Нийгэм мэдээ

Видео сурвалжилга: Хотын хүүхдүүдэд хөдөөгийн ахуйг ээнэгшүүлж буй "Хөдөлмөр зуслан"

Хурдацтай хөгжил, минутаар хэмжигдэх завгүй орон зайд Нийслэлчүүд аж төрж байна. Мэдээж хамгийн том бэрхшээл бол утаа, түгжрэл. Дараа нь хүүхдэдээ цаг гаргаж, агаарлуулах, аюулгүй орчинд тоглуулах, боловсролд нь анхаарах. Гэвч бүгд амжихгүй тохиолдол бий. Энэ завгүй хэмнэлийн дэргэдүүр бид Монгол өв соёл, төлөвшил, ахуйг орхигдуулдаг. Улмаар Монгол хүүхдүүд утаат нийслэлээс нь багахан зайд буй хөдөөгийн тал, тэнд бэлчих мал сүрэг, ахуйг хараад гадаад орон мэт мэл гайхах нь бий.

Иймд бид хөдөөгийн Монгол ахуйг ээнэгшүүлэх зорилгоор зуны амралт нь эхэлмэгц сургуулийнхаа хүүхдүүдийг гурван ээлжээр "Хөдөлмөр зуслан"-д хамруулдаг "Монгол алдар" сургуулийн зуслангаас дараах сурвалжилгыг бэлтгэлээ.

Зургийг: О.Улсболд | Төв аймаг, Батсүмбэр сум, "Хөдөлмөр зуслан"

Хөдөлмөр зуслангийн өглөө 08.00 цагт эхэлнэ. Өглөө эртлэн боссон хүүхдүүд орой нар шингэх хүртэл Монгол ахуйд тоглоно, суралцдаг байна. Биднийг очих үед тэд удахгүй болох эрийн гурван наадмынхаа бэлтгэлд гарсан байлаа. Тус наадмаараа тэд 16 бөхийн барилдаан, сур харваа, хурдан морины уралдаан зохион байгуулахаар төлөвлөсөн байна. Тэдний Монгол ахуйтай ийн ойртож, суралцсан зүйлсийг нь эцэг эх, асран хамгаалагч нар нь ирж үзэх тул хичээнгүйлэн бэлтгэж байгаа юм байна. Хүүхдүүдийн төлөөлөл "Ирээд хоёр хонож байна. Одоо наадамдаа бэлдэх том ажилтай байгаа. Намайг морь унаж, ямаа сааж сурсан гэдэгт гэрийнхэн минь лав итгэхгүй. Хийж сурсан зүйлсээ үзүүлнэ гэхээр тэсэн ядан хүлээж байна" хэмээсэн юм.

-Гадаад багш гэхээр маш их дээдэлдэг, гаднын хөтөлбөр гэхээр цензургүйгээр шууд хүлээж авдаг. Гэтэл Монгол хөтөлбөр, Монгол багш гэхээр ямар үнэ цэнгүй мэт ханддаг. Тэр ялгамжийг гаргах юм сан гэх санаагаад цэцэрлэг, сургуулиа байгуулсан-

"Монгол алдар" сургуулийн захирал Ж.Мөнх-Эрдэнэ: Монголчуудад өв соёл, хэл соёл, Монгол хүн гэж өөрөөрөө, эх орноороо бахархах мэдрэмж багассан юм шиг санагдсан. Гадаад багш гэхээр маш их дээдэлдэг, гаднын хөтөлбөр гэхээр цензургүйгээр шууд хүлээж авдаг. Гэтэл Монгол хөтөлбөр, Монгол багш гэхээр ямар үнэ цэнгүй мэт ханддаг. Тэр ялгамжийг гаргах юм сан гэх санаагаад цэцэрлэг, сургуулиа байгуулсан. Би өөрөө ч гэсэн сумын төв дээр Монгол ахуйд өссөн учир тэр мэдэрч байсан сайхан зүйлээ, хотод мэдэрч чадаагүй дутуу зүйлээ шавь нартаа зориулах сан гэх сэтгэлээр хичээж байна.

Хотод алсын бараа харах шаардлагагүй болсон. Бүр ойрын бараа хардаг болчихлоо. Дэлгэц утаснаас салахаа больсон. Хүүхдүүдэд хийх ажил алга. Даарч, өлсөж, ядарч үзэхгүй байна. Яаж хүн болох вэ. Тиймээс зохиомлоор ч гэсэн бэрхшээл бий болгоод мэдрэмж дээр нь тулгуурлан насных нь онцлогт тохируулж, ажиллаж байгаа.

