"ЭТТ" ХК нээлттэй болсоноор иргэд 1072 хувьцаагаа өвлүүлж, өмчлөх боломжтой болно

"Эрдэнэс Тавантолгой" хувьцаат компанийг олон нийтэд нээлттэй компани болгож, 3.4 сая иргэн эзэмшдэг 27 хувийн 1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх УИХ-ын тогтоол гарсантай холбогдуулан есдүгээр сарын 18-наас тус ажлыг эхлүүлэх чиглэлийг Ерөнхий сайд Засгийн газарт өгсөн.
Үүний даруу өчигдөр /2024.09.25/ болсон Засгийн газрын хуралдаанаар "ЭТТ" хувьцаат компанийг хөрөнгийн зах зээлд нээлттэй болгож, улс төрийн нөлөөллөөс ангид байлгахын тулд "ЭТТ" ХК-ийг олон улсад нээлттэй сонгон шалгаруулалт зарлаж, дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн менежментийн багаар удирдуулах шийдвэр гаргасан.
"Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг нээлттэй болгоход олон улсын менежмент хэрэгтэй
Энэ нь нээлттэй болгох гэж буй томоохон компанийн хувьд зөв шийдэл байж мэдэх. Учир нь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийг өмнө нь хөрөнгийн зах зээлд нээлттэй компаниар бүртгүүлэх ажлыг зохион байгуулж байсан ч үр дүнд хүрээгүй байдаг.
Шалтгааныг нь улс төрийн нөлөөлөл их байдгаас үүдэлтэй гэж ЗГ-аас тайлбарлаж буй. Тиймээс одоог хүртэл тус компанийн засаглал сайжирдаггүй гэх.
Хэрэв тус компанийн засаглал өөр түвшинд хүрч хөрөнгийн биржид нээлттэй болж чадвал ЭТТ ХК-ийн 27 хувийн хувьцааг эзэмшигч 3,4 сая монголчууд өөрсдийн хувьцааг хөрөнгийн зах зээлд чөлөөтэй арилжих боломж бүрдэнэ. Нөгөө талаас "ЭТТ" ХК нээлттэй болсноор олон нийтэд ил тод болж 3,4 сая иргэн тус компанийг хянах боломж нээгдэх юм.
Хувьцаа энгийн болсноор иргэд 1072 хувьцаагаар юу юу хийх боломжтой вэ
Эндээс иргэдэд хамаарах 1072 ширхэг хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлснээр юу болохыг дэлгэрүүлэн тайлбарлавал, 2010 онд "Эрдэнэс-Тавантолгой" компанийн хувьцааг иргэдэд олгоход хувьцааны хэлбэрийг заагаагүй. Хязгаарлагдмал эрхтэйхувьцаа гаргасан. Харин одоо хэлэлцэж байгаа тогтоолоор иргэдийн хувьцааг энгийн болгоно.
Тогтоолын төслийн эхний заалтад 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нээс төрсөн хүүхдүүдэд шууд энгийн хувьцаа олгохоор тусгасан. Харин өмнө нь үнэгүй олгосон хувьцааг энгийн хувьцаанд шилжүүлэх зохицуулалт төслийн хоёрдугаар заалтад байгаа.
Тэгэхээр эхний хоёр заалтаас харахад, "ЭТТ" хувьцаат компанийг хөрөнгийн зах зээлд нээлттэй болгох тогтоол батлагдсанаар 3,4 сая иргэний хувьцаа сонгодог буюу амьд хувьцаа болно гэсэн үг. Ингэснээр энгийн болсон 1072 хувьцааг иргэд өмчлөх, өвлүүлэх, худалдан борлуулах эрхтэй болох юм.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.