НИЙГЭМ

Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт эхэллээ

Онцгой байдлын ерөнхий газраас албаны хэмжээнд 2019 онд тавьсан зорилт, зорилгынхоо биелэлт, хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж цэгнэх, шинэ ондоо хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа зорилтыг тодорхойлох зорилгоор зохион байгуулж байгаа “Онцгой байдлын байгууллагын удирдах ажилтны цугларалт” өнөөдөр эхэллээ.

Цугларалтад Онцгой байдлын ерөнхий газрын бүтцийн нэгжийн газар, хэлтэс, тасгийн дарга нар, төв, орон нутгийн онцгой байдлын байгууллагын дарга, захирагч нарын 100 удирдах бүрэлдэхүүн оролцож байгаа юм.

2019 онд Орчин цагийн Онцгой байдлын байгууллагын үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлж, баярын ёслолын жагсаалыг анх удаа зохион зохион байгуулсан бол албаны гамшигтай тэмцэх, бэлтгэл бэлэн байдлыг дээшлүүлэх зорилгоор техник, тоног төхөөрөмжийн хангалтыг нэмэгдүүлж, хүч хэрэгслээ шинэчилсэн амжилт бүтээлийн жил байлаа.

Тухайлбал, Онцгой байдлын ерөнхий газраас Монгол Улсын  Засгийн газар, Польш Улсын Засгийн газар хоорондын нөхцөлт зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Гал түймэртэй тэмцэх техник, тоног төхөөрөмжийг шинэчлэх төсөл”-ийг амжилттай хэрэгжүүлж, нийт 3 сая евро буюу 9 тэрбум төгрөгийн өртөг бүхий гал унтраах зориулалтын 3 төрлийн 15 ширхэг автомашиныг  хүлээн авч, НОБГ, Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Дархан-Уул, Дорнод, Сүхбаатар, Төв, Өмнөговь, Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газруудад олголоо.

Түүнчлэн Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Беларусь Улсын Засгийн газар хоорондын хөнгөлттэй зээлийн хүрээнд “Онцгой байдлын албаны гамшигтай тэмцэх техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг сайжруулах” төслийг хэрэгжүүлэхээр нийт 15,4 сая евро буюу 46,2 тэрбум төгрөгийн өртөг бүхий аврах, гал түймэр унтраах  тусгай зориулалтын 71 нэгж, техник нийлүүлэгдэх гэрээнд талууд гарын үсэг зураад байна. Төсөл хэрэгжсэнээр улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа Гал түймэр унтраах, аврах ангиудын автомашины хангалт 14.4% хувиар нэмэгдэх юм.

Мөн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 2019 онд улсын хэмжээнд тохиолдсон нийт 4990 удаагийн аюулт үзэгдэл, ослоос 1932 хүний амь нас, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 63.3 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалахын зэрэгцээ улс орны нийгэм, эдийн засаг, төсөв бүрдүүлэх, нэмэгдүүлэхэд өөрсдийн хувь нэмрээ оруулж, Монгол Улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх ажиллагаанд гар бие оролцож байна.

1991 оноос хойш тасралтгүй 29 жил хаагдсан Монгол улсын стратегийн орд “Асгатын мөнгө”-ний далд уурхайг нээх, Олон улсын лабораториудад явуулах 20 тонн технологийн дээж бэлтгэх ажлыг далайн түвшнээс дээш 2780 метр, нар тусахгүй өндөр ууланд, олон жилийн хугацаанд хунгарлаж тогтсон цас, мөсийг арилгах, зайлуулах төмөр хийц бүхий инженерийн бэхэлгээ, галлерейг сэргээх ажилд Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Үндэсний аврах бригадын Уул уурхайн аврах алба, Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид хоёр сар гаруй хугацаанд ажиллаж байгаа юм.

Ард иргэдэд болзошгүй аюул, ослоос урьдчилан сэргийлэх, гамшгаас хамгаалах төрийн үйлчилгээг шуурхай хүргэх боломжийг бүрдүүлэх зорилгоор Засгийн газрын 2018 оны 114 дүгээр тогтоолоор Баянхонгор аймгийн Бууцагаан суманд Гал түймэр унтраах, аврах 72 дугаар анги, Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Ховд аймгийн Зэрэг суманд Гал түймэр унтраах, аврах 70 дугаар анги, нийслэлийн Онцгой байдлын газрын Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 74 дүгээр анги,  Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр анги, Дэлүүн суманд Эрэн хайх, аврах бүлгийг тус тус байгуулан, үйл ажиллагааг нь эхлүүлээд байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button