УЛС ТӨРУлс төрийн ярилцлага

О.Батнайрамдал: Оюу толгой Монголын эдийн засгаас 40 хувиар том буюу $36 тэрбумаар үнэлэгдэж байна

Төсвийн тодотгол, Оюу толгойн ногдол ашиг, Засгийн газрын хэлэлцээрийн хэрэгжилт болон стратегийн ордын ил тод байдлын агуулгаар УИХ-ын гишүүн О.Батнайрамдалтай ярилцлаа.

Ярилцлагаас онцлох эшлэл:

  • Оюу толгойн 2026 оны төсөөлөл 5.2 тэрбум ам.доллар буюу 18.6 их наяд төгрөгийн эерэг мөнгөний урсгалтай гарахаар байна. Үүний 34 хувьд ногдох нь 1.8 тэрбум ам.доллар буюу 5–6 их наяд төгрөг. Энэ мөнгийг ногдол ашиг эсвэл бэлэн мөнгөний урсгалаас авах боломж бидэнд байна гэсэн үг.
  • Зэс олборлолт огцом өсөлттэй, зах зээл дэх үнэ ч өндөр буюу өрмийг нь хамж байгаа энэ үед нь хуваалцахгүй бол бидэнд шавхруу нь л үлдэнэ
  • Хэлэлцээрийг Сангийн сайд ахалж, сая төсвөө боож оруулж ирсэн. 3 их наядыг Оюу толгойгоос авна гэж суулгаж оруулж ирсэн нь том алхам, өөртөө итгэлтэй байгаагийн илрэл

3 их наядыг төсөв дээр суулгачихвал энэ чинь хууль гэсэн үг. Төсөв хуулиар батлагддаг. Монгол Улсын хуулийг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бүгд дагаж мөрдөх ёстой. Тэгэхээр ногдол ашиг төлөгдөх ёстой болно

-Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2027 оны төсөвт Оюу толгойн ногдол ашгаас 3 их наяд төгрөг төвлөрүүлэхээр суулгасан. Та энэ дүн 5 их наяд байх учиртай, захиран зарцуулахдаа болгоомжтой байх хэрэгтэй гэж сануулж байсан. Энэ 3 их наяд ямар үндэслэлтэй тоо вэ?

-Хоёр зүйлийг салгаж ярья.

Эхлээд өнөөдөр хэлэлцэж байгаа 2026 оны төсвийн тодотгол. Яг одоогийн байдлаар төсвийн алдагдал 2 их наяд. Тодотголоор төсвийн алдагдал хэвээр хадгалагдаж байгаа ч дотор нь шилжүүлэлт хийгдэж байна. Орлого 1.5 их наяд төгрөгөөр буурч байгааг 100 хувь төрийн өмчит компанийн ногдол ашгаар санхүүжүүлэх юм байна. Нэг үгээр хэлбэл, зардал дотроо шилжүүлэн гүйлгэлт хийж, нийслэл дээр байсан 1.7 их наяд төгрөгийн зарцуулалтын орон зайг улсын төсөв рүү татаж байгаа дүр зураг ажиглагдаж байна.

Хоёрт, 2027 оны төсөв. Үүнд 2026 оны тодотгол дээр буурсан орлогыг төрийн өмчит компанийн ногдол ашгаар санхүүжүүлсэн зарчим 2027 оны төсөвт илүү том зургаар тусгагдаж орж ирсэн харагдаж байна. Ингэхдээ Оюутолгойгоос авах 3 их наяд төгрөгийн ногдол ашгийг санхүүжилтийн бас нэг хэлбэр, орлогын нэг эх үүсвэр болгож оруулж ирж байна. Өргөн мэдүүлсэн төслөөр бол 3 их наядын 1 их наяд нь баялгийн сан руу орж, 2 их наядаар нь янз бүрийн төсөл, хөтөлбөр санхүүжүүлэх хувилбар орж ирлээ.

Оюу толгойн төслийн хувьд 17 жил явж ирээд, анх ил уурхайгаар эхэлсэн төсөл далд уурхайн бүтээн байгуулалтаа дуусгаж, тогтвортой олборлолтын компани руу шилжсэн цаг үе 2025 онтой давхацсан. Мөн онд хувь нийлүүлэгчийн зээлийн хүүг бууруулах 7 жил тутмын боломж олдож байсан. Дээрээс нь ОНТРЭ-ийн асуудлаар арбитрын шийдвэр гарч, Монгол Улсын эрх ашиг заавал хангагдах ёстой энэ түүхэн цаг хугацаа 2025 онд тохиосон учраас УИХ-ын 89 гишүүн хамтдаа гарын үсэг зурж, парламентын хамгийн өндөр хяналтын механизм болох Хянан шалгах түр хороог байгуулж, сонсголоо явуулсан. Гол агуулга нь Монголын тал 53 хувийн өгөөж хүртэх ёстой, анхны амлалтаа биелүүлэх ёстой гэсэн зарчим.

