Балаг үргэлжилсээр: 1.5 жил ажиллаад татан буугдсан ОНӨТҮГ-ын өрийг ирэх жилийн төсвөөр барагдуулна

Нийслэлийн 2023 оны төсөв удахгүй батлагдах гэж байна.
Төсвийн төсөлд, "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа" ОНӨТҮГ-ын өрийг барагдуулах чиглэлд 24.8 сая төгрөгийг төсөвлөсөн байгаа юм. Энэ ОНӨТҮГ өнгөрөгч оны арванхоёрдугаар сард татан буугдсан.
Харин С.Амарсайханыг Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байх үед үүсгэн байгуулагдаж, жил таван сарын хугацаанд ажиллахдаа төсвийн 406 сая төгрөгөөр санхүүжсэн байдаг.

АСУУДАЛ НЭГ: "Дүүжин тээврийн ашиглалтын өмнөх захиргаа" ОНӨТҮГ-ын зорилго биелээгүй. Франц улсын дэмжлэгээр байгуулах дүүжин тээврийн урьдчилсан менежмент, зохион байгуулалтыг хангах зорилготой эл ОНӨТҮГ жил таван сар ажиллаж, төсвийн мөнгөөр санхүүжчихээд зүгээр л татан буугдсан. Одоо дүүжин тээврийн сураг алсарсан, С.Амарсайхан Шадар сайдаар ажиллаж буй.
АСУУДАЛ ХОЁР: Энэ ОНӨТҮГ байгуулагдсан 2020 ондоо 65 сая төгрөгийн санхүүжилт авч, зарцуулсан. Түүнчлэн 2021 онд 414.3 сая төгрөгийн төсөв батлуулж авчээ. Цаашлаад 2022 онд 3.3 тэрбум, 2023 онд 1 тэрбум, 2024 онд 1.1 тэрбум төгрөгийн төсөв батлуулах санал гаргаад байсан нь анхаарал татдаг. Үүнээс нь өмнө ОНӨТҮГ-ын татан буулгасан.
Найман хүний бүрэлдэхүүнтэй байсан бөгөөд нэг хүн 2.5 сая төгрөгийн цалин авч байсан.
АСУУДАЛ ГУРАВ: Жил таван сарын хугацаанд найман хүнийг хий 242.9 сая төгрөгөөр цалинжуулж, нийт 406 сая төгрөгийг урсгал зардалд зарцуулаад татан буугдсан энэ газар хэрэв татан буугдаагүй бол ирэх жилүүдэд тэрбум, тэрбумын төсөв батлуулах төлөвлөгөөтэй байсан. Татан буулгаад жил болж буй ч бүр 2023 оны төсөвт 25 сая төгрөгийн өрийг нь дахин Нийслэлийн төсвөөс барагдуулахаар төлөвлөжээ.
С.Амарсайханы дүүжин тээврийн балаг ийм байдлаар үргэлжилсээр.
Энэ тухай бэлтгэж байсан дэлгэрэнгүй дата контентыг энд дарж уншина уу.
Г.САНСАРМАА












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Энэ нэг гөлийсөн юмаар төлүүлээчээ