АНУ-ын цагаачлалын шүүхэд нэг настай хүүхдийг өмгөөлөгчгүй ганцаараа орогнол хүссэн өргөдлөө гаргахыг үүрэгджээ

Аризона мужийн цагаачлалын шүүхэд нэг настай охин өмгөөлөгчгүйгээр ганцаараа шүүх хуралд оролцож, өөрийнхөө орогнол хүссэн өргөдлийг өөрөө гаргахыг шүүхээс үүрэг болгожээ. Хэрэв өргөдлөө хугацаанд нь гаргахгүй бол түүнийг албадан гаргах шийдвэр гаргах нөхцөлтэй байв.
Тус шүүх хурал наймдугаар сарын 17-нд болсон байна. АНУ-ын Дүрвэгсэд болон Цагаачдад зориулсан хорооны өмгөөлөгч шүүх хуралд байлцсан боловч юу ч хэлээгүй аж.
Засгийн газраас өгсөн өмгөөлөгч шүүхэд гаргасан баримт бичигтээ нялх хүүхдээс өмгөөлөгчгүй ямар нэгэн зүйл хийхийг шаардах нь илт утгагүй гэдгийг ч илэрхийлээгүй байна. Өргөдлийг хугацаанд нь гаргаагүй тохиолдолд хүүхдийг албадан гаргах шийдвэр гарна гэдгийг өмгөөлөгч мэдэж байсан аж.

Охин нь долдугаар сарын 31-нээс хойш цагаачлалын шүүхэд ганцаараа орж байгаа хүүхдүүдийн нэг юм. Тухайн өдөр АНУ-ын Засгийн газар Acacia Center for Justice байгууллагатай байгуулсан гэрээгээ сунгалгүй дуусгасан байна.
Уг гэрээгээр 24 мянга гаруй хүүхдэд хууль зүйн туслалцаа үзүүлж, тэднийг төлөөлөх бараг 100 хуулийн туслалцаа үзүүлдэг байгууллагын үйл ажиллагааг санхүүжүүлдэг байжээ. Гэвч Acacia хүүхдүүдийн хэргийн нууц материалыг шилжүүлэн өгөхөөс татгалзсан байна. Тус байгууллага ийм мэдээллийг өгөх нь өмгөөлөгч, үйлчлүүлэгчийн нууцлалын эрхийг зөрчинө гэж үзсэн тул захиргаа уг гэрээг цааш үргэлжлүүлэхгүй болгожээ.
Наймдугаар сарын 6-нд Лос Анжелесийн шүүхийн танхимд эцэг эх, асран хамгаалагчгүй нэгэн хүүхэд шүүгчээс сайн дураар АНУ-аас гарах хүсэлт гаргажээ. Өөрөөр хэлбэл, АНУ-д үлдэхтэй холбоотой аливаа эрх, шаардлагаасаа татгалзах нөхцөлтэй байв. Энэ үеэр USCRI-ийн өмгөөлөгч уг явдлыг харж байсан ч эсэргүүцээгүй байна. Харин төлбөргүйгээр оролцож байсан өөр нэг өмгөөлөгч үг хэлж, шүүх хурлыг хойшлуулах шийдвэр гаргуулжээ.
Т.БАТСҮРЭН












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.