Энэ 53 хувийн үр өгөөжийг биелүүлэхийн тулд Засгийн газар албан ёсны хэлэлцээрт орсон. Эндээс үр дүн гарч эхэлсэн. Зээлийн хүүг 2.5 хувиар буурууллаа. Ингэснээр өдөр тутам төлж байгаа 15 тэрбумын хүү буурч, зах зээлийн жишигтэй ойролцоо буюу 10 тэрбум орчим болсон. Энэ сайн хэрэг.

Мөн Ерөнхий сайдын хэлэлцээрийн бас нэг том түүхэн шийдвэр нь 2037–2038 онд авах байсан ногдол ашгийг урагшлуулж, 2026 он буюу энэ оноосоо авна гэдэг хэсэг. Энэ хэлэлцээрт яригдсаны дагуу улсын төсөв дээр 3 их наядыг Оюутолгойгоос ногдол ашгаар авна гэж оруулж ирсэн нь сайшаалтай, зоригтой алхам гэж харж байна.

-Тэгэхээр энэ 3 их наяд гэдэг тоо ямар тооцооллоос гарч ирэв. Мөн таны 5-6 их наяд байх боломжтой гэх үндэслэл юу вэ?

-Рио Тинто хагас жилийн тайлангаа тавьсан, Оюутолгой ч түүнтэй уялдуулаад санхүүгийн тайлангаа олон нийтэд ил болгодог. Гэхдээ үндсэн тоонууд нь одоо хүртэл олон нийтэд ил биш. Оюутолгой 2026 оны хагас жилээр хэдэн тэрбум долларын орлоготой ажилласныг бид мэдэхгүй. Уг нь энэ энгийн зүйл шүү дээ. Гэтэл 34 хувийн эзэмшигчийн хувьд бид хүртэл тэрийг мэдэхгүй байгаа нь ил тод байдал байхгүйгээс.

Гэхдээ бид тэнэг хүмүүс биш. Янз бүрийн тайлан авч уншаад холбогдох мэдээллийг нь шүүн тунгаах чадвартай. Миний гарт Америкийн хамгийн том хөрөнгө оруулалтын банк Morgan Stanley-гийн Рио Тинто дээр хийсэн судалгаа байна. Энэ судалгааны тооцооллоор Оюутолгой төсөл өнөөдөр 36 тэрбум ам.доллараар үнэлэгдэж байна. Монгол Улсын эдийн засгийн хэмжээ 25 тэрбум ам.доллар. Тэгэхээр Монголын эдийн засгаас 40 хувиар их хэмжээгээр Оюутолгой үнэлэгдэж байгаа юм.

Мөн судалгааны тооцоогоор Оюу толгойн 2026 оны төсөөлөл 5.2 тэрбум ам.доллар буюу 18.6 их наяд төгрөгийн эерэг мөнгөний урсгалтай гарахаар байна. Энэ бол нийт орлогоосоо бүх зардлаа хасаж, зээл төлөхөөс өмнөх дүн юм.

Үүний 34 хувьд ногдох нь 1.8 тэрбум ам.доллар буюу 5–6 их наяд төгрөг. Энэ мөнгийг ногдол ашиг эсвэл бэлэн мөнгөний урсгалаас авах боломж бидэнд байна гэсэн үг. Үүнийг Засгийн газар хэлэлцээрт орж байхдаа эцэслэн шийднэ. Юутай ч Засгийн газар 2027 оны төсөв дээрээ 3 их наядыг оруулж ирсэн байна. Цаашдаа 3 их наядаас илүү томруулж хэлэлцээр дээр явах байх гэсэн хүлээлттэй байна.

Үүнийг Засгийн газар хэлэлцээрт орж байхдаа эцэслэн шийднэ. Юутай ч Засгийн газар 2027 оны төсөв дээрээ 3 их наядыг оруулж ирсэн байна. Цаашдаа 3 их наядаас илүү томруулж хэлэлцээр дээр явах байх гэсэн хүлээлттэй байна.

3 их наядыг төсөв дээр суулгачихвал энэ чинь хууль гэсэн үг. Төсөв хуулиар батлагддаг. Монгол Улсын хуулийг Монголд үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж бүгд дагаж мөрдөх ёстой. Тэгэхээр ногдол ашиг төлөгдөх ёстой болно.

