Сонгуулиар тарааж байсан мөнгөтэйгээ баригдсан нэр дэвшигчдийн шүүх хурал болно

2024 оны орон нутгийн сонгуульд Баянхонгор аймгийн ИТХ-ын сонгуульд нэр дэвшсэн С.Батцэрэн, А.Батаа, П.Уртнасан, Ж.Мөнх-Эрдэнэ нарын санал худалдан авсан хэргийн шүүх хурал ирэх сарын 1-нд болох аж.
Сонгуулийн санал авах өдөр буюу аравдугаар сарын 16-нд нэр дэвшигч С.Батцэрэн, А.Батаа, П.Уртнасан, Ж.Мөнх-Эрдэнэ нар сонгогчдын саналыг нэг санал тутамд 100 мянган төгрөг төлж худалдан авахаар ярилцан мөнгөө тарааж эхэлсэн байна. Мөнгө тараасан нэрсийн жагсаалттай дэвтэр, үлдэгдэл бэлэн мөнгө, энэ тухай ярилцаж зөвлөлдөн бие биедээ чиглэл өгсөн бичлэг бүхий гар утастайгаа тухайн өдөр цагдаад баригдсан аж.
Баянхонгор сумын 9-р багт байрлах 5-р сургуулийн үүдэнд цагдаа нар ирэх үеэр нэр дэвшигч А.Батаа 9229 УБТ улсын дугаартай хар өнгийн Lexus маркын автомашинд сууж зугтсан, харин зугтаж амжилгүй нэг машин нь цагдаад баригдахад МАН-аас нэр дэвшигч П.Уртнасан болон МАН-ын ухуулагч, хоёр гэрчийн хамт байжээ.
Дээрх нэр бүхий дөрвөн нэр дэвшигч эдүгээ иргэдийн хурлын төлөөлөгч хэмээн дуудуулж, сонгогдсонд тооцогдон яваа ч санал худалдаж авсан хэрэгт яллагдагчаар татагдсан тул хэрэг болсноос бараг 2 жилийн дараа ийнхүү сум дундын шүүхэд шүүх хурал нь болох гэж байгаа аж. Тэдэнд Эрүүгийн хуулийн 14.5.2 дахь заалтаар хэрэг үүсгэн яллагдагчаар татжээ.
Эрүүгийн хуулийн 14 дүгээр зүйлийн 5 дахь заалт нь “Иргэн сонгуулийн эрхээ эдлэх, сонгуулийн хорооны ажилд саад хийх тухай” аж.
1.Иргэний сонгох, сонгогдох, ард нийтийн санал асуулгад оролцох эрхээ хэрэгжүүлэхэд; сонгуулийн хорооноос хуулийн дагуу явуулж байгаа үйл ажиллагаанд зориуд саад учруулсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.
2.Энэ гэмт хэргийг:
2.1.хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж;
2.2.хууран мэхэлж;
2.3.сонгогчийг эд хөрөнгө, мөнгөөр татаж санал худалдан авч үйлдсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэсэн байдаг аж.
Г.ДУЛАМ












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.