Б.Бейсен: Пүрэв гарагт утааны сонсгол хийх ажлын хэсэг байгуулж, шинжээч томилно
УИХ-ын гишүүн Б.Бейсенээс цаг үеийн асуудлаар зарим мэдээллийг тодрууллаа.
-IV эмнэлгийг төр худалдаад авах нь зөв. Хавдар судлалын үндэсний төвийн ачааллыг тодорхой хэмжээгээр хуваалцах гарц болно-
-Эрүүл мэндийн салбарын төсөв танагдсангүй. Хэдээр нэмэгдэж батлагдсан бэ?
-Эрүүл мэндийн салбарын төсөв 370 гаруй тэрбумаар нэмэгдсэн. Улсын, аймгийн, дүүргийн эмнэлгүүдийн өрийн асуудал нэлээн хүндэрсэн. Үүнийг нь шийдэх зарим төсөв туссан.
-Төсөв хэлэлцэх үеэр хавдарын эмнэлгийн төсвийн асуудал чамгүй эргэлзээ дагууллаа. Хоёр хувилбар яригдсан. Ямартай ч тусгаж чадлаа?
-Монголдоо ганцхан байдаг "Хавдар судлалын үндэсний төв"-ийн ачаалал маш өндөр байна. 21 аймгаас өвчтөнүүд ирдэг. Хавдрын өвчлөлөөр өнөөдөр харамсалтай нь дэлхийд тэргүүлж байна шүү дээ, манайх. Хүнсний аюулгүй байдал, эмийн асуудал, агаарын бохирдол гэсэн хүчин зүйлүүд нөлөөлж байгаа гэх урьдчилсан дүгнэлт гараад байгаа.
“Хавдар-2” төсөл хэрэгжүүлж эхлэх ажилд 7.9 тэрбум төгрөг шийдвэрлэгдлээ. Газар нь бэлэн болчихсон. Зураг төсөвт нь таван тэрбум төгрөг зарцуулагдах юм шиг байна лээ.
Гэхдээ ХСҮТ-ийн хашаанд дотор IV эмнэлэг нээгдээд үйл ажиллагаа явуулж байна. УИХ-ын гишүүн асан М.Билэгт гишүүний барьсан эмнэлэг. Одоо “Хөгжлийн банк”-ны барьцаанд байгаа тухай тайлбарыг өгч харагдсан. "Энэ эмнэлгийг аваад ашигла" гэж байна лээ. Төр худалдаад авах нь зөв. Хавдар судлалын үндэсний төвийн ачааллыг тодорхой хэмжээгээр хуваалцах гарц болно.
“Хавдар-2” төслийг хэдэн ч жил хүлээх нь тодорхойгүй шүү дээ. Зураг төсөв нь хийгдээд баригдаад дуустал 6-8 жилийн хугацаа шаардлагатай. Гэхдээ энэ төслөө хаяхгүйгээр явуулах хэрэгтэй. Л.Мөнхбаясгалан гишүүний санаачилгаар ямар ч байсан дэмжигдсэн.
-Тоног төхөөрөмжийнх нь зардалд хэдийг шийдэж өгсөн бэ?
-Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан “IV эмнэлгийг улс авахаар болсон. Энэ эмнэлэгт хэрэглэгдэх тоног төхөөрөмжийн 6-8 тэрбум төгрөгийг шийдсэн” гэсэн. Үнэхээр IV эмнэлгийг хавдартай хүмүүсийг эмчлэхэд ашиглавал, ачаалал багасна. 2-3 сараар оочер дараалал хүлээдэг хүмүүс багасна. Хими болон хөнгөвчлөх эмчилгээ, хагалгаа хүлээж байгаа хүмүүс маш олон байна.
Цаашдаа аймаг бүрт хавдарын эмчилгээ, оношлогооны төв нээх ёстой. Харин мэргэжилтнүүдээ бэлтгэх асуудал тулгарна. Хотын хэмжээнд ч хавдарын мэргэжилтэн бэлтгэх шаардлагатай байна.
-Хэлэлцүүлэгт хүүхдийн уушгины тасгийн эрхлэгч оролцож, мэдээлэл өгнө-

-Аргаа бараад гадагшаа явж байгаа хүмүүс их бий. Гэвч асар өндөр төлбэртэй байсаар байна?
-26 төрлийн өвчнийг дотооддоо эмчилдэг болно гэж олон жил ярилаа. Одоо ч ярьсаар байна. Ихэнх нь БНСУ, БНХАУ, Энэтхэг, Турк явж байна. Би энэ тухай ярьж байсан. Тухайн улсуудтай Нийгмийн болон Эрүүл мэндийн даатгалаар гэрээ хийх ёстой. Гэрээ хийчихвэл 60-100 мянган ам.доллар биш 2-12 мянган ам.доллар төлөх боломжтой.
-Утааны сонсгол зохион байгуулах тухай мэдээлэл анхаарал татаж байна. Байнгын хороо хэзээ хуралдаж, ажлын хэсэг томилох юм бэ. Энэ ажил эхэлсэн үү?
-Утааны асуудал хамгийн эхэнд толгойн өвчин болоод байна. УИХ-ын дарга биднийг дуудаж уулзсан. Уулзалтаар "Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороо хариуцаад утааны асуудлаарх сонсгол зохион байгуул" гэдэг тогтоол гаргасан. Сонсгол зохион байгуулах арга хоёр янз. Түр хороо байгуулаад нээлттэй сонсгол хийх. Ингэвэл гурав, дөрвөн сар болно. Энэ долоо хоногийн пүрэв гарагт байнгын хорооны хуралдаанаар ажлын хэсэг байгуулж, шинжээч томилно.
Энэ мягмар гарагт А.Ундраа тэргүүтэй гишүүд хэлэлцүүлэг хийхээр тохирсон. Хүүхдийн уушгины тасгийн эрхлэгч ч үүнд ирж, оролцоно. Сайжруулсан түлшний хоруу чанар хэр байна вэ гэдгийг тогтоох ёстой. Хүүхдүүд яагаад ингэж ихээр ханиад авч, өвчлөөд байгаа вэ, уушгины хавдарын асуудал зэргийг ярихын тулд нээлттэй хэлэлцүүлэг хийх гэж байна.
-Мэдээлэл өгсөнд баярлалаа.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.