-Тэгвэл энэ ногдол ашиг хаашаа орох вэ. Улсын төсөвт үү, Үндэсний баялгийн санд уу. Олон нийтийн дунд бэлэн мөнгө тараана гэх ойлголт ч байсаар буй шүү дээ. Хуульдаа яаж тусгасан байдаг вэ?

-Эхлээд агуулгаа ойлгох ёстой. Үндсэн хуулиасаа эхэлье. Үндсэн хуулийн 6.2-т энэ агуулга ойлгомжтой тусчихсан. Оюу толгой бол стратегийн ач холбогдол бүхий Монголын байгалийн баялаг. Энэ баялаг тэр чигээрээ төрийн нийтийн буюу ард түмний өмч. Ард түмний өмчийн орж ирж байгаа үр өгөөж Үндэсний баялгийн санд төвлөрч одоо болон ирээдүй үедээ тэгш, шударга, хүртээмжтэй байна гээд заачихсан.

Тийм учраас Үндсэн хуулийн шаардлагаар Үндэсний баялгийн сангийн тухай хууль батлагдсан. Тэр дотор ард түмэнд хамгийн ойр нь Хуримтлалын нэгдсэн сан. Энэ бол иргэн бүрд нэрийн данс нээж, байгалийн баялгийн хишиг иргэн бүрд очиж, орон сууц, эрүүл мэнд, боловсрол руу зарцуулагдах хуультай. Одоогийн хүчин төгөлдөр Үндэсний баялгийн сангийн тухай хуулиар стратегийн ордын 34 хувийг эзэмшдэг бол тэр 34 хувьд ногдох бүх ногдол ашиг Хуримтлалын нэгдсэн сан руу орно гэсэн заалттай. Энэ зүгээр нэг гараад ирээгүй, Үндсэн хуулиа амьдруулж байгаа хууль.

Яг үнэнийг хэлэхэд, Монгол Улсад тулгамдаж байгаа улс төр, авлига, хээл хахууль, хүнд суртлын бүх асуудал уул уурхайн баялагтай, байгалийн баялгийн хуваарилалттай холбоотой. Байгалийн баялгаа зөв хуваарилж, өгөөжийг нь ард түмэндээ хүртээх нь Монгол Улсыг дараагийн түвшинд гаргах хамгийн том асуудал. Тэгэхээр баялгийн сандаа орох мөнгөнд хамаагүй хүрч болохгүй. Хуульдаа захирагдаж л явах ёстой.

Том төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх, цахилгаан станц барих, дэд бүтцийн томоохон төслүүдийг санхүүжүүлэх сан. Хөгжлийн сангийн хийх ажлыг Хуримтлалын нэгдсэн сангийн, буюу ард түмний дансанд орох мөнгөөр хийж болохгүй. Энэ хоёрыг хольж яриад байх үе байна. Цаашдаа Оюутолгойгоос эхлүүлээд бусад ордоос ногдол ашиг авна. Тиймээс анхнаасаа зөв зарчмаараа явах ёстой л гэж байгаа юм.

Бидний ногдол ашиг авч эхлэхээр тооцоолж байсан 2037–2039 он гэхэд Оюутолгойн зэсийн олборлолт бараг байхгүй болж байна. Тэр үед ногдол ашиг авна гэвэл юу ч үлдэхгүй. Үлгэр болно. Олборлогчид өрмийг нь хамж байгаа яг энэ үед нь ногдол ашиг авч хуваалцахгүй бол бидэнд шавхруу нь л үлдэнэ

-Сүүлийн хэлэлцээрээр ногдол ашиг авах хугацааг наашлуулсан. Анхны гэрээгээр Монголын тал 2037 онд ногдол ашиг авахаар байсан гэж яригдаад буй.

-Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдаад, Оюу толгойн техник, эдийн засгийн үндэслэл батлагдсан. Тэр ТЭЗҮ-д хөрөнгө оруулагч тал 47, Монголын тал нийт 53 гаруй хувийн өгөөжийг авна гэж заачихсан. Энэ амлалт биелэгдэх ёстой гэдгийг УИХ-ын тогтоолоороо баталгаажуулсан. Ногдол ашиг авах хугацаа 2037–2038 оноос наашгүй байсан.

Үүнтэй юу давхцаж байгааг харуулъя. Миний гарт JP Morgan банкны 2025 оны 10 дугаар сард хийсэн судалгаа байна. Дэлхийн хамгийн том хөрөнгө оруулалтын банкуудын ийм судалгааг олон зуун мянган хөрөнгө оруулагч уншиж шийдвэрээ гаргадаг. Энд Рио Тинто компанийн зэсийн 2040 он хүртэлх үйлдвэрлэлийн прогноз бий. Рио Тинто-гийн зэсийн олборлолт гурван том ордоос ирдэг, дийлэнх нь Оюу толгойгоос. 2025 оноос олборлолт огцом өсөж, 2030–2039 оны хооронд огцом буурч байгааг харах хэрэгтэй.

