"Уран олборлож буй компани, 'Бид 4-10 тэрбум төгрөгөө булсан, та нар юугаараа төлөх юм' гэж дарамталдаг"

Өнөөдөр /2019.12.10/ Архангай аймгийн Өндөр Улаан сумын "Гурван гол” иргэний хөдөлгөөнөөс тус нутагт уран олборлож буй үйлдлийг эсэргүүцэж, хэвлэлийн бага хурал хийлээ. Тэдний хэлж буйгаар Архангай аймгийн Өндөр Улаан, Тариат, Чулуут сумдын нутагт "Нуклер энержи Монголиа" гэх компани ашигт малтмалын хайгуулын зөвшөөрөлтэйгээр уран олборлож байгаа аж.
Үүний талаар тус хөдөлгөөний удирдах зөвлөлийн гишүүн Ц.Баярхүү, "Бид 2011 онд тэмцэж байж болиулсан. Одоо тусгай зөвшөөрлийг нь дахин сэргээх гэж байна. Сумдын засаг дарга нар зөвшөөрлийн бичиг дээр нь гарын үсэг зураагүйн төлөө 'Бид танай нутагт 4-10 тэрбум төгрөгөө булчхаад байна, та нар юугаараа төлөх юм' гэж дарамталдаг. Гарын үсэг зураагүй гэх шалтгаанаар засаг дарга нарыг шүүхэд өгсөн байгаа” хэмээн ярилаа.
Уран нь 4.5 тэрбум жилийн дараа хагас задардаг, өндөр хортой цацраг идэвхит элемэнт гэдгийг тэдний зүгээс хэлж байсан юм. Хорт хавдар үүсгэхээс эхлээд, ургийн хөгжилд хүртэл сөргөөр нөлөөлдөг учир дэлхийн улсууд уранаас татгалзсаар байгаа. Манай шийдвэр гаргах түвшний албан тушаалтнууд энэ хор хохирлын талаар мэдээлэл бага байдаг учир, уг асуудлаар Үндэсний Аюулгүйн зөвлөлд хандана гэсэн байр суурийг баримталлаа.
Х.ЭРХЭС











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.