"Монголын шороон зам жазз хөгжим шиг": Нэвтрүүлгийн эхний дугаараас онцлох зүйлс

Уг нэвтрүүлэг нь Солонгос жүжигчид монголд шуудан зөөж буй тухай гарах бөгөөд одоогоор монголд эхний анги цацагдаад байгаа юм. Тус нэвтрүүлгийн гол бүрэлдэхүүнд дуучин Kim Jong Kook, Hong Kyung Min, жүжигчин Jang Hyuk, Cha Tae Hyun, Hong Kyung In, Kang Hoon нар оролцож байгааг бид мэднэ. Морь унах санаа тэднийг Монгол руу хөтөлж, илгээмж хүргэхээр болж буй нь энэ. Тэд илгээмжээ хүргэхээр Чингис хаан нисэх онгоцны буудлаас Алтай таван богд хүртэл 8 өдрийн турш 2000 км замыг туулах ажээ.
Энэ хугацаанд 7 хүргэлт хийх бөгөөд илгээмж тус бүр эзэндээ очих тодорхой хугацаатай юм. Илгээмжээ товлосон хугацаанд нь хүргэж чадваас хэсэг зуурын амралт буюу эрх чөлөөг мэдрэх бололцоог олгох бололтой. Тэдний эхний илгээмжээ хүргэх газар Завхан аймгийн Тосонцэнгэл сум, Хужир баг байлаа.
Тэгвэл уг нэвтрүүлгийн онцлох сонин содон зүйлс юу байв аа? Нэвтрүүлгийн эхний ангид манай улс болоод БНСУ-ын ялгааг тодхон харуулсан онцлууштай зүйл олон байв.
1. Монгол улс Солонгос улсаас 15 дахин том газар нутагтай. Сөүлээс Бусан хүртэл 418 км байхад тэд 2000км замыг туулна гэдэг амаргүй даваа юм.
2. Улаанбаатар дэлхийн хамгийн хүйтэн хот.
Тус нэвтрүүлэгт “Монгол улсын нийслэл Улаанбаатар. Монголын хамгийн орчин үеийн газар. Онцгой монгол хэл, соёл оршин тогтсоны дээр урт аялалд гарахжуулчдын хүнсээ базаах гол газар” гэж танилцуулдаг.
Жүжигчин Кан Хүн Улаанбаатар хотод ирсэн анхны гэмээр сэтгэгдлээ “Энд ирэнгүүт нус гоожоод эхэллээ. Яагаад юм бол? Цаг агаар хүйтэн байгаа болохоор тэр юм болов уу?” гэж илэрхийлсэн юм.
3. Монголын аяллын бэлгэ тэмдэг-Пургон.
Монголын бартаат замын эзэн бол яах аргагүй Пургон. Пургоныг “1965 онд ЗХУ-ын армид тээврийн зориулалтаар бүтээгдсэн. Аяллын явцад олон хүний таашаалд нийцсэн” гэж тайлбарладаг байна. Нээрэн яах аргагүй манай аяллын бэлгэ тэмдэг Пургон мөн биз дээ?
4. Шороон зам давалгаан дунд байгаа мэт мэдрэмжийг төрүүлдэг.
Тэдний эхний очих ёстой газар Чингис хаан нисэх онгоцны буудлаас засмалаар 70 км, шороон замаар 45 кмявсны эцэст хүрэхээр байлаа. Шороон зам руу орсны дараахан тэд хоорондоо “амаргүй юм, донсолгоотой. Бөөлждөггүй хүн ч бөөлждөг болох юм байна” гэлцэж байсан юм.
5. Монголын шороон зам яг л жазз хөгжимтэй адил.
Монголын шороон зам Дубайн элсэн цөлийг санагдуулсан гэж ярилцана. Иймд бартаа саад ихтэй замаар машинтайгаа давхиж буй жолоочийн жолооны ур чадвар яг л циркийн үзүүлбэр шиг хэмээн зүйрлэсэн билээ.
Шороон замаар орсны дараахан бэлчиж буй үхэрнүүдийг хараад “Хөөх, үхэр байна. Эндхийн үхэр их таргалсан юм байна шүү дээ. Хонь нь их жижигхэн өхөөрдөм юм аа. Тэд нийлээд эсэргүүцлийн жагсаал хийж байгаа юм биш үү? Тэдний дунд толгойлогч байгаа бололтой, хөөх толгойлогч нь үсэрч байна” гэхчлэн дуу алдацгаана. Засмал замыг хөндлөн гулд нь туулах багшралдан хонин сүрэг тэднийг мөн ч их гайхшируулдаг. Шороон зам руу орон сэгсчүүлэхийн өмнөхөн тэд ийнхүү нүдээ хужирлан явцгаадаг аж.
6. Монголын хээр талд бие засахыг хориглоогүй. Үнэндээ шийдэл байхгүй.
Аяллын явцад бие засах хэрэгцээгээ хэрхэн хангах учраа олохгүй аялагчид маань жаал гайхдаг. “Ингэж хууль бусаар бие засаж болох юм уу? Хөөе, манай улс биш шүү дээ” гэх харилцан яриа хөвөрсөөр. Хээр талд морь харах угаас эвгүй санагддаг ч өнөө хэд маань арай л учраа олохгүй байна уу даа гэж бодогдож билээ. Машинаасаа буухад өөдөөс нь монголын салхи хайр найргүй үнсэж байсан юм. Тиймдээ ч хоёр, гурвуулаа бууж бие засах үедээ нэгнийгээ цаашлуулж байсан бөгөөд хэн нэг нь “Би шээсэнд цохиулаад үхэх шахлаа” гэх…
7. Тэднийг Завхан аймгийн Тосонцэнгэл сум руу хүргэж өгөх үүрэгтэй жолооч ахын нэр Нараа.
Нараа гэх нэрийг дагаж хэлэх явцдаа жолоочийн нэрнээс үүдэн Жан Нара хэмээн наргиан хийдэг. Жан Нара бол жүжигчин Жан Хёкийн алтан хамтрагч билээ.
Мөн манай орны ёс заншлыг онцгойлон тусгаж өгсөн нь сонирхолтой байсан юм. Илгээмжийн хайрцаг дээр анхааруулга болгож бичсэн зүйлсэд “Илгээмж өгөхдөө заавал баруун гараараа өгөх. Зүүн гараараа өгвөл ёс жудаггүй гэж үздэг” хэмээн сануулж бичсэн байсан юм. Мөн эхний илгээмжийг эзэн Цэений гэрт орохдоо аялагчид маань “Босгон дээр гишгэж болохгүй. Баруун хөлөөрөө эхэлж ор” гэхчлэн нэгнийгээ заааварлан сургаж байсан нь эгдүү, инээд хоёрыг зэрэг хүргэсэн билээ.
Монгол гэрт Цэений хүү түнтэгнэн алхаж байтал эмэгтэй хүүхэд байна гэж андуурдаг. Хүү байсныг нь мэдмэгцээ өнөө хэдийн маань нүд орой дээрээ гарч, үсийг нь ургуулсан учрыг лавлана. Үүнтэй холбогдуулан эрэгтэй хүүхдийн үсийг гурван нас хүрснийх нь дараа авдаг болохыг тайлбарлах зэргээр манай орны онцлогийг тун сайн өгүүлэмжтэй тусгасан нь үзүүштэй болсон байна.
Б.ХУЛАН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Монголын шороон зам дэлхийн гайхашиг болох цаг ирнэ шүүүүү
Аялна гэдэг бол шинэ содон юм үзэх биз дээ.энэ нэг хэдэн юманд муулах эрх байхгүй