Видео:

-Хот өндөр барилга олонтой. Бас электрон зүйлс олон байдаг учир үүлтэй, утаа нь харанхуй. Хөдөөгийн тэнгэр цэв цэнхэр, гоё байна. Бие даагаад явж байгаа учир хөдөлмөрийг жинхэнээсээ мэдэрч байна-

Зусланд амарч буй хүүхдүүдийн төлөөлөл зургаадугаар ангийн сурагч Б.Очирхүү: Яг хөдөө өсөж байгаа юм шиг санагдаж байна. Агаар нь, үүл нь ч сайхан. Ядарсан мэдрэмж ер авахгүй байгаа. Нар нь гэхдээ арай л халуун байна. Хот өндөр барилга олонтой. Бас электрон зүйлс олон байдаг учир үүлтэй, утаа нь харанхуй. Хөдөөгийн тэнгэр цэв цэнхэр, гоё байна. Бие даагаад явж байгаа учир хөдөлмөрийг жинхэнээсээ мэдэрч байна. Аав ээж минь бидний төлөө яаж хичээж байсныг мэдэрлээ. Аав ээжийгээ санах байх гэж бодсон ч хөгжилтэй байгаа учир санахгүй байна. Хэрэв яг одоо би хотод байсан бол унтаж байх байсан. Яагаад гэвэл гадна хүүхдүүд тоглохоо больсон, ихэнхдээ утсаа үздэг болсон.

Энд ирээд бид утаснаасаа салсан. Бие даагаад явж байна, хөдөлмөрийг жинхэнээсээ мэдэрч байна. Аав, ээж минь бидний төлөө яаж хичээж байсныг мэдэрч байна. Хөгжилтэй санагдаж байна. Яагаад гэвэл энд хийж байгаа зүйлсээ хотод хийдэггүй шүү дээ. Миний хувьд анх удаа хөдөлмөр зусланд ирж үзэж байна. Ирэхийнхээ өмнө энэ зусланг төсөөлөхдөө "Хөдөлмөр зуслан гэж байгаа учир очоод шууд хөдөлмөр эрхлээд гал түлээд, өөрсдөө хоолоо хийх байх гэж бодсон. Гэтэл багш нар маань бидний хийх, сурах зүйлсийг чиглүүлж байна. Тийм учраас ажил хийж байгаа мэт мэдрэмж төрөхгүй байна. Харин ч ажилсаг болж байгаа мэт санагдаж байна. Үеийнхээ хүүхдүүдэд утаснаасаа л хол байгаарай, бага үзээрэй гэж хэлмээр байна.

Хотын хүүхдүүдэд морь унахыг заадаг хэвлүүхэн, бяцхан багш нар: Алдарт уяач, Тод манлай уяач болох мөрөөдөлтэй

Зургийг: О.Улсболд | Төв аймаг, Батсүмбэр сум, "Хөдөлмөр зуслан"

Хөдөлмөр зусланд онцлох зүйл их ээ. Нэг ангийн, нэг сургуулийн багачууд гэрээсээ хол 5-7 хонохдоо бие биеэсээ суралцах, хөдөөгийн амьдралтай танилцаж байна. Мөн хөдөөгийн моринд эртэй, дориун, 6-12 насны хөвгүүд үеийн найз нартаа морь унахыг зааж байлаа. Тэднээс ирээдүйд ямар мэргэжилтэй болох талаар нь асуувал "Аймгийн алдарт уяач, Тод манлай уяач болно" хэмээн хэвлүүхэн хариулж байлаа.

Зурвасхан газар мориор явахдаа жолоо, цулбуур, эмээл зэрэг мориныхоо эд хэрэглэлийг тайлбарлана. "Танай сургуульд морины цулбуур гэдгийг заагаагүй юу" хэмээн уулга алдана. Хөвгүүд зуны амралтаараа энд ирж, хүүхдүүдэд морь унахыг заах тун дуртай, нэг нь өдөрт 10 орчим хүүхдэд морь унахыг заадаг байна.

Орой 20.00 цагийн үед бид буцах болов. Хоёрхон сарын өмнө сурсан "Баатар хотын магтаал"-аа сонордууллаа. Бүгд товшуур хөгжмийг чадварлаг тоглож, магтаалаа тод эгшиглүүлнэ. Өнөөдөр тэд ирснээсээ хойш анх удаа өөрсдийн гарын хоолыг хийх гэнэ. Арав гаруй гэртээ цөм орой идэх цуйвангийнхаа орцыг хамтран хийсээр үлдсэн юм. Тэдэнд сурах зүйл олон. Аав ээждээ үзүүлж, бахархуулах мэдрэмж ойрхон байна.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button