НИЙГЭМНийгэм мэдээ

Дата: Баавгайг агнах буу, хамгаалах шүршигчийг ₮614 саяар нийлүүлэх хоёр компани

Сүүлийн хоёр сарын дотор 997 удаа суурьшлын бүсэд үзэгдсэн хүрэн баавгай энэ сарын эхээр хүний аминд хүрэв. Ниргэсэн хойно хашхирав гэгчээр Баавгайг агнахад зориулж нөөц хөрөнгөөс 1 тэрбум 80 сая төгрөгийг гаргаж, агнах хэрэгслийг шууд гэрээ байгуулах замаар худалдан авах тендерийг БОУАӨЯ зарласан.

Тодруулан хэлбэл, Баавгай барих унтуулах буу, шүршигч зэрэг тоног төхөөрөмжүүдийг авахаар энэ сарын 16-ны өдөр 810 сая төгрөгийн төсөвтэй дөрвөн тендер зарласан. Одоогийн байдлаар хоёрт нь ААН шалгарсан. Харин үлдсэн хоёрын нэгт нь материал ирээгүй, нөгөөд нь материалаа ирүүлсэн ААН шаардлагад нийцээгүй шалтгаанаар хасагдсан байна. Тухайлбал,

  • 450.4 сая төгрөгөөр Унтуулгын бууны иж бүрдэл худалдан авах тендерт Алтандолгио ХХК,
  • 164 сая төгрөгөөр Албан хаагчдын аюулгүй байдлыг хангах, бие хамгаалах хэрэгсэл (шүршигч) худалдан авах тендерт Ээлгранд ХХК шалгарсан байна.

Харин Баавгай барих тоног төхөөрөмж (амьд баригч, тор) худалдан авах тендерт Иххар сүлд гэх компани 150 сая төгрөгийн үнийн саналтайгаар оролцсон ч шаардлагад нийцээгүй шалтгаанаар хасагдсан байна. Үлдсэн нэг тендер буюу 45 сая төгрөгийн өртөгтэй "Мэдээ алдуулах, тайвшруулах эм бэлдмэл худалдан авах"-д ямар нэгэн байгууллага материал ирүүлээгүй байна.

Гэрээ байгуулахад бэлэн болсон хоёр тендерээр худалдан авах бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ, шалгарсан хоёр компанийн талаарх мэдээллийг нээлттэй мэдээллийн сан дахь өгөгдөлд тулгуурлан хүргэе.

Нэг. 12 бууг ₮450.4 саяар Унтуулгын бууны иж бүрдэл худалдан авах тендерт шалгарсан Алтандолгио ХХК. Буу импортлох тусгай зөвшөөрөлтэй, өмнө нь Төрийн банканд хийн гар буу нийлүүлж байсан түүхтэй

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам зэрлэг амьтныг судлах болон аюулгүй зөөвөрлөх зорилгоор 12 ширхэг хөдөлгөөнгүй болгох хийн буу худалдан авахаар болжээ. Засгийн газрын 2026 оны 387 дугаар тогтоолыг үндэслэн боловсруулсан техникийн даалгаварт, хүрэн баавгайн суурьшлын бүсээс орж ирэх тохиолдлоос урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд энэ худалдан авалтыг хийж буйг дурджээ. Иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ байгалийн хамгаалалттай газар нутагт ажиллах албан хаагчдыг багаж техник, тоног төхөөрөмжөөр хангах нь зорилго юм.

Хийн буу нь 0-16 бар даралттай, 75 метр хүртэл зайд хүрэх тусгалтай бөгөөд мансууруулах бодис бүхий тариураар амьтныг хөдөлгөөнгүй болгоно. Буу бүрийг дуран, түргэн хараалагч, 600-1000 метр хүртэл зайг хэмжих зай хэмжигч, хий дүүргэх насос зэрэг иж бүрдлээр нь нийлүүлнэ. Мөн 3, 5, 10 мл багтаамжтай нийт 1200 тариур, 4,5 болон 5,5 см урттай 1200 зүү, 24 CO2 баллон болон бусад хэрэглэгдэхүүн багтсан байна.