Бидний ногдол ашиг авч эхлэхээр тооцоолж байсан 2037–2039 он гэхэд Оюутолгойн зэсийн олборлолт бараг байхгүй болж байна. Тэр үед ногдол ашиг авна гэвэл юу ч үлдэхгүй. Үлгэр болно. Олборлогчид өрмийг нь хамж байгаа яг энэ үед нь ногдол ашиг авч хуваалцахгүй бол бидэнд шавхруу нь л үлдэнэ.

Ногдол ашиг авна гэдэг 20 жил гараагүй шийдвэрийг гаргалаа. Энэ нь Ерөнхий сайд Н.Учралын нэрээр түүхэнд үлдэх байх. Үлдэхдээ зөв үлдээсэй гэж хүсэж байна. Энэ ногдол ашиг Хуримтлалын нэгдсэн сангаар дамжин иргэдийн дансанд үлдээсэй, Үндсэн хуулиа хэрэгжүүлж.

-Зоригтой алхам гэж та хэлж байна, харагдаж ч байна. Гэхдээ 3 их наядыг авна гэдэг цаанаа баталгаатай болсон юм уу?

-Хэлэлцээрт Засгийн газар орж байгаа, ногдол ашгийн хэлэлцээрийг Сангийн сайд ахалж байгаа. Мөн төсвийг Сангийн сайд боловсруулж оруулж ирдэг шүү дээ. Тэр сайд өөрөө боловсруулж оруулж ирж байгаа анхны төсөв дээрээ 3 их наядыг шууд ногдол ашгаар авна гэж зоригтой суулгасан нь бас нэг түүхэн алхам. Өөртөө итгэлтэй байгаа болохоор ийм төсөв боосон байх.

Бас нэг зүйл. Зээлийн хүүг 2.5 хувиар бууруулна, менежментийн төлбөрийг 50 хувиар бууруулна, 7 жил тутам ярьдаг байсан хувь нийлүүлэгчийн зээлийн хугацааг 3 жил болгож наашлуулна гээд энэ бүхэн одоогоор хэлэлцээрийн түвшинд л байгаа. Хувь нийлүүлэгчийн гэрээ болон түүнийг дагалдах гэрээнүүд дээр хоёр тал албан ёсоор гарын үсэг зурснаар л албан ёсны болно.

Тиймээс би Засгийн газрыг шахаж, гэрээн дээр шаардлагатай өөрчлөлт аль аль заалтад орж, Монгол Улсын эрх ашиг зөв тусаж байгаа эсэхийг байнга хянаж ажиллана. Энэ маш чухал. Улс төрийн үг маргааш мартагдаж болно. Харин арбитрын өмнө хүчинтэй нь гэрээ. Гэрээний заалтуудыг оруулахдаа алдаж болохгүй, буруу ойлгож болохгүй, нөгөө талын нөлөөлөлд автаж хоёр хэлбэрээр ашиглахуйц заалт ч оруулж болохгүй. Энэ бол маш хариуцлагатай үйлдэл. Ерөнхий сайдын хийсэн хэлэлцээрийн амжилтыг юугаар баталгаажуулах вэ гэвэл гэрээнд орсон заалтаар.

Тийм учраас энэ асуудлыг хариуцаж байгаа сайд нар, Эрдэнэс Монгол, Эрдэнэс Оюу толгойн шинээр томилогдсон гүйцэтгэх захирал, Төлөөлөн удирдах зөвлөл дэх Монголын талын гурван гишүүн бүгдээс дараа нь хариуцлага нэхнэ. Ерөнхий сайдынхны амжилттай хийсэн хэлэлцээр гэрээн дээр зөв суусан уу гэдэг дараагийн 30 жилийг тодорхойлно.

2013–2020 оны маргаанаас гадна 2021–2022 оны татварт нэмэлт акт тавьснаар дахиад 420 сая ам.долларын маргаан нэмэгдсэн. Энэ дахиад л арбитрт орох байх

-"Рио Тинто" бүх татварын өр 1.6 их наядыг Төрийн санд царцааж, арбитрын шийдвэрт найдаж суугаа. Энэ маргааны өрнөл хэрхэж байгаа бол?

