Бага ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас хүнд цүнх үүрч байна

Монгол сурагчдын цүнхний жин, түүнээс үүдэлтэй эрүүл мэндийн нөлөөллийг судалсан “Монгол сурагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлгийг МУБИС-ийн Боловсрол судлалын сургууль, Боловсрол судлалын хүрээлэнгээс зохион байгууллаа.
Судалгаагаар сурагчийн цүнхний жин биеийн жингийнх нь 10 хувиас хэтрэхгүй байх нь зохистой гэж үздэг ч 1-5 дугаар ангийн сурагчдын 66.8 хувь нь биеийн жингийнхээ 15 хувиас давсан жинтэй цүнх үүрч байгаа нь тогтоогджээ. Хэлэлцүүлгийн үеэр цүнхний жингийн анги хоорондын ялгаа, сурах бичгийн ачаалал, хүүхдийн эрүүл мэндэд илэрч буй зовуурь болон олон улсын туршлагыг танилцуулсан байна.
Судалгаанд оролцсон суралцагчдын 78 хувь нь цүнх хүнд , 88 хувь нь локер хэрэгтэй, 82 хувь нь хичээлийн хуваарийг зохистой болгох гэж хариулжээ.
Цүнхний ачааллын бүтцийг тооцож үзэхэд сурах бичиг 40-60 хувийг эзэлж байна гэх дүгнэлт гарсан байна. Олон улсын жишигт жилийн агуулгыг нэг боть номоор хэвлэх тохиолдолд үргэлж сургуульдаа локертой байдаг. Гэтэл Монголд анги танхимд локер байгаа хэдий ч өөр ангитай хувааж ашиглаж байгаа учир хүүхдийн цүнхний жинд нөлөөлөх шийдэл болохгүй байгаа аж.













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.