НИЙГЭМНийгэм мэдээ

Прокурор 391 хэрэгт яллах дүгнэлт үйлдсэний дотор авлигын 17 хэрэг байна

Прокурорын байгууллага арваннэгдүгээр сарын 9-13-ны өдрүүдэд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын нийт 43,229 эрүүгийн хэрэгт хяналт тавьжээ. Энэ хугацаанд гэмт хэргийн шинжтэй 1,553 гомдол, мэдээлэл бүртгэгдэж, хэрэг бүртгэлтийн 793 хэрэг шинээр нээсэн байна.

Мөн прокуророос 391 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргүүдийг шүүхэд шилжүүлжээ. Яллах дүгнэлт үйлдсэн хэргүүдийн дийлэнх нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байсан бөгөөд энэ төрлийн 163 хэрэг бүртгэгдсэн байна. Харин өмчлөх эрхийн эсрэг 86, хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг 74, авлигын эсрэг 17, хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг 16 хэрэгт яллах дүгнэлт үйлджээ.

Түүнчлэн хүрээлэн байгаа орчны эсрэг болон хүний амьд явах эрхийн эсрэг тус бүр 10, олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг зургаа, эдийн засгийн тав, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гурав, эрүүл мэндийн эсрэг нэг хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн байна.

Эмнэлгийн орны төлбөрөөс 3.1 сая төгрөг авсан хэргийг шүүхэд шилжүүлжээ

Тухайлбал, Улсын төв эмнэлгийн Зүрхний төвийн даргаар ажиллаж байсан Л.А нь тус төвөөр үйлчлүүлсэн долоон иргэний орны төлбөрийг авахдаа ахлах сувилагчийн дансаар дамжуулан нийт 3.1 сая төгрөгийг шилжүүлэн авч, өөртөө эдийн засгийн давуу байдал бий болгосон хэрэгт холбогджээ. Прокуророос түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэгт хамааруулан яллах дүгнэлт үйлдсэн байна.

Улмаар хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд шилжүүлжээ. Энэ талаар Улсын Ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Б.Гэгээ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button