Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгэ, Төв аймгийн нутгаар цас орно
12-13-нд шилжих шөнө Завханы нутаг, Увсын өмнөд болон зүүн, Хөвсгөлийн өмнөд, 13-ны өдөр Архангай, Булган, Орхон аймгийн нутаг, Хөвсгөл, Сэлэнгийн өмнөд, Төв аймгийн хойд хэсэг, Улаанбаатар хот орчмоор, 13-14-нд шилжих шөнө Хэнтийн хойд хэсгээр их цас орно.
13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтэрч, зам, даваа, гүвээнд үзэгдэх орчин хязгаарлагдаж, халтиргаа гулгаа, мөстөлт үүсэхийг анхааруулж байна.
Хур тунадас: Ихэнх нутгаар үүлшинэ. 12-13-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Завхан, Хөвсгөл, Архангайн ихэнх, Ховд, Говь-Алтай, Баянхонгор, Өвөрхангайн хойд, Булганы баруун сумдын нутгаар, 13-ны өдөр Ховд, Увс, Завханы зарим, Хөвсгөл, Архангай, Булган, Сэлэнгэ, Төв аймгийн ихэнх, Өвөрхангайн хойд, Хэнтийн баруун сумдын нутгаар 0.2-9.0 мм нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Нутгийн хойд хагаст баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Дархадын хотгор, Ерөө, Онон, Улз голын хөндийгөөр -8...-13 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар -5...-10 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...-2 градус, бусад нутгаар -1...-6 градус хүйтэн,
Өдөртөө Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан, Идэр, Тэс, Заг-Байдраг голын эх, Эг, Үүр, Орхон голын хөндийгөөр -3...-8 градус, Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутгаар -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дарьгангийн тал нутгаар +7...+12 градус, бусад нутгаар 0…+5 градус дулаан байна.
Улаанбаатар орчмоор үүлэрхэг. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө их цас орно. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -6...-8 градус, бусад хэсгээр -2...-4 градус хүйтэн, өдөртөө 0...+2 градус дулаан байна.
Б.САНАА













АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.