Гүйцэтгэгч гэрээ байгуулснаас хойш 60 хоногийн дотор бараагаа нийлүүлэхээс гадна хийн бууг ашиглах арга зүйн зөвлөмж боловсруулж, албан хаагчдад ашиглалт, аюулгүй ажиллагааны сургалт зохион байгуулна. Ажлын явцыг видео болон гэрэл зургаар баримтжуулж, тайланг 3 хувь хүргүүлэх үүрэгтэй.

Алтандолгио ХХК-ийн тухайд

|2007-05-04|-нд үүсгэн байгуулагдсан, эцсийн өмчлөгч нь П.Рэгзэдмаа, гүйцэтгэх захирал нь Б.Батсүх. Аялал жуулчлал, зочид буудал, Гадаад худалдаа, Барилга угсралт , Баар ажиллуулах үйл ажиллагааны чиглэлтэй. Тусгай зөвшөөрлийн тухайд, Иргэний болон харуул хамгаалалтын зориулалттай галт зэвсэг, сум, дагалдах хэрэгсэл, галт зэвсэгтэй адилтгах хэрэгслийг импортлох, худалдах, Ахуйн хэрэглээний (220 гр-500 гр) шатдаг хийн бөөний худалдаа, Согтууруулах ундаагаар үйлчлэх /Баянзүрх дүүргийн ЗДТГ/. Өмнө нь Төрийн банканд хийн гар буу нийлүүлж байсан түүхтэй.

Хоёр. 1935 ширхэг баавгайн шүршигч худалдан авах тендерт шалгарсан Ээлгранд ХХК

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хүрэн баавгайн суурьшлын бүсэд үүсэх аюултай нөхцөлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор 1935 ширхэг баавгайн шүршигч худалдан авах тендер зарлажээ.

Засгийн газрын 2026 оны 387 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд боловсруулсан техникийн даалгаварт, баавгайтай удаа дараа тулгарч буй иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалахын зэрэгцээ байгалийн хамгаалалттай газар ажиллаж буй албан хаагчдыг багаж, тоног төхөөрөмжөөр хангахыг зорьжээ. Шүршигч нь зэрлэг амьтанд хохирол учруулахгүйгээр ухруулж, зайлуулах үр дүнтэй, стандартын шаардлага хангасан байх ёстой.

Баавгайгаас хамгаалах тусгай зориулалтын шүршигчийн идэвхит бодис нь капсаицин болон түүний деривативууд (Major Capsaicinoids) бөгөөд концентраци нь 1.0-2.0 хувь байна. Энгийн чинжүүтэй шүршигч буюу Pepper Spray-г зөвшөөрөхгүй. Шүршигч нь баавгайтай тулахаас өмнө, хамгийн багадаа 7.5-9 метрээс дээш зайд цацагддаг байх бөгөөд нарийн шүршилт биш, том хэмжээний өтгөн мананцар үүсгэн цацагдана. Нэг бүтэн шүршилтийн үргэлжлэх хугацаа 5-9 секунд, нэгж бүрийн цэвэр жин 1000 граммаас ихгүй байна.

Аюулгүй байдлын хувьд санамсаргүй шүршихээс сэргийлсэн, шаардлагатай үед хурдан сугалах боломжтой хамгаалалтын түгжээтэй байх ёстой. Мөн ш бүрийг бүсэнд болон цээжинд шууд сугалж хэрэглэх боломжтой, бат бөх материалтай уут буюу гэртэй багц хэлбэрээр нийлүүлнэ. Бүтээгдэхүүн нь Монгол орны цаг уурын онцлогт тохирч, -10 хэмээс +40 хэм хүртэлх температурт даралтаа алдахгүй ажиллах ёстой бөгөөд нийлүүлэх өдрөөс хойш хамгийн багадаа 3 жил ашиглах боломжтой, хадгалах хугацааны үлдэгдэл 80 хувиас дээш байна хэмээн тусгасан байна.

