыг нэгтгэсэн дэлгэрэнгүй ном гарсан. Одоо TNC байгууллагын дэмжлэгтэйгээр манай эрдэмтэдхамгаалалтад авсан газруудыг үнэлж, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, ган, зудтай холбоотойгоор тэнд биологийн олон янз байдал хэрхэн өөрчлөгдөж буйгнарийвчлан судлахаар төлөвлөж байна. Нуур гол ширгэжбайна уу, амьтад хаашаа нүүдэллэж байна, ургамал, амьтны тархац хэрхэн өөрчлөгдөж байна вэ гэдгийг дахин үнэлэх шаардлагатай. Энэ бол дараагийн шатны маш чухал судалгаа юм. Дүгээд хэлэхэл биологийн олон янз байдлын түвшинд, ландшафтын түвшинд, экосистемийн түвшинд Монгол Улс тодорхой ахиц гаргаж чадсан. Цаашид тусгай хамгаалалттай газар нутгийхаа хэмжээг 30 хувьд хүргэх бүрэн боломж бий.

-Сүүлийн жилүүдэд байгалийг дан хамгаалах бус зохистой ашиглах талаар их ярьдаг болжээ. Энэ талаар таны бодол? 

-Газар нутгийг хамгаалалтад авахад заримдаа өвөлжөө, хаваржааг хориглох, малчид байгалийн дагалт баялгаа ашиглаж чадахгүй болох зэрэг асуудал гардаг. хүмүүс үеийн үед байгалийг ашиглах сонирхолтой байдаг нь ойлгомжтой.

Гэхдээ экосистемийн тэнцвэрт байдалд чухал нөлөөтэй, хамгаалах шаардлагатай газрыг хамгаалах л ёстой. Одоо “Тусгай хамгаалалттай газар нутгийн хууль” шинэчлэх асуудал ид яригдаж байна.

Тэрхүү 1997–1998 онд батлагдсан хууль бол үндсэндээ хамгаалалтын хууль байсан. Харин өнөөдөр нийгэм, эдийн засаг, аж ахуйн хэвшлийн тогтолцоо өөрчлөгдсөн тул хамгаалах, зохистой ашиглах хоёрыг уялдуулах шаардлага гарч байна. Тиймээс энэ хууль батлагдвал хамгаалалттай газар нутгийг зөв зохистой ашиглах боломж нээгдэнэ. Манайхан газар нутгийг хамгаалалтад авлаа гэхээр л бүхнийг хааж боож, хүн оруулахгүй, юу ч ашиглуулахгүй гэж буруу ойлгох хандлагатай байдаг. Гэтэл Монгол Улс уламжлалт нүүдлийн мал аж ахуйтай өргөн уудам нутагтай орон.

Аж ахуйн хэвшлийг тооцохгүйгээр газар нутгийг хамгаалалтад авах боломжгүй. Тийм учраас бид хамгийн хатуу хамгаалалтын горимтой дархан цаазат газруудыг ч анхнаасаа ашиглах газартай нь бүсчилж тогтоож өгсөн. Ландшафт, экосистем, байгалийн мужлалын хувьд гол цөм газрыг онцгой хамгаалалтын бүс болгож, тэнд байгалийн өөрчлөлт, хувьслыг ажиглах, судлах зориулалттай хатуу хамгаалалт тогтоодог. Харин хамгаалалтын болон хязгаарлалтын бүсэд нутгийн иргэд тодорхой хугацаанд оршин сууж, нүүдэллэн ашиглах боломжтой. Тэнд амьтан агнахгүй, ашигт малтмал олборлохгүй, байгальд онцгой сөрөг нөлөөтэй үйл ажиллагаа явуулахгүй боловч нутгийн иргэд байгалийн дагалт баялгаа энгийн байдлаар ашиглаж амьдрах боломжтой. Иймээс дархан цаазат газар ч гурван бүстэй, байгалийн цогцолборт газар ч гурван бүстэй байдаг. Байгалийн нөөц газар нь үндсэндээ нөхөн сэргээх, хамгаалах зорилготой боловч нутгийн иргэд энгийн байдлаар амьдарч, аж ахуйгаа эрхэлж байдаг. Үүний сацуу миний өмнө нь дурдсан орон нутгийн тусгай хамгаалалттай газар бол онцгой ач холбогдолтой. Ийм газрыг зүгээр нэг сонгож авдаггүй, тодорхой шалгуур үзүүлэлтээр сонгодог. Ингэснээр биологийн олон янз байдал иж бүрнээрээ хамгаалагдах боломжтой болдог.

