Ж.Анунаран БНСУ-д “Inner Nature” бие даасан үзэсгэлэнгээ нээнэ

Уран бүтээлч Ж.Анунаран БНСУ-ын Бусан хотноо бие даасан үзэсгэлэнгээ нээхэд бэлэн болоод байна.
Бусан хотын OpenArts Merge Space-д, дөрөвдүгээр сарын 20-30-ны хооронд энэхүү үзэсгэлэн гарах нь. Үзэсгэлэнгийн нэр “Inner Nature – Return to Innocence”.
Ж.Анунарангийн хувьд 2023 онд БНСУ-аас зохион байгуулдаг OpenArts Residency хөтөлбөрт нэг сарын турш оролцсон. Улмаар шилдэг уран бүтээлчийн шагнал гардаж, тус улсад бие даасан үзэсгэлэнгээ гаргах эртэй болсон юм.
Тэрбээр 2021 оны арваннэгдүгээр сард “Бурхны хүү” бие даасан үзэсгэлэнгээ Монголын Уран зургийн галлерейд амжилттай дэлгэсэн. Концепц хийгээд урлахуйн түвшинд хурдацтай хүчирхэгжиж буй Монголын залуу уран бүтээлч.
БНСУ-д нээх энэхүү үзэсгэлэндээ Ж.Анунаран цоо шинэ бүтээлүүдээ толилуулах аж.
“Inner Nature – Return to Innocence” үзэсгэлэнгийн гол концепц нь:
- Бидний дотор ч байгаль бий. Дотоод байгалаа сонсож, хайрлахын сацуу гадаад байгалаа ч мөн түүнтэй нэгтгэх, улмаар тэнцвэртэй орших
- Дотоод байгаль буюу анхны, гэм зэмгүй, цэвэр тунгалаг “Би”-дээ буцаж очих тухай санааг хөнджээ.
Хэлбэрийн хувьд эсгий урлал, торон бар, видео ажил, перформанс, холимог техник зэрэг багтсан. Өөрөөр хэлбэл контемпорари урлагийн үндсэн төрөл зүйлүүдийг хэлбэрийн хувьд багтаажээ.
Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 20-ны 17.00 цагт нээх аж.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.