Уг тендерт шалгарсан Ээлгранд ХХК-ийн тухайд

|2011-02-28|-нд үүсгэн байгуулагдсан, эцсийн өмчлөгч, удирдах албан тушаалтнаар С.Лхасүрэн гэх хүн бүртгэлтэй. Автомашины засвар үйлчилгээ, Барилгыг дуусгах шатны ажил, Ногоон байгууламж бий болгох үйл ажиллагаа, Блок үйлдвэрлэл, Компьютер системийг суурилуулах үйлчилгээ, Төлбөр эсвэл гэрээний үндсэн дээр хийгдэх бөөний худалдаа, Хүнсний бөөний болон жижиглэн худалдаа, Мах, махан бүтээгдэхүүний худалдаа гэх үйл ажиллагааны чиглэлтэй.


Тендер шалгаруулалтаа хийж амжаагүй хоёр тендер

Гурав. ₮150 саяар баавгайг барих 60 ширхэг тусгай тор авах тендерт нэг компани санал ирүүлсэн ч шаардлагад нийцээгүй байна

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хүрэн баавгайг амьдаар нь барих, шилжүүлэн зөөх зорилгоор 60 ширхэг тусгай торон тоног төхөөрөмж худалдан авна.

ТЭЗҮ-дээ, Амьтны тухай хууль, Зэрлэг амьтан аврах, асран хамгаалах үйл ажиллагааны MNS 6943:2021, Хөхтөн амьтдад тавих тусгай шаардлагын MNS 6944:2021 стандарт болон Засгийн газрын 2026 оны 387 дугаар тогтоолыг үндэслэн техникийн тодорхойлолтыг боловсруулжээ. Тор нь хүрэн баавгай, өвсөн болон махан идэштэн зэрлэг амьтныг түр хугацаанд аюулгүй тогтоон барьж, шилжүүлэн зөөх, тээвэрлэхэд зориулагдсан бөгөөд ой, уул, хээрийн алслагдсан талбайд зөөвөрлөн байрлуулах боломжтой байна. Мөн -40 хэмээс +40 хэм хүртэлх температурт, бороо, цас, тоос, чийг, шавартай орчинд ашиглахад тохирсон байх ёстой.

Торыг амьдаар барьдаг, нэг хаалгатай, шууд дээр нь амархан хаагдах бат бөх загвартай байхаар заажээ. Дотор хэмжээ нь өндөр 150 см, урт 240 см, өргөн 150 см бөгөөд торны савх хоорондын зай 10 см-ээс ихгүй байна. Бат бөх арматур, турбо бүхий ган хүрээ, тор эсвэл листэн төмрөөр хийх бөгөөд хурц ирмэг, ил гарсан утасгүй, доод тал нь 350 кг амьтныг даах хийцтэй, зэвэрдэггүй, хээрийн нөхцөлд засварлах боломжтой байна. Торны шал нь халтардаггүй, зай завсар багатай, сарвуу хавчигдахгүй, бохирдлыг зайлуулах боломжтой, цэвэрлэхэд хялбар байх шаардлагатай.

Хаалга нь найдвартай хаалттай, давхар механик хамгаалалттай, гаднаас аюулгүй түгжих боломжтой, дээрээс хаагддаг байна. Үүнээс гадна гаднаас хоол, ус өгөх хамгаалалттай тусгаарлах хаалттай, өргөх гогцоо, 4 талаа бариултай, чирэгч бэхлэх цэгтэй, онцгой үед амьтныг алсаас болон гадна талаас хурдан суллах нөөц механизмтай байна.

