Сэлэнгийн Зүүнбүрэнд гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа
Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн суманд дөрөвдүгээр сарын 28-нд гарсан ой, хээрийн түймрийг өнөөдөр /2025.05.02/ 06:35 цагт бүрэн унтраалаа.
Хиймэл дагуулаас хийсэн зурган хэмжилтээр тус түймэрт урьдчилсан байдлаар 11894 га талбай өртсөн байна. Мөн хил залгаа Хушаат сум дамнасан тус түймрийн улмаас 2 гэр, 3 өвөлжөө, нэг ковш өртөж шатсан.
Түймрийг унтраах ажиллагааг ОБЕГ-аас удирдлага, зохион байгуулалтаар хангаж, ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Сэлэнгэ, Орхон, Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газар, Зүүнбүрэн, Хушаат сумын мэргэжлийн анги, орон нутгийн нийт 374 хүн, 58 техник хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэлээ.
Харин Улсын хэмжээнд ахуйн гал түймэр 12 бүртгэгдсэн байна.
Тодруулбал,
Баянзүрх дүүргийн 28 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 13:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 35 дугаар ангийн алба хаагчдыг очиход 0.1 га орчим талбайд шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Өмнөговь аймгийн Ханхонгор сумын Баян багт зөөврийн сууц шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 13:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Ханбогд сум дахь 66 дугаар ангийн алба хаагчдыг очиход 3х4 метрийн хэмжээтэй зөөврийн сууц шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 10 дугаар хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 11:53 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-гийн 4х6 метрийн хэмжээтэй байшингийн дотор эд хогшил, дээврийн хэсэг, 2х2 метрийн хэмжээтэй үүдний амбаарын хамт шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянгол дүүргийн 20 дугаар хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 13:09 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар ангийн алба хаагчдыг очиход байрны гадна 100 орчим метр зурвас шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын Бор гүвээ багт нүхэн жорлон шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 36 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 1х1 метрийн хэмжээтэй нүхэн жорлон, 8 метр урт хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороонд шар өвс шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 16:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчдыг очиход 3х6 метрийн хэмжээтэй хогийн цэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Налайх дүүргийн 4 дүгээр хороонд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 16:52 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн С-ийн 8х12 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороонд хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ны өдрийн 17:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 3 метр урт хашаа, овоолсон шар өвс шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын Баянмөнх багт чингэлэг шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 20:08 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 32 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Р-ийн 1х2 метрийн хэмжээтэй чингэлэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 23:02 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороонд цайны газар шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 23:13 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-гийн 4х6 метрийн хэмжээтэй цайны газар шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 7 дугаар багт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 03:51 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Х-гийн “Toyota Prius-30” загварын суудлын автомашин шатаж байсныг ажиллаж унтраасан.
Орхон аймгийн Баян-Өндөр сумын Говил багийн “Ар булаг” гэдэг газар өвөлжөө шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 04:34 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 56 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-гийн 10x15 метрийн хэмжээтэй өвөлжөө шатаж байсныг ажиллаж унтраасан.
Харин ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн "Хан-Хэнтий" тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Майн-Зоо” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км/ гал түймрийн дулааны цэг илрүүлэх firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 04.29-ний өдрийн 10:40 цагт гал түймрийн цэг илэрсэн. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Мандал сумын Мэргэжлийн ангийн болон аж ахуйн нэгж, байгууллагын ажилтнууд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Түшиг сумын Ар нуга багийн "Ар шүрэн" гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 175 км, сумын төвөөс баруун зүгт 45 км/ ой, хээрийн гал түймэр гарсан гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 09:53 цагт хүлээн авсан. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригад, сумын Мэргэжлийн ангийн болон орон нутгийн иргэд ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.
Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын 1 дүгээр багийн “Дунд даваа” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 112 км, сумын төвөөс баруун зүгт 30 км/ ой, хээрийн гал түймэр гарч байна гэсэн дуудлагыг 04.28-ны өдрийн 14:37 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, Цагааннуур, Түшиг сумын Мэргэжлийн анги, “Тариа” бригад, орон нутгийн иргэд ой, хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.01-ний өдрийн 09:12 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Уг гал түймэрт 2 гэр, 10 өвөлжөө, 1 трактор өртөж шатсан. Урьдчилсан байдлаар ой, хээрийн гал түймэрт 7064 га талбай өртөж шатсан.
З.УЧРАЛ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
үүлэнд нөлөөлж бууддагаа болтцон юмуу