"Шинэ салхи": Туулай жилийн зүй тогтлыг баталж, 1990-ээд оны залуус үзүүр, түрүүнд үлдсэн наадам

Тулгар төрийн 2232, Их Монгол улс байгуулагдсаны 817, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112, Ардын хувьсгалын 102 жилийн ой, Үндэсний их баяр наадам сайхан боллоо.
Таавар эвдсэн хүчит бөхийн барилдаан, шударга ёсны салхи сэвэлзсэн хурдан морины уралдаан, соёлын өвөө үнэнчээр тээгчдийн онч мэргэн харваа дүүрэн энэ жилийн наадам олныг баясгалаа.
Хурдан мориноос, ХХААХҮ-ийн сайд асан З.Мэндсайханы шар үрээг морь бариач түрүүлж барьсан нь асуудал дагуулсан. Гэсэн ч З.Мэндсайхан "Хурдан морины салбар хороонд дахин шалгуулах хүсэлт гаргасан. Би аман хүзүүгээ авна" хэмээсэн юм. Улмаар хар үрээг түрүүлсэнд тооцсон билээ.
Мөн 504 дугаартай унаач Дорнод аймгийн Хэрлэн сумын харьяат, 13 настай унаач хүү Б.Баттөгөлдөр өрсөлдөгч унаач хүүгээ унах гэхэд нь түлхэн осгосон. Сошиалд түлхэн босгосон, эсвэл хурдыг нь сааруулах гэж татсан гэх мэтээр талцаад өнгөрлөө. Эцсийн дүндээ монголчуудын эерэг цагаан сэтгэл хийгээд сошиал орчинд марган талцдаг дүр зураг зэрэг зэрэг үзэгдсэн гэхэд болно.
Хамгийн сонирхолтой бөгөөд үл тааварлам үйл явдал Хүчит бөхийн барилдаанд боллоо.
Туулай жилд хангайн бүсийн аймгийн бөхчүүд амжилттай барилддаг статистик бий. Тэр дундаа өмнөх буюу 1963 оны усан туулай жилд Архангайн хоёр бөх шөвгөрч байсан. Мөн 2023 онд зохион байгуулагдсан бусад барилдаануудад, тэр дундаа "Алтан цом"-д Архангайнхан амжилттай оролцсон. Үүнд үндэслэн, энэ жил Архангайнх болоод хангайн, төвийн бүсийн аймгийн бөхчүүд амжилттай оролцох боломжтой хэмээн тааварлаж байлаа.
Сонирхолтой статистик дурдахад, өмнөх туулай жилүүдийн барилдаанд амжилтын үзүүлэлтээрээ:
- Архангай аймгаас тав
- Төв аймгаас тав
- Увс аймгаас дөрөв
- Өвөрхангай аймгаас дөрвөн бөх шөвгийн дөрөвт үлдэж байсан байгаа юм.
Харин барилдааны өнгө бөгөөд цол, туршлагаар Архангай аймгаас Улсын харцага О.Мөнх-Эрдэнэ, Улсын арслан Р.Пүрэвдагва нарыг амжилттай барилдах болов уу гэсэн хүлээлт байсан. Гэвч энэ таамгийг эвдэж, Архангай аймгаас цоо шинэ дүр төрх болох Улсын гарьд М.Бадарч амжилттай барилдан, Даян аварга Н.Батсуурийг давж, түрүүг авлаа.
Даян аварга Н.Батсуурь Улсын арслан Ц.Содномдорж нарын барилдаанд шинэ дүрэм хэрэгжсэн. Тэд жаран минутын турш барилдан, хаялцаагүй тул дүрмийн дагуу Хөлийн цэц шийдвэр гаргаж, Н.Батсуурийг давсанд тооцсон юм. Н.Батсуурийг хаялцахаас цааргалж, барьцаа задалж, давшилсан хий хөдөлгөөн хийх маягаар жаран минут болгосон тул шударга бус шийдвэр хэмээн шүүмжилсэн хэсэг ч бий.

Харин Н.Батсуурийг наймын даваанд шууд хаясан Өвөрхангай аймгийн харьяат, Улсын харцага Ц.Бямба-Отгон онцгой амжилт үзүүлж, үзүүрлэлээ.
2009 онд буюу одоогоос 14 жилийн өмнө Улсын арслан Д.Ганхуяг л Үндэсний их баяр наадмын үзүүр, түрүүнд үлдэж байв. Энэ амжилтыг Ц.Бямба-Отгон нутагтаа 14 жилийн дараа дахин авчирлаа. Тэрбээр "Энэ бол бидний хувьд зөвхөн эхлэл" хэмээсэн нь нутгийнхандаа омогшил төрүүлсэн болов уу.
Туулай жилийн өнгө, зүй тогтлын дагуу хангайн бүсийнхэн амжилт үзүүлж, баруун аймгийнхан тухайн бөхийнхөө амжилт, туршлагаар шөвгөрлөө. Түүнээс гадна, шинэ цагийн салхи салхилж буйг баталж, 33 настай бөх түрүүлж, 28 настай бөх үзүүрлэлээ.
Үе солигдохоос гадна дүрэм журам, бөхчүүдийн ухамсар хандлага, хичээл зүтгэл ч цаг үеэ даган өөрчлөгдөж буйг өнөө жилийн Үндэсний их баяр наадмаас харлаа.
Мөн өнөө жил Улсын начин цолыг таван бөх хүртсэн нь ихээхэн анхаарал татсан.
Тодруулбал,
- Улсын аварга С.Мөнхбат тахимаа өгснөөр Аймгийн арслан Д.Тогтохжаргал (Увс)
- Цэргийн арслан Л.Отгонбаатар (Архангай) Улсын гарьд Б.Гончигдамбыг давснаар
- Аймгийн арслан Г.Ганхуяг (Ховд) Улсын гарьд Ө.Бат-Оршихийг давснаар
- Аймгийн арслан С.Сүхбат (Архангай) Улсын заан Д.Анарыг давснаар
- Аймгийн арслан Э.Ууганбаяр (Төв) Улсын заан Б.Бат-Өлзийг давснаар тус тус Улсын начин цол хүртсэн.
Тэднээс аймгийн арслан цолтой барилдсан Г.Ганхуяг цолоо хоёр ч ахиулж (Б.Орхонбаярыг давсан) Улсын харцага болсон. Мөн адил аймгийн арслан цолоор нэгийн даваанд хөл тавьсан С.Сүхбат (Архангай аймгийн) цолоо хоёр ахиулж, Улсын харцага цолын болзол хангасан нь амжилт.
Г.САНСАРМАА





АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.