Шотланд эмэгтэйчүүдийн хэрэглэлийг ҮНЭГҮЙ болгосон анхны улс боллоо

Шотландын Парламентын гишүүд өнгөрсөн мягмар гарагийн өдөр (2020.11.10) эмэгтэйчүүдийн хэрэглэлийг үнэгүй болгох хуулийн төслийг санал нэгтэйгээр дэмжин баталжээ.
Уг хуулийн төслөөр Шотландад буй улсын сургууль, их сургууль, олон нийтийн барилгад эмэгтэйчүүдийн хэрэглэлүүдийг үнэ төлбөргүй авч болохоор байршуулах аж.
Уг хуулийн төслийг өнгөрсөн жил Парламентэд өргөн барьсан Моника Леннон “Төслийг дэмжих ажлыг эмэгтэйчүүдийн эрхийн байгууллага, хандивын байгуулла гэх мэт газруудаас маш эрчтэй явуулсан. Шотланд улсын дараа олон орнууд мөн адил хуулийн төсөл батлах болно. Бидний хийсэн зүйл үнэгүй хэрэглэлийг хэрэгтэй эмэгтэйчүүдэд нь олгох боломжтой гэдгийг дэлхий дахинд харууллаа” гэжээ.
Шинэ хуулийн төслийг олон тооны эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллага болон Парламентийн гишүүд сайшаасан юм. Тухайлбал Шотландын тэргүүн сайд Никола Стуржон “Шотландыг эмэгтэйчүүдийн хэрэглэл үнэгүй болгосон дэлхийн анхны улс болгох энэ хуулийн төсөлд саналаа өгч, дэмжиж байгаадаа бахархаж байна. Охид эмэгтэйчүүдэд хэрэгтэй бодлого” гэж сайшаасан байна.
2017 онд “Plan International UK”-ээс явуулсан судалгаагаар бол Англид арван охид тутмын нэг нь сарын тэмдгийн хэрэглэл худалдаж авах боломжгүй байсан аж.
Мөн 2018 онд Шотландын засгийн газар сургууль, коллежийн сурагч нарт үнэгүй ариун цэврийн хэрэглэл өгөхөөр 5.2 сая фунт стерлинг төсөвлөж байжээ.
Б. БУЯНДОРЖ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.