-Маш энгийнээр хэлбэл, 2013 оноос Оюу толгой ил уурхайгаа ашиглалтад оруулж, баяжмалаа гаргаж орлого олж эхэлсэн. Тэр өдрөөс хойш 2020 он хүртэлх хугацаанд 365 сая ам.долларын татварын маргаан үүссэн. Өнөөдөр бид Оюутолгойгоос маргаангүй авч байгаа ганцхан татвар нь 5 хувийн АМНАТ. Ногдол ашиг байхгүй, бусад татвар нь бараг бүгд маргаантай. Энэ маргаан Лондон дахь олон улсын арбитрт эцэслэн шийдэгдэнэ. 2013–2020 оны маргаанаас гадна 2021–2022 оны татварт нэмэлт акт тавьснаар дахиад 420 сая ам.долларын маргаан нэмэгдсэн. Энэ дахиад л арбитрт орох байх. Арбитрт маргаан гаргах хугацаа нь дуусаагүй байгаа юм билээ. Ер маргаан хэзээ ч дуусахгүй үргэлжилдэг ийм л циклд бид орчихсон байна.

Аль аль талдаа харилцан ашигтай урт хугацааны түнш болохын тулд хоёр тал бие биеийнхээ эрх ашгийг хүндлэх ёстой. Монголын эрх ашиг үргэлж орхигдож ирсэн нь үнэн шүү дээ. Сонсголоор бүгд үүнийг ярьсан. Цаашид Монгол Улсын эрх ашгийг монголчууд өөрсдөө хангахгүй бол өөр хэн ч хангахгүй. Энэ бол Рио Тинто-гийн буруу биш. Тэд хувьцаа эзэмшигчдийнхээ эрх ашгийг хангах гэж ажиллаж байгаа компани, Монгол Улсын эрх ашгийг хангах үүрэг тэдэнд байхгүй. Тэр үүрэг Монголын талд, Засгийн газарт, УИХ-д, Төлөөлөн удирдах зөвлөлийн Монголын талын гишүүдэд байгаа. 17 жилийн турш яагаад ийм байдалтай явсныг сонсголоор бид харсан.

-Н.Учралын Засгийн газар Оюутолгой дээр түүхэн хэлэлцээр хийлээ гэгдсэн. Тэгвэл таны манлайлан оролцсон Оюутолгойн сонсголоос гарсан тогтоол, шийдвэрүүдтэй хэр нийцсэн хэлэлцээр болсон гэж харж байна вэ?

-Сонсголын үр дүнд УИХ-ын 120 дугаар тогтоол батлагдсан. Бидний хүсэж байгаа зүйл энэ тогтоол биелэх ёстой, тэнд байгаа таван заалт бүгд амилах ёстой. Ингэж чадвал анх амласан 53 хувийн өгөөжийг Монголын тал хүртэнэ гэдгээ барьж чадна.

Энэ нэг удаагийн хэлэлцээрээр биелчих зүйл биш. Гэхдээ зээлийн хүү бууруулах, ногдол ашиг наашлуулах гэх мэт ахиц гарч байгаа ч 100 хувь нэг хэлэлцээрээр шийдэгдэхгүй. Засгийн газар хэлэлцээрээ цаашид үргэлжлүүлэх ёстой. Шийдэгдээгүй олон асуудал үлдэж байгаа, тэдгээрийг цогцоор нь шийдэх хэрэгтэй.

Хэлэлцээрт Монголын талд давуу тал болох нэг зүйл бол гадаад зах зээлийн эерэг орчин. Зэсийн үнэ дэлхийн зах зээл дээр нэг тонн нь 14 мянган ам.доллар давж, нэг жилийн өсөлт нь 46 хувь болсон. Энэ бол түүхэн хэмжээний өсөлт.

Хоёрт. Оюу толгой жилд 500 мянган тонн зэс үйлдвэрлэх хүчин чадалтай, хүрэх ёстой дээд хэмжээндээ хүрэхээр ажиллаж байна. Энэ бүхэн Монголын талд хэлэлцээр хийх нөхцөлийг бүрдүүлж байгаа, энэ мөчийг алдаж болохгүй. Алдвал Монголын талын дараагийн алдагдсан боломж болно. Тиймээс энэ түүхэн цаг хугацаандаа түүхэн шийдвэрүүдээ гаргаад яв л гэж байгаа юм.

-Хэлэлцээрт ОНТРЭ-ийн лицензийн асуудал хэрхэн явж байна вэ. Сонсгол хийх үндсэн шалтгаан нь энэ байсан шүү дээ.