Хувийн зургийн сангаас ашиглав

-Тусгай хамгаалалттай газар нутагт тулгарч буй бэрхшээлийн талаар? 

-Монгол Улсын төсвийн бүрдүүлэлтэд уул уурхайн салбар хамгийн их нөлөөтэй. Иймээс уул уурхай болон тусгай хамгаалалттай газар нутаг, байгаль хамгааллын салбарын хооронд уялдаа, бас зөрчил бий. Бид хөгжих хэрэгтэй. Аж үйлдвэрийн орон болох, уул уурхайн өгөөжийг ашиглах, төсөв бүрдүүлэх шаардлага бий. Тиймээс бид хөгжлийг бүрэн хааж, зөвхөн байгаль гэж яриагүй. Харин хөгжлийг байгаль орчинд нөлөө багатайгаар төлөвлөх ёстой гэж олон жил хэлж ярьж байна. Миний зөвлөдөг TNC байгууллага хөгжлийг байгаль орчинд сөрөг нөлөө багатай төлөвлөх, мөн дүйцүүлэн хамгааллын арга хэмжээг хэрэгжүүлэх чиглэлээр ажиллаж байна. Хэрэв үнэхээр стратегийн ач холбогдолтой газарт ашигт малтмал олборлох шаардлагатай бол түүнтэй ижил төстэй ландшафт, экосистем бүхий газрыг дүйцүүлэн хамгаалах арга хэмжээ авч болно. Энэ бол дэлхий нийтийн хандлага, жишиг юм. Гэхдээ аль хэдийн хамгаалалтад авсан газрыг хамгаалалтаас гаргах, чөлөөлөх асуудал байж болохгүй. Энэ ажлыг анхнаас нь хийж явсан хүний хувьд би үүнийг эрс эсэргүүцдэг.

Ашигт малтмал энэ тэнд ухаж, орон нутагт багахан өгөөж үлдээгээд орхидог байдал буруу. Үнэхээр стратегийн ач холбогдолтой том ордуудыг хариуцлагатайгаар ашиглаж, нөхөн сэргээлт хийж болно. Харин экосистемийн хувьд ховор, чухал ач холбогдолтой газруудыг уул уурхайгаас үл хамааран хамгаалах хэрэгтэй.

Ашигт малтмал бол шавхагддаг нөөц. Ухаад дуусна. Харин унаган байгалийг буцааж нөхөн сэргээнэ гэж үгүй.

Нөхөн сэргээлт хийж байна гээд ухсан газрыг булаад, үр цацаад, бага зэрэг ногооруулдаг. Гэхдээ тэр нь байгалийн унаган ургамал шиг, хөрсний гүнээс усаа татаж, экосистемийг тогтвортой барих чадваргүй. Хиймэл зүйл бол хиймэл л байдаг. Би заримдаа үүнийг хиймэл үс, хиймэл шүдтэй зүйрлэдэг. Харахад үс, шүд шиг боловч унаган өөрийнхтэй зүйрлэх аргагүй. Үүнтэй адил нөхөн сэргээсэн талбай харахад ногоорсон мэт боловч унаган байдал нь хэзээ ч эргэж сэргэхгүй. Ялангуяа Монголын эмзэг экосистемд энэ маш чухал. Хойд хэсгийн Сэлэнгэ, Хан Хэнтийн ой, тайгын экосистем нь ус чийг хангалттай бол тодорхой хэмжээнд нөхөн сэргэх чадвартай. Харин цөл, хуурай хээрийн экосистем байгалиасаа нөхөн сэргэх чадвар маш сул, урт хугацаанд шаардана. Тиймээс зайлшгүй төлөвлөсөн, үнэхээр шаардлагатай газраа л ашиглахаас биш энд тэнд олборлолт хийх нь маш буруу.

