НИЙГЭМ

Сайханы хөтөлд 700 сая төгрөгөөр шилэн гүүр барина

Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдаан 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр цахимаар хуралдаж 6 асуудал хэлэлцэн 4 тогтоол баталлаа. Үүнд:
1.Аймгийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийн явц байдал, үр дүнг хэлэлцээд “Хангалттай” гэж үнэллээ.
2.Сэлэнгэ аймгийн 2020 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцээд “Болд төмөр Ерөө гол” ХХК-тай байгуулсан санамж бичгийн хүрээнд Сайханы хөтлийн “Шилэн гүүр” цогцолборын шилэн гүүр барихад 700.0 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийхээр тохиролцсоны дагуу тус компаниас тавьсан санал өмнөх алдааг давтахгүйн үүднээс төсвийн зөв зохицуулалт буюу аймгийн Орон нутгийн хөгжлийн сандаа тус хөрөнгийг авч хөрөнгө оруулалтын ажилд “Шилэн гүүрийн барилга угсралтын ажил” шинээр нэмэв. Мөн 80 хувийн гүйцэтгэлтэй явагдаж байгаа Төрийн албан хаагчийн 120 айлын орон сууц төслийн эхний 80 айлын орон сууц энэ 2 дугаар улиралд ашиглалтанд орно. Үлдсэн 40 айлыг ашиглалтанд оруулахад шаардлагатай байгаа хөрөнгө оруулалтыг Хөтөлийн Цемент шохой ХК-нийн татвар болох 1.0 тэрбум төгрөг цементээр авч тус төслийг санхүүжүүлэхээр боллоо.
3.Аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны “Журам, үнэлгээ батлах тухай” 75 дугаар тогтоолоор иргэн, аж ахуйн нэгжийн хүсэлтээр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн ойгоос мод шилжүүлэн суулгахад баримтлах журмыг баталсан бөгөөд шилжүүлэн суулгах модны үнэлгээг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оны 394 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан “Нэг ширхэг зулзаган-залуу модны экологи эдийн засгийн үнэлгээ”-ний 10 хувиар тооцон тогтоосон. Гэтэл Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2020 оныА/176 тоот тушаалаар “нэг ширхэг өсвөр залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г шинэчлэн баталж нэг ширхэг өсвөр залуу модны экологи-эдийн засгийн үнэлгээ нь тухай модны өндрөөс хамаарч шилмүүст мод 136.798 - 977.130 төгрөг, навчит мод 87.941 - 693.763 төгрөг, сөөг 13.680 төгрөг болж нэмэгдсэн бөгөөд өсвөр, залуу модыг хот, суурины ногоон байгууламжид шилжүүлэн суулгахад нийт үнээр, зөвшөөрөлгүй авсан тохиолдолд нийт үнийг 3 нугалж хохирол тооцохоор заасан байна.
Иймд Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрийн ойгоос мод шилжүүлэн суулгах модны үнэлгээг тогтоосон аймгийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2015 оны “Журам, үнэлгээ батлах тухай” 75 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтыг хүчингүй болголоо.
4.Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн ажлын тайланг хэлэлцээд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны үйл ажиллагааны төлөвлөгөөний хэрэгжилтийг “Хангалттай” гэж дүгнэлээ.
5.Согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл олгох журмыг шинэчлэн батлах тухай болон Бичил худалдаа, ажил үйлчилгээ эрхлэгч хувь хүний орлогын албан татварын хувь хэмжээ тогтоох тухай хоёр асуудлыг дахин боловсруулах шаардлагатай гэж үзэн хэлэлцэх шатнаас нь буцаан татлаа. Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчид 2020 оны 04 дүгээр сард 2 удаа хуралдан 12 асуудал хэлэлцэн 11 тогтоол баталлаа. Үүнд:
