УРЛАГ

“1984” постдрамын баг: Өөрчлөгдөхийг хүсдэг бүх хүнд зориуллаа

Ирэх долоо хоногийн пүрэв гарагт “1984” постдрамын жүжиг нээнэ.

“Орфей” театр 2024 оны эхний даацтай бүтээлээ танилцуулж, өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ.

Энэ үеэр уран бүтээлийн багийнхан өөрсдийн сэтгэгдэл, үзэл бодлыг хуваалцав.

Продюсер Т.Ариунчимэг: Юуны өмнө энэ жүжгийг хэн нэгний захиалгагүй, цэвэр өөрсдийн хүсэл эрмэлзлээр бүтээсэн гэдгээ хэлмээр байна.

Жүжгийн зохиолч Я.Баяраа: “1984”-ийг жүжгийн зохиол болгох нь бидний хамтын, лаборатори ажиллагаа байв. Миний мэдэхээр Монголын уран бүтээлчид сүүлийн 10 гаруй жил ярьж, оролдсон ч зориглоогүй. Иймд давхар давхар зориг гаргасан уран бүтээлчдийн багт талархал илэрхийлмээр байна. Мөн саналыг хүлээн авсан жүжигчдэд. Энэ бол дистопи роман юм. “Гэм зэм” бол реалист роман байсан.

Захиалгаар, угжаар уран бүтээл туурвидаг цаг ард хоцорсон гэдгийг мөн хэлмээр байна.

Боддог, сэтгэдэг, өөрийн амьдралын тухай эргэцүүлдэг хүмүүс жинхэнэ эрх чөлөөг хүртдэг гэж би боддог.

Бид боддог хүний тухай, эрх чөлөөний төлөө тэмцэж буй бие хүний тухай сэтгэл зүйн драм бэлтгэлээ.

Найруулагч М.Батболд: Уг нь энэ жүжгийг 2022 онд тавихаар шийдээд, ажиллаж байсан. Цаг үеийн нөхцөл байдлаас болоод түр хойш тавьсан байв.

Өнөөдрийн олон улсын нөхцөл байдал, дэлхий ертөнцийн хөгжлийн чиг хандлагыг харахад, чухам тавих ёстой цаг үе мөн мэт. Сонгодог бүтээл цагаа олно гэдэг асар ач холбогдол, үнэ цэнтэй. Цагаа олсон бүтээл цагтаа олон нийтэд хүрнэ гэдэг олзуурхууштай байн.

Хамгийн төгс төгөлдөр, агуу зүйл бол хайр гэдэг. Гэтэл хайр сэтгэлээс агуу юм бол эрх чөлөө. Хүний төрөлхийн бодох, мэдрэх, сэтгэх эрх чөлөө бол хайр сэтгэлээс үнэ цэнтэй. Найруулагчийн үг бол жүжиг өөрөө. Наана нь хэт их ярих зохимжгүй.  

Гол дүрийн жүжигчин С.Болд-Эрдэнэ: Смитийн дүрд олон ээдрээтэй асуудал бий. Урьд өмнөх дүрүүдээс маань их эвгүй байна. Ид бэлтгэл ажил явж байна. Эрэл хайгуул хийж, уран бүтээлчидтэйгээ хамтарч, дэлгэрүүлэх газраа дэлгэрүүлж, хасах газраа хасаж байна. Сэтгэлдээ зөрчилтэй ч түүнийгээ ил гаргахгүй, боож хааж явна гэдэг зүйрлэшгүй хэцүү юм. Бид бэлтгэсээр, бэлтгэл ажлаа хангасаар байна.  

Жүжигчин Г.Равдан: Жорж Оруэлийн энэ бүтээл цаг үеийнхээ ач холбогдлыг одоо хэр алдаагүй. Шинэ дайны аюул занал улам бүр ойртжээ. Хүнийг, үзэл бодлыг, сэтгэлгээний эрх чөлөөг дарамтлах арга технологи улам бүр боловсронгуй болж байна. Орчин цагийн театрын шинэлэг арга хэрэгсэл, шийдэлд тулгуурлаж манай уран бүтээлийн баг ажиллалаа.

Жүжигчин Ц.Төмөрхуяг: Энэ зохиол маш хэцүү юм. Бодол санааг үгүй хийх. Эрх чөлөөг нухчин дарах тухай. Бидний өнгөрсөн 30 жил үнэн ардчилал, үнэн эрх чөлөө мөн байв уу? Нэг намын тогтолцоо руу бас л орох гээд байгаа юм шиг санагдах юм даа.Хайран юм. Хэрэв тийм бол надад маш эмгэнэлтэй санагдах байна.

Ажиллагаанууд маш хэцүү байгаа ч даван туулж байгаа. Энэ зохиол миний зүрхийг урж, тархийг бүр ажиллагаанд оруулж байна. Жүжиглэнэ гэж энэ зохиолд лав байхгүй, боломжгүй байх. Оюун санаа өөрөө хүн хоорондын хамгийн нандин харилцаа байдаг юм байна. Романыг уншчихаад илүү их ойлгох байх. Миний мэддэг, таньдаг бүх л хүн үүнийг үзнэ гээд байхаар би бүр их айх юм.

Жүжигчин Д.Ганцэцэг: Манай уран бүтээлчид зохиол хүнд байгааг, уран бүтээлчийн хувьд ээдрээ, зөрчилдөөнтэй байгааг ярилаа. Би ч бас үүн дээр нэрмээд яах вэ.

Анх уншихад надад их хүнд байсан. Асгартлаа уйлмаар ч юм шиг санагдсан.

Үзэл санаа гэж томрохгүй, тэмцэлд уриалж хийрхэлгүй, зүгээр л “1984”-ийг танилцуулъя гэж хэлмээр байна.

Харин та бүхнийг оюун санааны эрх чөлөөгөөр, энэ жүгээс хүртэхээ хүртэж аваад, өөрчлөгдөөсэй гэж бодож байна. Өөрчлөгдөхийг хүсдэг бүх хүнд зориуллаа гэж энэ уран бүтээлээ ойлгож байна. Эрх чөлөөгөө эдэлсэн шиг эдэлж, жаргасан шиг жаргаарай. Түүнээс эрх чөлөөг боож эсвэл боогдож байгаа хүмүүст бид зориулсангүй.

Өнөөдөр байснаасаа маргааш өөр болж чаддаг хүчтэй хүн бүрд зориуллаа.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button