-Ийн төлөвлөхдөө ч гэсэн байгаль орчны нарийвчилсан үнэлгээнд суурилна биз дээ? 

-Байгаль орчны нарийвчилсан үнэлгээг маш сайн, тодорхой болгох хэрэгтэй. Үгүй бол томоохон бүтээн байгуулалт, зам, уул уурхайн төслүүдийн үед маргаан их гардаг. Сая л гэхэд бид харлаа шүү дээ. Туулын хурдны зам зэрэг асуудал байгаль орчны нарийвчилсан үнэлгээгээр шийдэгдэх ёстой атал бодит байдал дээр ямар маргаан дагуулж байна.Иймээс нөхөн сэргэх боломж, сөрөг нөлөө, экосистемийн үнэ цэнийг маш сайн судалж тогтоох шаардлагатай. Монгол Улсад ашигт малтмалаас гадна мөнгө олох өөр олон боломж бий. Дэлхий нийтээрээ улам бүр унаган байгалийг үзэх, уламжлалт аж ахуйтай танилцах сонирхолтой болж байна. Аялал жуулчлал хөгжиж, гадаад төдийгүй дотоодын жуулчид ч байгальд аялах сонирхол ихтэй болсон. Энэ бол эдийн засгийн чухал эх үүсвэр. Монгол орны байгаль бол Төв Азийн хэмжээнд унаган төрхөөрөө үлдсэн томоохон суурь экосистем юм. Байгалийн хил хязгаар засаг захиргааны хил шиг биш, маш өргөн хүрээтэй. Иймээс бид одооноос эхлэн байгальдаа анхаарч, хамгаалж байж л энэ үнэ цэнээ хадгалж үлдэнэ. Ирээдүйд Монголчууд бидний амьдрал энэ байгаль дээр л тогтоно.

-Өнөөдөр бол Биологийн олон янз байдлын өдөр. Энэ өдөр та уншигчдад маань хандаж байгаль хамгааллын тухайд юу хэлэх вэ? 

-Байгаль хамгаалах тухай бид их ярьдаг ч бодит байдал дээр заримдаа хэрэгжүүлдэггүй. Миний хамгийн дургүй зүйл бол тусгай хамгаалалттай газар нутагт аялж байгаа хүмүүсийн хог хаягдал юм. Увс нуур, Хөвсгөл зэрэг сайхан газруудад аялсан хүмүүсийн хогийг эцэст нь хэдэн байгаль хамгаалагч, тусгай хамгаалалттай газрын ажилчид л цэвэрлэдэг. Хэрэв хүмүүс тэр сайхан байгалийг ашиглаж, үр шимийг нь хүртэж байгаа бол ядаж хогоо хаяхгүй байх хэрэгтэй. Гэтэл хамгаалж байгаа хүмүүс нь цэвэрлэгч шиг болчихдог. Иймээс хүмүүсийн хандлагыг өөрчлөх шаардлагатай байна. Тусгай хамгаалалттай газарт аялах замналыг сайн тогтоож, хог хаягдлын менежментийг сайжруулах хэрэгтэй. Шинээр байгуулагдаж байгаа орон нутгийн тусгай хамгаалалттай газар ч, улсын тусгай хамгаалалттай газар ч ялгаагүй хогийн асуудлыг байнга ярьдаг. Гэхдээ хогоо хаяхгүй байх хандлага хүмүүсийн ухамсарт бүрэн суугүй байна. Энэ өөрчлөлт хүүхдүүд, эко клубууд, залуучуудаас эхлэх ёстой юм шиг санагддаг. Томчуудын дийлэнх нь өөрчлөгдөхгүй, ашиглаад хаяад л явдаг.

Харин хүүхэд залуучуудын зөв ойлголт, хандлага, үлгэр дуурайлаар томчуудад нөлөөлөх боломжтой. Хог хаяхгүй байх, ургамал таслахгүй байх, амьтнаа хамгаалах зэрэг энгийн зөв дадлыг хэвшүүлэх өдөр тутам хэрэгтэй юм.