1.Жендерийн эрх тэгш байдлыг хангах аймгийн хөтөлбөрийн хэрэгжилтийн явц үр дүнг “Хангалттай” гэж үнэллээ.
2.Аймгийн ИТХ-ын ээлжит XVIII хуралдааныг зарлалаа.
3.Дулаанхаан тосгоны Захирагчийн албаны үндсэн хөрөнгөд бүртгэлтэй спорт заалны барилгыг тоног төхөөрөмжийн хамт тус тосгоны Спорт цогцолборт, Баруунбүрэн сумын ЗДТГ-ын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй Спорт заалны барилгыг тус сумын Спорт цогцолборт, аймгийн Боловсрол соёл урлагийн газрын газрын үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тоног төхөөрөмжийг зарим сумын Соёлын төв, цэцэрлэг, ЕБС-иудад шилжүүллээ.
4.Номгон тосгоны Эрүүл мэндийн төвийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, Мандал сумын Цагдаагийн хэлтсийн үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл, Цант-Орхон ХХК-ний үндсэн хөрөнгөд бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нь ашиглалтын хугацаа дуусч, сэргээн засварлах боломжгүй болсон тул дээрх тээврийн хэрэгслүүдийг нээлттэй дуудлагын худалдаагаар худалдахыг зөвшөөрч, худалдах доод үнийг тогтоов.
5.Хөдөө аж ахуйн газар тариалангийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Мандал сумын иргэн Доржпаламын Арвинг “Хөдөө аж ахуйн гавьяат механикжуулагч” цолоор шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.
6.Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, хөдөө аж ахуй, газар тариалангийн салбарт амжилт гаргасан Сэлэнгэ аймгийн харьяат зарим иргэдийн төрийн одон медалиар шагнуулахаар уламжлав. Үүнд: Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор 6, Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор 1, Алтан гадас одонгоор 21, Хөдөлмөрийн хүндэт медалиар 10 иргэнийг тус тус шагнуулахаар уламжиллаа.
7.Зургаа ба түүнээс дээш хүүхэд төрүүлж 6-аас доошгүй хүүхдийг өөрийн асрамжаар өгсөн хүмүүжүүлсэн Сэлэнгэ аймгийн харьяат 38 эхийг Алдарт эхийн I одонгоор, 4-5 хүүхэд төрүүлж 4-өөс доошгүй хүүхдийг өөрийн асрамжаар өсгөн хүмүүжүүлсэн 346 эхийг Алдарт эхийн II одонгоор шагнуулахаар Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлав.
8.Монгол Улсын Гавьяат багш, нэрт сэхээтэн Гочоогийн Даваагийн Монгол улсын боловсролын салбарт тасралтгүй идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, хөдөө аж ахуйн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан гаргасан амжилт, хөдөлмөрч чанарыг нь залуу хойч үедээ үлгэр дуурайлал болгон мөнхжүүлэх зорилгоор Мандал сумын Ерөнхий боловсролын II сургуулийг Монгол улсын Гавьяат багш Гочоогийн Даваагийн нэрэмжит болголоо.
9.Шаамар сумын Дулаанхаан тогсоны ЕБС-ийн үүсэн байгуулагдсаны 60 жилийн ойг 2020 оны 10 дугаар сард тэмдэглэхийг зөвшөөрөв.
10. 2019-2020 оны хичээлийн жилд БСШУСЯ, Боловсрол телевиз хамтран улсын хэмжээнд зохион байгуулсан “Би багш” уралдаант, зорилтот нэвтрүүлэгт амжилттай оролцож тэргүүлсэн амжилтыг нь үнэлж Мандал сумын ЕБ-ын III сургуулийн бага ангийн багш Цэрмаагийн Аюушийг Сэлэнгэ аймгийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав.
11.Сэлэнгэ аймгийн ИТХ-ын ээлжит сонгуулийг зохион байгуулахад аймгийн төвийн сумын баг тус бүрийг 1, Ерөө, Сайхан сумдыг тус бүр 2, Мандал сумыг 5, бусад сум тус бүрийг 1 тойрог болгон нийт 30 тойрог байгуулж, аймгийн ИТХ-ын нийт төлөөлөгчдийн тоог 37 байхаар тогтоолоо.

Г.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button