Баталгааны хугацаа нь үндсэн төхөөрөмжийг хүлээн авснаас хойш 24 сар. Нийлүүлэгч нь хүлээлгэн өгөх үедээ угсралт, аюулгүй ашиглалт, шалгалт, арчилгааны дадлага сургалтыг захиалагчийн ажилтнуудад зохион байгуулах бөгөөд иж бүрдэлд торон төхөөрөмж, салдаг бүрхүүл, түгжээний нөөц хэрэгсэл, бэхэлгээ, шаардлагатай багаж, элэгддэг сэлбэгийн эхний багц, хэрэглэгчийн гарын авлага орно. Сав баглаа боодол нь тээвэрлэлт, ачих буулгах, чийг болон механик гэмтлээс хамгаалсан байх ёстой хэмээн заасан байна.

Дөрөв. Баавгайг мэдээ алдуулах зорилготой гурван төрлийн 282 шил бэлдмэлийг 45 саяар авах тендерт нэг ч ААН оролцоогүй тул тендер дахин зарлагджээ

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам суурьшлын бүсэд зэрлэг амьтантай удаа дараа тохиолдох нөхцөлөөс иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг хамгаалах, мөн амьтан судлал, байгаль хамгаалалд ажиллаж буй албан хаагчдыг дэмжих зорилгоор зэрлэг амьтанд ашиглах мэдээгүйжүүлэх эм бэлдмэл худалдан авна.

ТЭЗҮ-дээ, Малын эмч нарыг сургалтад хамруулж, эм бэлдмэлийг улсын хилээр оруулж ирэхтэй холбогдох асуудлыг гүйцэтгэгч хариуцна. Ажлын даалгаврыг Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Мал, амьтны эм, тэжээлийн нэмэлтийн тухай хууль, Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд тавих хяналтын тухай хууль болон Засгийн газрын 2026 оны 387 дугаар тогтоолд тулгуурлан боловсруулжээ.

Гүйцэтгэгч нь тусгай зөвшөөрөлтэй мэргэжлийн байгууллага байх бөгөөд бүтээгдэхүүний дуусах хугацаа үйлдвэрлэсэн оноос 2-3 жилээс дээш байх ёстой. Үйлдвэрлэсэн болон дуусах хугацааг сав боодол дээр тодорхой бичсэн байна. Үнийн саналдаа нийлүүлэх хугацаа, хүргэх нөхцөл, тээвэр даатгал, экспортын бичиг баримт, савлагаа, гааль болон дотоод хүргэлтийг хариуцна. Мөн захиалагчийн хэрэгцээнд тулгуурлан эм бэлдмэл хүлээн авах байгууллагад хүлээлгэн өгч, эмийг хэрэглэх заавар, аргачлал боловсруулж, сургалт зохион байгуулна. Тарилгын шингэн бодисын хадгалалтын хугацаа, чанар нь стандартыг хангасан байна.

Техникийн шаардлагад гурван төрлийн бэлдмэл багтсан. Эхнийх нь тилетамин, золазепам гидрохлорид 100 мг/мл агуулсан бэлдмэл бөгөөд 5 мл савлагаатай 150 шилээр нийт 750 мл авна. Хоёр дахь нь кетамин гидрохлорид 50 мг/мл, 10 мл савлагаатай 120 шилээр нийт 1200 мл, гурав дахь нь ксилазин гидрохлорид 100 мг/мл, 50 мл савлагаатай 12 шилээр нийт 600 мл байна. Эдгээр тоо хэмжээ нь 100 хүрэн баавгайд зориулан тооцоологдсон. Бэлдмэлийг хоёр хувилбараар хавсарч хэрэглэхээр заасан бөгөөд эхний сонголт нь тилетамин, золазепамыг кетаминтай, хоёр дахь сонголт нь ксилазиныг кетаминтай хослуулах юм. Баавгайн амьдын жингээс хамаарсан тун тооцооллын хүснэгт гэрээнд хавсаргагдана.

Гүйцэтгэгч гэрээ байгуулснаас хойш 60 хоногт багтаан ажлаа гүйцэтгэж, үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөгөө захиалагчид танилцуулан, саналыг тусган гэрээний хавсралтаар батлуулна. Ажлын явцыг өндөр чанартай богино хэмжээний видео болон гэрэл зургаар баримтжуулж, CD-д хадгалан өгнө. Тайланг файл болон хэвлэмэл хэлбэрээр 3 хувь ирүүлэх бөгөөд гэрээгээр хүлээсэн үүргийг гуравдагч этгээдэд шилжүүлэхийг хориглоно. Гүйцэтгэгч учирч болзошгүй эрсдэлийг цаг хугацаанд нь олж тогтоох үүднээс үүнийг захиалагчид урьдчилан мэдэгдэнэ.