-Хэлэлцээрийн ОНТРЭ-тэй холбоотой хэсэг заавал хийгдэх ёстой, Монгол Улсын эрх ашиг энд хангагдах ёстой. Энэ 120 дугаар тогтоолын заалтын нэг. Сонсгол явуулах болсон үндсэн шалтгаан ч ОНТРЭ байсан. Стратегийн бүлэг ордын нэг хэсэг, Оюу толгойтой адил дэлхийн хэмжээний том биет, геологийн нөөцийн 30 гаруй хувь нь ОНТРЭ-гийн буюу Канадын компанийн лиценз дээр байдаг. Гэтэл Монгол Улс энэ дээр 34 хувь ч биш, юу ч эзэмшдэггүй. Бас л эс үйлдэхүй. Олон жил шийдэж чадалгүй явсан. Монгол Улсын эрх ашиг энд яагаад хангагдахгүй давхар стандарт яваад байгаа юм.

Түрүү жил байгуулсан гэрээндээ Монгол Улсын эрх ашгийг огтхон ч дурдаагүй. Ийм байдалтай байсан учраас бид жаахан удсан бол ОНТРЭ-гийн лиценз Оюу толгой уруу шилжчих байсан. Монголын тал энэ асуудлыг гартаа авч, түр хороо байгуулсан үндсэн шалтгаан энэ байсан. Тиймээс ОНТРЭ -гийн асуудал дээр шийдвэр гарах ёстой, Оюу толгойн дараах том гэрээ ОНТРЭ дээр байгуулагдах ёстой. Засгийн газар 120-р тогтоолын хүрээнд үүнийг хийх үүрэгтэй. Энэ хийгдэж байж 53 хувийн өгөөж бүрэн хангагдана, хийгдэхгүй үлдвэл Монголын эрх ашиг цоорхойтой явна. Одоогийн хууль тогтоомж, байгуулсан гэрээгээр бол Монгол Улс тэнд нэг ч хувь эзэмшигч биш.

Стратегийн ордын ил тод байдал, тайлагналын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд энэ намрын чуулганд багтааж өргөн барина

-Төсвийн тодотгол, 2027 оны төсөвт төрийн өмчит компанийн ногдол ашиг гэдэг шинэ концепц орж ирж байна. 2026 онд 1.5 их наядыг ногдол ашгаар нөхнө, 2027 онд Оюу толгойгоос гадна бусад төрийн өмчит компаниас 5 их наяд төгрөгийн ногдол ашиг авна гэж тусгаж байна. Ийм их ногдол ашгийн орон зай хаанаас гарч байна вэ?

-Үүнийг хэн ч мэдэхгүй байна. Эндээс юу дүгнэх вэ гэвэл стратегийн ач холбогдол бүхий ордууд бол Үндсэн хуулиараа ард түмний өмч, өгөөжийн дийлэнх нь ард түмэнд ногдоно гэсэн Үндсэн хуулийн шаардлагатай. Гэтэл энэ ордууд ямар ногдол ашигтай ажиллаж байгаа, ямар хөрөнгө оруулалт хийгдээд яаж явж байгаа талаар хэн ч мэдэхгүй. Бид ард түмнийг мэдэх эрхээр нь хангаж чадсан уу гэвэл үгүй. Мэдэх эрхийг Үндсэн хуулийн 6.2-т тоочихсон байдаг. Өнөөдөр бид стратегийн ордууд дээр юу болж байгааг мэдэхгүй, Оюу толгой орлогоо ч ил тод мэдээлдэггүй.

Үүнийг нэг төсвөөр, нэг сонсголоор гаргаж тавиад байж болохгүй, цогцоор нь шийдэх ёстой. Тиймээс Оюу толгойн сургамжийг амьдрал дээр буулгаж, Үндсэн хуулийн 6.2-ыг амилуулсан Стратегийн ордын ил тод байдал, тайлагналын тухай хуулийн төслийг УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хүрээнд энэ намрын чуулганд багтааж өргөн барина.

Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр стратегийн ордууд нэгэнт ашиглалтад орсон учраас ард түмэндээ тайлагнаж, мэдээллээ сайт дээрээ нээлттэй байлгана. Хонконг, Нью-Йорк, Лондоны хөрөнгийн бирж дээр компани мэдээллээ ил болгодог тэр зарчмыг стратегийн ордуудаар хэрэгжүүлье гэж байгаа юм. Энэ засаглал руу орж байгаа хэрэг огтхон ч биш, ил тод мэдээлэл. Ард түмний өмч гэж байгаа бол ард түмнийг төлөөлж байгаа УИХ өөрөө ажлаа хийж, жилд нэг удаа тайланг нь сонсож, асуултаа асууж, хариултаа авъя. Хонконгийн бирж дээр нээлттэй компани жилд нэг удаа хөрөнгө оруулагчдадаа гүйцэтгэх удирдлага нь ингэж захиран зарцуулж, ингэж ашигтай ажиллуулсан гэж тайлбарлаад асуултад хариулдаг. Яг тэр процессыг УИХ дээрээ хийе.