-Үүний зэрэгцээ байгаль хамгаалах уламжлалт мэдлэгийг сайн түгээж, шашин, соёл, ёс заншилтай холбон ойлгуулах шаардлагатай. Сургууль, эко клубийн хүүхдүүдийн үйл ажиллагааг сайн дэмжиж, хүүхдүүдийг татан оролцуулбал тэд томчуудад үлэмж нөлөөтэй. Мөн тусгай хамгаалалттай газар бүр менежментийн төлөвлөгөө боловсруулдаг бөгөөд хог хаягдлыг хамгийн түрүүнд бичдэг. Гэвч хэрэгжилт үргэлж хангалтгүй байдаг. Иймээс торгууль, захиргааны арга хэмжээ, хууль хэрэгжилтийг сайжруулах хэрэгтэй байх. Манай Монголд олон сайн хууль байдаг ч хэрэгжилт сул байдаг. Хууль хэрэгждэг болчихвол энэ асуудал аяндаа цэгцэрнэ. Бид байгалиа хамгаалах, хайрлах, үр ашгийг нь зөв хүртэх ёстой. Байгаль гэдэг үргэлж нэг хэвээрээ байгаад байх зүйл биш, хувирч өөрчлөгдөж байдаг. Тиймээс бид үр өгөөжийг нь хүртэж байгаа л бол эргээд тордож, хамгаалж, хойч үедээ үлдээх ёстой. Дахин хэлэхэд байгаль хамгаална гэдэг хүн бүрийн оролцох ёстой маш чухал үйлс. Үүний хамгийн дээд хэлбэр нь газар нутгийг дархлан хамгаалах явдал юм.

-Баярлалаа Танд.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Р. Болор

МУИС-ийг экологич мэргэжлээр төгссөн. Байгаль хамгааллын менежментийн чиглэлд 20 гаруй жил ажиллаж буй туршлагатай. Байгаль орчны сэтгүүл зүйн магистрант

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
19 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Уул уурхайгаа ч хөгжүүлье байгалиа ч хамгаалъя гэдэг нь зөв

Зочин
Зочин

Ийм эрдэмтэн хүмүүсийн үгийг төр нь сайн сонсмоор юм

Зочин
Зочин

Байгаль нэг сүйдвэл мөнгөөр буцааж босгох боломжгүй шүү

Зочин
Зочин

Монголын унаган байгаль бол бидний хамгийн том баялаг

Зочин
Зочин

30 хувь хамгаална гэдэг зөв зорилт байна

Зочин
Зочин

Хүүхдүүдэд багаас нь байгаль хамгаалах ойлголт өгөх хэрэгтэй

Зочин
Зочин

Хог хаядаг хүмүүст илүү хатуу торгууль хэрэгтэй

Зочин
Зочин

Дархан цаазат газруудаа хамгаалж үлдэх нь чухал

Зочин
Зочин

Ийм урт хугацаанд судалгаа хийсэн хүний яриа үнэхээр үнэ цэнтэй юм

Зочин
Зочин

Uvs nuur Huvsgul deer ochood hogoo haydag humuus uneheer soyolgui

Зочин
Зочин

Baigaliin nuhtsun neg aldagdval dahin sergeh gej olon jil orno

Зочин
Зочин

Ecological holboos nutag gedeg oilgolt ih sonirholtoi yum bn

Зочин
Зочин

Zuvhun ashig harsaar baigaad baigalaa ustgaj bolohgui

Зочин
Зочин

TNC tai hamtarsan sudalgaanuud ih heregtei ajil hiijee

Зочин
Зочин

Hun bur ayalj yavaa gazraa tsever bailgah uuregtei

Зочин
Зочин

Biologiin olon yanz baidal gedeg amidralyn undes yum

Зочин
Зочин

Yag iim mergejliin humuus ni huuli bodlogodoo oroltsoh heregtei

Batnyam
Batnyam

Газарзүйн шинжлэх ухаанд үнэтэй хувь нэмэр оруулсан эрдэмтэн

Зочин 7
Зочин 7

Эрдэмтэн Оюунгэрэл танд таны ажилд амжилт, амьдралд тань аз жаргал , эрүүл энхийг ерөөе. Үргэлж инээж яваарай.

Холбоотой мэдээ

Back to top button