НийгмийнУЛС ТӨР

Г.Занданшатар: Зөрчил гаргасан иргэн, ААН-д эхлээд сануул, дараа нь торго

Сайн байцгаана уу, Та бүхний энэ өдрийн амар амгаланг эрье.

Өнөөдөр буюу 2020 оны 5 дугаар сарын 01-ний өдөр УИХ-ын дарга Г.Занданшатарт Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг өргөн барилаа.

2 хоногийн өмнө Засгийн газрын хуралдаанаар энэ хуулийн төслийг дэмжсэн.

2003 онд баталсан Төрийн хяналт шалгалтын тухай хууль хэрэгжиж эхэлснээс хойших 16 жилийн хугацаанд  6 удаа нэмэлт, өөрчлөлт оруулжээ.

Төрийн хяналт шалгалтын хуулиар “төрийн хяналт шалгалтын тогтолцоо, түүнд хамраах хяналт шалгалтын төрөл, тэдгээрийг хэрэгжүүлэх нийтлэг стандарт, журам” -ыг тогтоож чадаагүй.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Төрийн хяналт шалгалтын хуулийн зохицуулалт нь хэт хязгаарлагдмал байна.

Төрийн хяналт шалгалтад мөрдөх журмыг хуулиар биш салбарын болон байгууллагын хүрээний дүрэм, журмаар хэт ялгаатай байдлаар зохицуулах,  мөн төрийн хяналт шалгалтыг зөвлөн зааварчлахад бус харин шийтгэл оногдуулахад илүү чиглүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна.  

Миний өргөн барьсан хуулийн төслийн үзэл баримтлалаа товч тайлбарлая.

Хууль тогтоомж, стандартын хэрэгжилтийг хангуулж буй төрийн хяналт шалгалтын байгууллагуудын үйл ажиллагаа нь иргэд, аж ахуйн нэгжид эхлээд ЗӨВЛӨН ТУСАЛДАГ, АЛДАА НЬ АНХААРУУЛДАГ, АЛДААГАА ЗАСААГҮЙД нь арга хэмжээ авдаг болгохоор хуулийн төслийг боловсрууллаа.

Төрийн хяналт шалгалтын хуулиар зөвлөмж, шаардлага хүргүүлэх замаар иргэн аж ахуйн нэгжид алдаагаа засах боломжийг олгоно.

Гэхдээ мэргэжлийн хяналтын байгууллагын нэгдсэн тогтолцоо, бүтцийг хөндөөгүй бөгөөд улам бэхжүүлсэн болно.

Энэ хуулийн төсөлтэй хамт Зөрчлийн тухай хууль, Зөрчил хянан шийдвэрлэх тухай хууль гэх мэт нийт 17 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна.

Та бүхэн санаж байгаа, Зөрчлийн тухай хууль 2017 онд батлагдсан.

Энэ хуулийн төслийг хэлэлцэх эсэх, эхний хэлэлцүүлэг, ажлын хэсгийн хуралдаан, эцсийн хэлэлцүүлгийн бүхий л шатанд би ганцхан зарчмыг байнга анхааруулж ирсэн.

Энэ нь зөрчил гаргасан иргэд, аж ахуйн нэгжийг ЭХЛЭЭД САНУУЛ-ДАРАА НЬ ТОРГО гэсэн зарчим юм.

Харамсалтай нь маш олон удаа хэлж ярьсан энэ зарчмыг хүлээж аваагүй.

Өнгөрсөн 3 жилд Зөрчлийн  тухай хуулийн ТОРГО-ТОРГО  зарчим хэрэгжиж ИРГЭД АЖ АХУЙН НЭГЖҮҮДИЙГ  туйлдуулж байгаа нь амьдаралд батлагдалаа.

Жижиг зөрчил, алдаа дутагдалд Зөрчлийн тухай хуулиар торгууль оногдуулдаг явдал хавтгай байна.

Алдаа гаргасан л бол шийтгэхээр зохицуулсан нь төрийн хяналт шалгалтыг хүчгүй, үр дүнгүй, зөвхөн зөрчил илрүүлэхийн тулд урьдчилан гүйцэтгэх ажиллагааны үе шат байдлаар хэрэгжих ажиллагаа болж хувирахад хүргэсэн байна.

Иймд Зөрчлийн тухай хуульд заасан 26 зөрчил, 4 төрлийн тодорхой үйлдэл, эс үйлдлийг зөрчилд тооцохгүй байхаар хуулиас хасаж, гэмт хэрэгтэй давхардсан байдлыг арилгах зорилгоор 4 төрлийн зөрчлийн томьёоллыг өөрчлөн найруулсан болно.

Зөрчлийн тухай хуульд 1200 орчим зөрчлийн хэлбэрт анхааруулж сануулахгүйгээр шууд торгох арга хэмжээ авдаг.

Иргэнийг 10 мянгаас  5 сая хүртэл төгрөгөөр,  хуулийн этгээдийг 100 мянгаас 50 сая хүртэл төгрөгөөр торгох шийтгэл оногдуулахаар заасан 590 зөрчлийг анх удаа үйлдсэн иргэн, хуулийн этгээдийг шийтгэлээс нэг удаа чөлөөлөх зохицуулалтыг нэмж тусгана.

Иргэн, нийгэм, байгаль орчинд хор хохирол ихтэй бусад зөрчлүүдэд сануулах арга хэмжээг авахгүй буюу торгуулиас чөлөөлөхгүй.

Жишээ нь, тайлангаа хугацаа хоцроосон аж ахуйн нэгж нь торгох шийтгэлээс чөлөөлөгдөх боловч тайлангаа тогтоосон хугацаанд нөхөн гаргаж, хүргүүлэх үүрэгтэй. Харин үүргээ биелүүлээгүй бол хариуцлага тооцогдоно.

Сануулах арга хэмжээг авдаг болсноор иргэд, аж ахуйн нэгжийн бизнес эрхлэхэд томоохон дэмжлэг болно гэдэгт итгэж байна. Анхаарал хандуулсан баярлалаа.

Энэ мэдээнд таны өгөх үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Холбоотой мэдээ

Нэг сэтгэгдэл

Хариулт үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Back to top button