Ингэвэл Оюу толгой мэдээллээ нуудаг, хаадаг, Эрдэнэт, Тавантолгой дээр элдэв янзын хулгай явдаг асуудал шийдэгдэнэ. "Эрдэнэт үйлдвэр" 40 жил Монголыг тэжээсэн, үүнийг бүгд мэддэг. Гэхдээ нэг ч удаа ирж УИХ дээр тайлангаа тавьдаггүй, хэр ашигтай ажиллаж байгааг нь хэн ч мэдэхгүй. Төрийн өмчийг захиран зарцуулж байгаа гүйцэтгэх удирдлага нь Засгийн газар. Засгийн газар Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газартайгаа хамт УИХ дээр ард түмний өмчийг хуулиар олгосон эрхийн хүрээнд ингэж захиран зарцуулж, ингэж ажилласан гээд тайлангаа тавих ёстой. Энэ бол олон улсын хамгийн сайн жишиг. Нээлттэй, ил тод байдал, тайлагнал байхгүйгээс өнөөдрийн энэ их асуудал үүссэн.

Үүнийг бидэнд Оюу толгой ойлгуулсан. Оюу толгойн 40 гаруй мянган хуудас баримтыг олон нийтийн парламентад тавих гэж нэлээн ажил болсон. Одоо олон нийт бүгд парламентын сайтаар ороод тэр 40 гаруй мянган хуудас нээлттэй баримтыг үзэх боломжтой. Энэ бол ард түмний мэдэх эрхийг хангах хамгийн сонгодог олон улсын жишиг. Дэлхийд байхгүй юм зохиох шаардлагагүй. Хамгийн амжилттай жишгийг стратегийн ордууд дээр хэрэгжүүлж чадвал байгалийн хараал гэж яригдаад байгааг байгалийн ерөөл болгох хангалттай боломж Монгол Улсад байна. Монголын тулгамдсан улс төр, эдийн засгийн асуудлыг шийдэх боломж энд л байгаа.

-Одоо УИХ 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэж байна. Засгийн газрын оруулж ирсэн тодотголыг та дэмжиж байгаа юу?

-Ирэх оны төсвийг би бүгдийг нь уншиж, дүн шинжилгээ хийж дүгнэлтээ гаргаагүй байна, одоо тодотгол дээр анализ хийж байна. Төсвийн тодотголыг хийх хэрэгтэй гэж үзэж байгаа. Хэний Засгийн газар байх нь хамаагүй, амласан амлалт байвал тэр Засгийн газар нь хариуцлагаа хүлээх ёстой, цалин, тэтгэврийг нэмэх ёстой. Үүний тулд ямар нэг арга хайж орлогоо нөхөөд тодотголоо явуулах нь зөв.

Товчхоноор, том зургаар нь дүгнэвэл тодотголоор 1.5 их наядын буурах орлогыг төрийн өмчит компанийн ногдол ашгаар 100 хувь санхүүжүүлээд хаачихлаа. Зарлагын тухайд цалин, тэтгэврийн нэмэгдлийн орон зайг төсөв дээр гаргах хэрэгтэй. Тэр орон зайг нийслэл дээрээс авч байна. Сэлбэ дэд төвийг явуулах 758 тэрбум төгрөгийн үнэт цаасны орон зай, мөн орон нутгийн шилжүүлсэн орлогын 998 тэрбумыг нийт 1.7 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын зарлагын орон зайг улсын төсөв рүү татаж шилжүүлэлт хийж байна.

Энгийнээр хэлбэл, нийслэл дээр явж байгаа зүйлийн энэ жилийнхийг жаахан хойшлуулаад, тэрийг улсын төсвөөр татаж нөхөж байгаа. Энэ нь Засгийн газрын бүрэн эрх. Хойд хормойгоороо урд хормойгоо нөхөж, аргацаагаад 2026 оноо давъя л гэж буй юм билээ.

Төсөв тогтохгүй байх нь ойлгомжтой байсан, цаг хугацааны хувьд л хойшилчихлоо. Өнгөрсөн хугацаанд Засгийн газар солигдож, улс төр тогтворгүй байсан нь эрсдэл дагуулчихлаа.

