“Tesla” хаазны дөрөө нь асуудалтай 4 мянга гаруй Cybertruck-ийг буцааж татна

2019 оны арваннэгдүгээр сард “Tesla” компани Cybertruck нэртэй цахилгаан машинаа танилцуулсан. Тус компани Cybertruck-ийн анхны захиалгуудыг өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас эхлэн хүргэсэн юм.
Тэгвэл АНУ-ын Үндэсний авто замын хөдөлгөөний аюулгүй байдлын алба (NHTSA) “Tesla”-г хаазны дөрөө нь асуудалтай 4 мянга гаруй Cybertruck-ийг буцаан татаж, засварлахыг тушаасан байна.
Аюулгүй байдлын алба мэдээлснээр Техас мужийн Остин хот дахь “Tesla”-гийн үйлдвэрт Cybertruck-ийг хаазны дөрөөг угсрахдаа саван ашигласан аж. Үүний улмаас хаазыг гишгэхэд шалавчинд дөрөө наалдах тохиолдол хэд хэдэн удаа гарчээ.
“NHTSA” 2023 оны арваннэгдүгээр сарын 3-наас 2024 оны дөрөвдүгээр сарын 4-ний хооронд үйлдвэрлэсэн бүх Cybertruck-ийг буцааж татахыг тушаасан байна. Өөрөөр хэлбэл одоогийн байдлаар үйлдвэрлэсэн ихэнх загварыг буцаан татах шаардлагатай болжээ.
“Tesla” өнгөрсөн долоо хоногт нийт ажиллах хүчнийхээ 10 хувийг цомхотголд оруулна гэж мэдэгдсэн. Тус компани 2023 оны сүүлээр 140 мянга гаруй ажилтантай байсан юм.
Эх сурвалж: CNN
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.