Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаа өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн байна

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн арилжаагаар III улирлын байдлаар 19.6 сая тонн бүтээгдэхүүнийг нийт 7.4 их наяд төгрөгөөр арилжсаныг Санхүүгийн зохицуулах хороо мэдээллээ.
Уг үзүүлэлт нь өмнөх оны мөн үеэс 2.2 дахин өссөн үзүүлэлт болж нийт арилжааны 93.7 хувийг нүүрс, 5.7 хувийг төмрийн хүдэр баяжмал, үлдсэн хувийг зэсийн баяжмал, хайлуур жонш эзэлж байна.
Тайлант хугацаанд нийт 247 удаагийн дуудлага худалдаагаар 6.9 их наяд төгрөгийн нүүрс арилжсан нь өмнөх улирлын дүнгээс 18.9 хувиар өссөн. Дуудлага худалдааны үнийн өсөлтийн дундаж 9.6 хувийн үзүүлэлттэй байгаа аж.
Энэ оны IV сараас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зэсийн баяжмалыг биржээр арилжиж эхэлсэн байдаг. Тэгвэл III улирлын байдлаар нийт 6 мянган тонн 22.35 хувийн зэсийн агууламжтай баяжмалыг 40.5 тэрбум төгрөгөөр худалдсан байгаа нь өмнөх улирлаасаа нэмэгдээгүй дүн. Өөрөөр хэлбэл III улиралд зэсийн баяжмал биржээр арилжаалаагүй байна.
Монголын хөрөнгийн бирж ХК III улирлын байдлаар 28 тэрбум төгрөгийн ашигтай ажилласнаа мэдээлсэн. Уул уурхайн биржээр арилжиж буй бүтээгдэхүүний хэмжээ нэмэгдсэн нь үүнд голлон нөлөөснийг Монголын хөрөнгийн биржийн зүгээс онцолж байлаа.
З.УЧРАЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.