Оюу толгойн жишээгээр хэлье. УИХ-ын 62 дугаар тогтоолоор эрхээ аваад, зургаан сарын дотор 90 гаруй мянган хуудас нотлох баримтаа авч, сонсголоо зохион байгуулж, УИХ-ын тогтоолоо батлуулах хугацаанд УИХ-ын дарга солигдож, Засгийн газар солигдож, энэ бүх процессоор дамжсан. Төрийн тогтворгүй байдал дундуур ч бид Оюу толгойн асуудлаа гартаа авч, хуулийн хугацаандаа тогтоолоо батлуулж чадсан. Жил хүрэхгүй хугацаанд Монгол Улсын эрх ашгийг хангах том, даацтай үр дүнгүүд гарч байгаад баяртай байна. Гэхдээ эцсийн эцэст 120 дугаар тогтоол бүхлээрээ хэрэгжих ёстой, тэр болтол бид шаардсаар байх болно.

Оюу толгойг засна гэдэг Монгол Улсын өрийн бүтцийг засна гэсэн үг. Монгол Улсын эрх ашгийг хангасан гэрээгээр Засгийн газрын хөрөнгө оруулалт орж ирж, урт хугацаанд харилцан ашигтай явах хоёр талын харилцаа тогтоно. Дараа дараагийн томоохон бүтээн байгуулалт орж ирэхэд ч гэрээ нь зөв, харилцан ашигтай, асуудал гарахад хариуцлага тооцох хүнтэй энэ л хэлбэр орох ёстой. Бид ч гэсэн суралцаад явж байна. Гаргасан алдаагаа л давтаж болохгүй. Эс үйлдэхүйг байлгах орон зайг байлгаж болохгүй.

-Цаг гарган нээлттэй ярилцсанд баярлалаа.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
15 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

энэ асуудлаа оюун эрэднийн засагийн үед ярихгүй одоо яриад балайраад байгаа юм вэ тэнэгүүд

Зочин
Зочин

Оюутолгойгоос ногдол ашиг авах хугацааг урагшлуулж байгаа нь зөв алхам байна, гэхдээ ярьснаараа биш гэрээгээрээ баталгаажуулах хэрэгтэй

Зочин
Зочин

36 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа ордын 34 хувийн эзэмшигч Монгол Улс яг хэдэн төгрөгийн өгөөж авч байгаагаа ил тод мэддэг байх ёстой

Зочин
Зочин

3 ih nayadiig tusuvt suulgasan ni sain hereg baina, gehdee ter mungiig yund zartsuulah we gedeg ni bas ih chuhal shuu

Зочин
Зочин

Ногдол ашгийг 2037 он хүртэл хүлээх биш олборлолт өндөр байгаа үед нь авах шаардлагатай гэдэг байр суурьтай санал нэг байна

Зочин
Зочин

Монголын тал 34 хувийг эзэмшдэг атлаа үндсэн санхүүгийн мэдээллээ бүрэн авч чаддаггүй гэдэг бол үнэхээр байж боломгүй зүйл

Зочин
Зочин

Oyu tolgoi shig tom ordiin mungiig heden hunii shiidvereer taraah bish huuliaraa san ruu ni oruulj hadgalah heregtei

Зочин
Зочин

Зээлийн хүүг бууруулсан нь Монголын талд бодит үр өгөөж өгөх өөрчлөлт байна, цаашдаа бусад нөхцөл дээр ч адилхан хатуу байр суурь хэрэгтэй

Зочин
Зочин

5-6 ih nayadiin bolomjtoi gej tootsoolj baigaa yum bol yagaad 3 ih nayadaar hyazgaarlaj baigaa ni todorhoi baih heregtei

Зочин
Зочин

Баялгийн сангийн мөнгийг төсөл хөтөлбөрийн мөнгөтэй хольж болохгүй гэдэг дээр анхаарах хэрэгтэй, энэ бол ирээдүйн үеийн хөрөнгө

Зочин
Зочин

Ногдол ашиг авна гэдэг сайхан сонсогдож байна, харин иргэн бүрийн хүртэх өгөөж нь бодитоор нэмэгдэх үү гэдэг л хамгийн чухал

Зочин
Зочин

3 ih nayad bol zugeer neg too bish, ulsiin tusuvt oruulj baigaa bol heregjilt deer ni ard irged sain hyanah yostoi

Зочин
Зочин

Ene udaa yarisan heleltseer ni gereen deer yag orson uu gedgiig l haraad dugneh heregtei, uls turiin ug bol martagdana

Зочин
Зочин

Монголын баялгийн өгөөжийг ард түмэндээ хүртээх асуудал олон жил яригдсан, одоо бодит үр дүнгээр нь хармаар байна

Зочин
Зочин

Татварын маргаан, ногдол ашиг, зээлийн хүү гээд олон асуудал зэрэгцэж байгаа учраас Монголын тал мэргэжлийн түвшинд маш сайн хянах хэрэгтэй

Холбоотой мэдээ

Back to top button