Үнийн саналдаа гүйцэтгэгч шинэ албан үнийн санал, үйлдвэрлэгчийн каталог болон нийцлийн баталгаа, үндсэн болон нэмэлт бүрдлийн салангид үнэ, хүргэлтийн нөхцөл ба хугацаа, гарал үүсэл, чанар, баталгааны баримт, хэрэглээний болон аюулгүй ажиллагааны заавар, сургалтын төлөвлөгөө, шаардлагатай экспорт, импортын баримт, засвар, сэлбэгийн нөхцөл зэргийг тусгана хэмээн заасан байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

О. Онон

МУИС-ийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн. 2023 оноос эхлэн Eguur.mn мэдээллийн агентлагийн Эрэн сурвалжлах, эдийн засгийн албанд ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
17 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Baavgai hunii amind hursen hoino l 1 terbum 80 say tugrug gargaj ten der zarlaj bna shd

Зочин
Зочин

Улс орноороо аюултай байдалд орчихоод байхад баавгай буудах буу, шүршигч ярьж суух гэж дээ

Зочин
Зочин

450 sayar untuulgiin buu, 164 sayar shurshig avah tender geж l mungu ideh shv dee

Зочин
Зочин

Байгаль орчны яамныхан яг гамшиг болсны дараа сая нэг юм хөдөлж тендер зарлаж суух юм

Зочин
Зочин

Altandolgio bolon Eelgrand HHK-uud shalgaad l 614 say tugrug avch bna gsn chin goy business

Зочин
Зочин

Хүрэн баавгай суурьшлын бүсэд 997 удаа үзэгдтэл нь яамныхан юмаа хийгээгүй сууцгааж байсан

Зочин
Зочин

150 saynii tor avah tender deer ni n ch company shaardlaga hangaargui gsed hasagdchihjee

Зочин
Зочин

Мэдээ алдуулах эм бэлдмэл авах тендерт нэг ч ААН оролцохгүй болохоор дахин зарлалаа л гэнэ

Зочин
Зочин

Turiin saiduud uursdoo ajilaa tsagt n hiideggyi bolohoor l niigemd iim zovlon uusej bna shd

Зочин
Зочин

Улаанбаатар хот болон орон нутагт баавгай орж ирээд байхад унтуулгын буу нь одоо л олдож байна

Зочин
Зочин

Zasgiin gazarin 2026 onii 387 dugariin togtoold orj l baival tender l bval mungu urjina

Зочин
Зочин

Ардын амь нас хохирсны дараа нөөц хөрөнгөөс мөнгө гаргаж сандралдаж байгаа нь маш эмгэнэлтэй

Зочин
Зочин

Ene buh asuudlig bygd l medej bgaa murtluu dandaa l dald lobi hiigeed mungu idekhiig boddog

Зочин
Зочин

Улаанбаатар хотын ойролцоо болон хөдөө орон нутагт явахад хүртэл айдастай болчихлоо шүү дээ

Зочин
Зочин

Zasgiin gazarin hiij bgaa ajil n zver l ard tumnii anhaarlig holduulax, lobi hiih l arga shd

Зочин
Зочин

Баавгайн шүршигч болон унтуулгын бууг ямар үнээр шахыг нь хараад байхад арай л дэндүү юмаа

Иргэн
Иргэн

Муу эр дайнд хөөрнө гэдэг шиг мөнгө хулгайлах сайхан шалтгаан олжээ. Өнөө маргаашгүй өвөл боллоо. Хэдэн байвгай байгалийн хуулиараа ичлээ.

Холбоотой мэдээ

Back to top button