Бүх шатны шүүх нэгдсэн “Цахим шүүх 2.0” системийн хөгжүүлэлтийг албан ёсоор эхлүүлжээ

Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, цахим засаглал, дижитал шилжилтийн хүрээнд төрөөс үзүүлж буй үйлчилгээг хүртээмжтэй, цахим хэрэглээнд нэвтрүүлэх ажлууд хийгдэж эхэлжээ. Шүүх эрх мэдлийн хүрээнд 2024 онд Улсын Их Хурлаар батлагдсан “Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого”-д хариуцлагатай, иргэн төвтэй шүүхийг төлөвшүүлэх, шүүхийн үйл ажиллагаанд цахим технологийг нэвтрүүлж шуурхай чирэгдэлгүй болгох зорилтыг тусгасан байна. Шүүхийн ерөнхий зөвлөл 2022 онд “Шүүхэд мэдээллийн технологи, шүүхийн үйлчилгээний удирдлагын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх бодлого”-ыг баталж, 2023 онд цахим шүүхийн энтерпрайз архитектур, техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулж, 2024 оноос “Цахим шүүх 2.0” цөм системийн хөгжүүлэлтийг албан ёсоор эхлүүлжээ.
“Цахим шүүх 2.0” цөм системийн хүрээнд Шүүх тогтолцооны өгөгдлийн цөм систем буюу суурь платформ, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем, шүүхийн цахим архив, иргэн, хуулийн этгээд хэргийн оролцогчийн систем, өгөгдөл солилцох, дэмжих дэд бүтэц буюу интеграци, шүүхийн захиргааны үйл ажиллагааны /ERP/ систем гэсэн 7 үндсэн систем нэвтрүүлсэн байна. Тус системийг энэ сарын 22-ны өдрөөс “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны систем”-ийн “Таслан сэргийлэх арга хэмжээ”, “Зөрчлийн хэрэг шүүхэд шалган шийдвэрлэх ажиллагаа”-ны модулийг эрүүгийн хэргийн анхан шатны 32 шүүх үйл ажиллагаандаа ашиглаж эхлэх юм байна.
“Цахим шүүх 2.0” систем хэрэгжсэнээр иргэн, хуулийн этгээдийн шүүхэд хандах цаг хугацаа зардал хэмнэгдэж, шүүхийн үйлчилгээ түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүртээмжтэй болно. Шүүхийн үйлчилгээний чанар дээшилж, цаашид дэвшилтэд технологийг ашиглан иргэд, олон нийт апплекэйшн ашиглан гар утаснаасаа шүүхэд хандаж, орон зай, цаг хугацаа үл хамааран шүүхийн үйлчилгээг авч, зардал хэмнэх боломж нэмэгдэж байна.
Б.АЗЖАРГАЛ











АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.