УЛС ТӨРУлс төрийн мэдээ

ТЕГ-ын дарга П.Одонбаатар болон хоёр дэд даргынх нь бүрэн эрхийн хугацаа дуусаад хоёр сар болов

Зургаан жилийн хугацаатайгаар томилогддог хэд хэдэн албан тушаалтан бий. Тухайлбал, УДШ-ийн Ерөнхий шүүгч, АТГ-ын дарга, УЕП, ТЕГ-ын дарга, ҮХЦ-ийн Ерөнхий шүүгч нар юм.

АТГ-ын дарга, УЕП-ын хугацааг өнгөрсөн жил сунгасан. Тэдний бүрэн эрхийн хугацаа 2031 онд дуусна. Харин ҮХЦ-ийн дарга, УДШ-ийн Ерөнхий шүүгч нарыг сэлгэн томилсон. ҮХЦ-ийн дарга Ж.Эрдэнэбулганы бүрэн эрхийн хугацаа |2032.06.26|-ны өдөр, УДШ-ийн Ерөнхий шүүгч Ц.Цогтынх |2032.06.03|-ны өдөр дуусна.

Зургаан жилийн хугацаатайгаар томилогддог хуулийн томчуудаас ганц нь буюу ТЕГ-ын дарга П.Одонбаатар бүрэн эрхийн хугацаа нь дууссан ч |2026.09.02| үүрэгт ажлаа гүйцэтгэсээр хоёр сарын хугацаа өнгөрчээ. Түүнтэй хамт томилогдсон дэд дарга С.Хүдэрчулуун, тэргүүн дэд дарга А.Бат-Эрдэнэ нарын хугацаа ч мөн дуусгавар болсон ч ажил үүргээ гүйцэтгэсээр буй. Тэдний хугацааг сунгах эсхүл сэлгэн томилох эрх Ерөнхий сайд Н.Учралд байна.

ТЕГ-ын дарга П.Одонбаатар | 1974 онд Дундговь аймгийн Мандалговь хотод төрсөн.

Боловсрол:

  • 1992-1996 онд Цагдаагийн дээд сургууль;
  • Хуульч мэргэжилтэй.

Ажилласан байдал:

  • 1996-1999 онд Дундговь аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст мөрдөн байцаагч;
  • 1999-2001 онд Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст мөрдөн байцаагч;
  • 2001-2015 онд Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтэст ахлах мөрдөн байцаагч, тасгийн дарга, хэлтсийн орлогч дарга, хэлтсийн дарга;
  • 2018-2019 онд Тагнуулын ерөнхий газарт албаны дарга;
  • 2019 оноос Тагнуулын ерөнхий газрын Орон нутгийн газрын дарга;
  • 2020 оноос ТЕГ-ын дарга

Тэргүүн дэд дарга А.Бат-Эрдэнэ: 1971 онд Баянхонгор аймгийн Бөмбөгөр суманд төрсөн. Хуульч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад 27 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой.

1993-1998 онд УМБГ-т мөрдөн байцаагч, 1998-2005 оноос Тагнуулын ерөнхий газарт ажиллаж байна. Тэрээр мөрдөн байцаагч, ахлах мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах хэлтсийн дарга, Замын-Үүд дэхТагнуулын газрын даргаар ажилласан байжээ.

ТЕГ-ын дэд дарга С.Хүдэрчулуун: 1979 онд Улаанбаатар хотод төрсөн. Хуульч эрх зүйч мэргэжилтэй. Цэргийн байгууллагад нийт 17 жил ажилласан, цэргийн хурандаа цолтой.  Тагнуулын ерөнхий газарт 2003 оноос одоог хүртэл ажилтан, ахлах ажилтан, тасгийн дарга, хэлтсийн дарга, газрын орлогч, газрын даргаар ажиллаж байжээ.

Хуулийн зохицуулалт (Тагнуулын байгууллагын тухай хуулийн 14 дүгээр зүйл)

  • Хэн томилох вэ: 14.1-д "Тагнуулын ерөнхий газрын даргаар төрийн албанд 15-аас доошгүй жил ажилласан, сүүлийн 5 жил төрийн албанд тасралтгүй ажиллаж байгаа Монгол Улсын иргэнийг Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй зөвшилцөн санал болгосноор Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилж, чөлөөлнө" гэж заасан.
  • Чөлөөлөх үндэслэл (14.3): Гурван тохиолдол байна. Нэгт, дарга өөрөө хүсэлт гаргах. Хоёрт, эрүүл мэндийн байдлын улмаас ажлаа гүйцэтгэх боломжгүй болох. Гуравт, бүрэн эрхийн хугацаа дуусах.
  • Огцруулах (14.4): Даргыг гэмт хэрэгт буруутгасан шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болбол тэр өдрөөс эхлэн огцруулсанд тооцно.
  • Хориглосон зүйл (14.5): "Хуульд зааснаас бусад үндэслэлээр" даргыг чөлөөлөх, бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх, огцруулахыг хориглоно. Тодруулбал, Засгийн газар солигдсон гэдэг нь даргыг чөлөөлөх үндэслэл болохгүй.
  • Дэд дарга (15.2): Төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан иргэнийг даргын саналаар Засгийн газар 6 жилийн хугацаагаар томилно.

О.ОНОН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Хулгайч Хүрэлсүх хүн тавих уу бас...

Холбоотой мэдээ

Back to top button